Нийт байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг үүрэг болголоо
2022.03.29

Нийт байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.03.29/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Хурлын үеэр нийт удирдлагуудад мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах, Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.

-Энэ онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх

-Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг тавьж ажиллах

-15, 16 дугаар хорооны газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэн, зураг төслийг яаралтай бэлэн болгож, тавдугаар сар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг үүрэг болголоо.