“Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбар хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гаргав
2022.10.20

“Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбар хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гаргав

“Төсөв 2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд болж буй “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбар хэлэлцүүлэг өнөөдөр (2020.10.19) Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд боллоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин даргалав.

Тэрбээр, уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд гээд нийт 90 гаруй хүн цахимаар болон танхимаар оролцож байгааг тодотгохын зэрэгцээ 2022 оны 10 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлэгт 15,293 иргэн 798 санал ирүүлснээс “Халамжаас хөдөлмөр” сэдвийн хүрээнд нийт 75 санал ирүүлснийг тодотгож байлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ ядуурал, нийгмийн халамж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, тус салбарын 2023 оны төсвийн санал, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, шийдлийн талаар танилцуулсан. Тухайлбал, ядуурлын түвшин 2010-2014 онд 38.8-21.6 хувь болж тогтвортой буурч байсан боловч 2014-2016 онд 8.0 пунктээр огцом өссөн. Харин 2016 оноос ядуурлын түвшний энэхүү өндөр өсөлт зогсож, бага багаар буурч байгааг тодотгоод "Ковид-19" цар тахал 2020 он гарснаар ядуурал буурах явцыг удаашруулсан байна. Хэрэв цар тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувьд хүрэх байсныг тогтоосон гэв.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрт 59,7 тэрбум төгрөг баталснаас 31.9 тэрбум төгрөгийг зарцуулж, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар уг хөтөлбөрт 43,6 мянган иргэнийг хамруулж, хэрэгжилт нь 53,4 хувийн үзүүлэлттэй гарчээ. Нийт 23,5 мянган ажлын байрыг шинээр бий болгосноос байнгын 4.8 хувь, түр 14.5 хувь, цагийн 4.2 мянган ажлын байрыг бий болгосон гэж танилцуулгад дурдсан байлаа.

Түүнчлэн 2023 оны төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 90.4 тэрбум төгрөгийн төсвийн санал өгснийг дурдаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөтөлбөрийг цаашид тухайн орон нутгийн онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бэлэн байдлын үнэлгээ хийх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон бага хүүтэй зээл олгохын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн e-job платформ нэвтрүүлнэ гэж байлаа.

Мөн залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг үргэлжлүүлэх, албан бус салбарт ажил эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, ур чадвар олгох, албан салбарт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчийг 1 жилээс дээш хугацаагаар ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид цалингийн зардлын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна гэдгийг танилцуулгад дурджээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах ур чадвартай ажилтныг богино хугацаанд бэлтгэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой удирдах, салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

Дараа нь Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Халамжаас хөдөлмөрт" сэдвийн хүрээнд болон Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгөх саналуудаа танилцуулсан.

Тэрбээр, хувийн хэвшлийнхний зүгээс төсвөө шинэчлэх, орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх, үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, төсвийн хяналтыг сайжруулах зэрэг шинэчлэлийн таван зорилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Гэхдээ төсвийн төслөөс орлоготой иргэнийг яаж нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжихэд чиглэсэн бодлогын бодит тооцоолол бүрхэг байгааг тодотгоод ирэх оны төсвийг батлахдаа бодлогоо тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг хадгалах, сэргээх зорилтыг төсөв, хөрөнгө оруулалт, татвар, мөнгөний бодлоготой уялдуулах шаардлагатай гэв.

Мөн төсвийн зорилтыг хэрэгжүүлэх нь Засгийн газар, УИХ-ын асуудал биш иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллга зэрэг бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулсан компаниудад учирсан хүндрэлийг шийдвэрлэх асуудлыг төсвийн төсөлд суулгаагүй байгаад анхаарлаа хандуулахыг тодотгоод халамжаас хөдөлмөрт шилжих үйл ажиллагааг цогц авч үзэх, ингэхдээ, халамжтай холбоотой асуудлыг багцлан нэгтгэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбар хэлэлцүүлэг Улсын Их Хурлын гишүүд болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийн санал, асуулт, хариултаар үргэлжилсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд төсөвт туссан хөрөнгө санхүүгийн төсөлд санал, дүгнэлт боловсруулах ажлын дэд хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд салбар хэлэлцүүлэгт хөндөж буй иргэдийн саналыг тусгахад идэвхийлэн ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр, цаашид халамжаас хөдөлмөрт шилжихдээ аль нь жинхэнэ халамж, аль нь иргэн, гэр бүл, хүн амаа нэмэгдүүлэхэд дэмжихэд чиглэсэн бодлого вэ гэдгээ зааглаад, тус тусад нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Мөн халамжийг зорилтод бүлэгт шилжүүлэхийг дэмжиж байгаа ч халамжийн мөнгийг нь амьжиргааны түвшинд хүргэн нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, БНСУ-д олон мянган залуус ажиллахаар явж, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орж байна гэж ярьж байна. Энэ асуудлыг нөгөө талаас нь авч үзвэл хөдөлмөрийг зөв, шударгаар үнэлэх шаардлагатай байгааг харуулж байна. Иймд хөдөлмөрийн үнэлэмж, үнэлгээг нэмэгдүүлэх, бичил бизнес эрхлэгчдийг бага хүүтэй зээлд хамруулах зэрэг төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн.

Харин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн П.Наранбаатар, сарын нэг сая төгрөгийн цалинтай иргэдээс Нийгмийн даатгалын шимтгэл авахгүй гэх зэргээр нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж, иргэдийн гар дээр очих бодит орлогыг нэмэгдүүлэх саналтай байна гэв. Энэ нь ажил олгогчдод учруулдаг дарамтыг бууруулах, иргэдийн амьжиргааг бодитой дэмжсэн үр дүнтэй алхам болно гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагыг төлөөлж Ц.Оюунбаатар хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг 2023 онд нэмэгдүүлэх шаардлагатай гэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах төсөлд хөрөнгө төсөвлөөгүйд онцгойлон анхаарах шаардлагатай гэж байлаа.

Хуралдааны төгсгөлд салбар хэлэлцүүлгийг даргалагч П.Анужин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо “Халамжаас хөдөлмөрт” салбар хэлэлцүүлгээс гаргасан санал, зөвлөмжийг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, халамжийг зорилтот бүлэг рүү нь чиглүүлж, иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжих талаар ирсэн нийт саналуудаа нэгтгэн дурдвал:

1.Төрөөс хэрэгжүүлж буй халамжийн бодлого, хүн амын хөгжил, өсөлтийг дэмжсэн бодлогыг Нийгмийн халамжийн тухай, Хүн амын өсөлтийг дэмжих тухай хуулиар ялгаж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлогыг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөж, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан, хүрсэн түвшин, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлж, үр дүнг тогтмол үнэлэх;

3.Салбар хоорондын уялдааг хангах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгон цахим технологийн дэвшилд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлд эрэлт үүсгэж байгаа мэргэжилд нийцүүлэн мэргэжилтнийг бэлтгэх, ажил олгогч, ажил хайгчийн эрэлтийг нийцүүлэх;

4.Өрхийн орлогыг тооцох аргачлалыг боловсронгуй болгож, өрхийн орлогыг алдаагүй, оновчтой тодорхойлж, тус судалгаанд үндэслэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай бүлэгт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг чиглүүлэх бодлогыг баримтлах. Энэ хүрээнд өрхийн орлогыг тооцохдоо төрийн байгууллагуудад байгаа захиргааны мэдээллийг зохистой хэрэглэх;

5.Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай” 122 дугаар конвенцийн дагуу хөгжлийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн баримжаатай болгох, ажилгүй иргэдийг бүртгэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр ба аж ахуй эрхлэлтийн арга хэмжээнд хамруулах, ажилгүйдлийн тэтгэмж олгох, ажилд зуучлах зэрэг төрийн үйлчилгээнд жилд зарцуулах хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 0,6 хувьд хүргэх;

6.ОУХБ-ын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенци болон “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцид үндэсний хууль тогтоомжоо нийцүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд кейс менежмент, үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх;

7.Хөдөлмөрийн үнэлэмжийг мэргэжилд нь уялдуулан нэмэгдүүлэх, залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд үе шаттай бэлтгэх, Боловсролоос-Хөдөлмөр эрхлэлтэд шилжихэд шаардлагатай ур чадвар, туршлага олоход нь туслах замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлт, оюутнуудын цагийн ажлыг бодлогоор дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэхтэй зэрэгцүүлсэн, нийтийн тээврээр үйлчлүүлэх хөнгөлөлтийг хасах;

8.Гурав хүртлэх насны хүүхдээ гэртээ харж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хүүхэд харах үйлчилгээ, яслийн тоог нэмэгдүүлэх;

9.Малчин эмэгтэйчүүдийг орлогожуулах хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг барих, үйл ажиллагааг нь дэмжих;

10.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.2 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг агуулга бүхий саналуудыг тусгасныг тодотгов.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Сүүлийн гурван жилд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, аж ахуйн нэгжүүд ажиллах боломжгүй үед иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлсөн ядуурлыг 37 хувь болж нэмэгдэхээр байсныг 28 хувь болгон бууруулж, өнгөрсөн хугацаанд төрөөс авч хэрэгжүүлсэн халамжийн бодлого үр нөлөөгөө өгснийг онцолсон.

Бид халамжийн явцуурсан бус нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Энэ нь ядууралд өртөж болзошгүй иргэнийг халамжлах байдлаар аргацаах бус Монгол хүн ядуурах, эрүүл мэнд, эдийн засаг, аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрсдэлд бага өртдөг нөхцөлийг бүрдүүлэх нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлэх өргөн агуулгаар харж цаашид улсын бодлого, төсвийн төлөвлөлт нь тэр хүрээнд боловсруулагдаж, хэлэлцүүлэгдэх нь зүйтэй гэж байлаа.

“Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбарын хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Төсөв 2023 “нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулахаар болов

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn