Нийтийн эзэмшлийн 9.5 га талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ
Сонгинохайрхан дүүргийн 12,13,14,15,16 дугаар хорооны нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлэг, контейнерыг чөлөөлөх ажил өнөөдөр /2022.03.15/ эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн хувьд 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайг ногоон байгууламж болгосон билээ.
Энэхүү ажлыг үргэлжлүүлэн эхний ээлжинд 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, контейнерыг чөлөөлөхөөр ажиллаж эхэллээ. Тус ажлын хүрээнд тус хоёр хорооны 2.4 га талбай чөлөөлөгдөж, тохижилтын ажил үргэлжилнэ. Энэ удаагийн газар чөлөөлөлтийг объект эзэмшигч иргэд ихээхэн дэмжиж байгаа бөгөөд газар чөлөөлөлт, тохижилт гүйцэтгэх ажлын хэсгийнхэн эзэмшигчидтэй уулзалт зохион байгуулан, тэдний санал хүсэлтийг хэд, хэдэн хэлбэрээр хүлээн авсан юм.
Иргэдийн санал хүсэлтийг үндэслэн газар чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулан бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулж эхэлсэн. Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухайн гараашийг эзэмшигчид болон тухайн хэсэгт оршин суудаг иргэдээс цаасан хэлбэрээр бүтээн байгуулалтын талаарх санал, хүсэлтийг хүлээн авч ажилласан. Тэрхүү санал, асуулгад оролцсон иргэдийн 60 хувь авто зогсоол, 30 хувь нь ногоон байгууламж, 10 хувь нь чийрэгжүүлэх талбай байгуулах зэрэгт саналаа өгсөн байна.
Энэ жил Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан. Тус газрыг чөлөөлснөөр 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.