Есөнзүйл сумын 90 жилээр Монгол улсын гавьяат багш төрлөө
2022.07.18

Есөнзүйл сумын 90 жилээр Монгол улсын гавьяат багш төрлөө

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг Есөнзүйл сумын ард түмэн 90 жилийн ойгоо Үндэсний их баяр наадамтайгаа хамтатган өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Улсын их хуралд Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийнхээ өмнөөс 90 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн Есөнзүйлийн түмэн олонд баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн юм.

Есөнзүйл сумыг 1932 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар тогтоолоор Цэцэрлэг мандлын аймгийн Арвайхээр уулын хошуунаас тасалж Есөнзүйлийн гол Тахилганы дэнжид анх байгуулсан. 1950-иад оны дунд үеэс одоогийн байгаа Зүүн хайрхан уулын ар Мөнхбулагт төвхнөсөн түүхтэй.

Зүүн хайрхан уулаа түшсэн Есөнзүйл сумынхан эцэг өвгөдийн мэргэн ухаан, эх түүх, өв соёлоороо бахархан, үр хойчдоо үлдээн уламжлуулах их үйлсийг эртнээс хийж ирсэн бөгөөд эртний домогт Хүүхэн хутагт Буурлын хөшөө, Бугат дэл, Нарантолгойн хадны сүг зураг, Жонон вангийн хэрэмний туурь, нэн эртний түүхийн дурсгалт чулуун хөшөөнүүд, Хүннү, Түрэг, Уйгурын үеийн хирэгсүүрүүд, Сэнгэ цохио, Далай гүний хүрээний туурь, Халхын Жонон ван Дэмчигийн хурдан морио манжуудаас нууж уях гэж байгуулсан домог бүхий хэрэмний туурь, Өвгөн суварга, Мандаа толгой, Цагаан толгой зэрэг түүх соёлын дурсгалт газруудаа хамгаалж хадгалахад анхаарч байдаг.

Монгол Улсын 330 сумаас ганцхан Есөнзүйлд байдаг “Бурхан бумбын орон” уран зургийн галерей өвөрхангайчуудын нэгэн бахархал билээ.

Ойн түүхт баяраар сумын ахмад багш Долгорын Бэхбат Монгол Улсын гавьяат багш болсон юм. Түүний шагналыг 90 жилийн ойн баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг гардуулан өглөө.

Мөн тус сумаас Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ц.Мягмарсүрэн, Д.Ням, Ч.Ганхүү нарыг, “Алтан гадас” одонгоор Д.Пүрэв, Г.Даариймаа, С.Сүрэн, О.Осоржин, Т.Норжмаа, Г.Дашдорж, П.Пүрэвдаш, М.Цэрэндулам, О.Цэнд, М.Тогооч, Н.Төмөртогоо нар энгэрээ мялаалаа.