“Ногоон улс төр”-ийн дэмжлэгээр эх орныхоо экологийг аварна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат нар Их хуралд “Ногоон бүлэг” байгуулаад буй. Тэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Дэлхийн цаг агаар өдрөөс өдөрт өөрчлөгдөж, дулаарлын уршгаар байгаль, экологид ноцтой хохирол учирч болохуйц хэмжээнд хүрээд байгаа энэ цагт монголчууд ч гэсэн нутаг орноо цөлжилтөөс аврахын төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө, энх тунх амьдрахын төлөө санаачлагатай, идэвхтэй байх хэрэгтэй байна. Иймийн тулд Оюутолгой зэрэг ашигт малтмалын орд газруудаас орж ирэх орлогын 15 хувийг нь цөлжилтийн эсрэг арга хэмжээнд зарцуулах нь зүйд нийцнэ гэсэн бодолтой байна. Үүнийг сэтгүүлчид дэмжээрэй хэмээн хоёр гишүүн ярив.
Түүнчлэн Д.Энхбат гишүүн дэлхий дахины дулаарлаас үүдэн ямархуу хор хохирлууд хаалга тогшиход бэлэн болоод байгаа талаар танин мэдэхүйн чиглэлтэй мэдээлэл хийгээд амжсан юм. Хамгийн нам дор газар оршдог Мальдив улс өнөөдөр үер усны аюулаас бодитой сэрэмжилж чадаж байна, тэгвэл хамгийн өндөрт байрлалтай Монгол улс өнөө цагт хуурайшилт, цөлийн аюулаас хэрхэн сэрэмжилж чадаж байгаа билээ.
Бидний хэдэн УИХ-ын гишүүд “ногоон улс төр”-ийн дэмжлэгээр эх орныхоо экологийг аврахын тулд одооноос дуу хоолойгоо нийтэд эрчтэй хүргэх болно. Улс орон оршин тогтнох, эс тогтнох асуудал ч энд хамаатай болоод байна. Цэвэр усны нөөц ойрын жилүүдэд хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ бүхэнд сэтгүүлч та нөхдийг бидэнтэй хамт байж, дэмжээсэй гэж хүсэх байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр дээрх хоёр гишүүн ярилаа.