Үндсэн хуулийн эх сурвалж 12 ботийг гардуулан өглөө
“Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, ажлын албаны дарга Д.Амгаланбаатар Сариг багийн уулзалтад хүрэлцэн ирлээ.
Энэ үеэр 1992 оны шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат Сандуйн Ганболдод 21 жилийн өмнөх Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцын протоколыг тэр үеийнхээр нь эмхэтгэсэн “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 ботийг, Ерөнхий сайдын гарын бэлгийн хамт гардуулан өгч, эрхэм депутатад хүндэтгэл үзүүлэв.
Энэ “Депутатуудын яриа”-г нийтэд толилуулах ажлын санаачлагч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр 2016 онд УИХ-ын гишүүн болчихоод, 2017 онд анх 1992 оны Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн протоколыг архиваас авч судалсан байгаа юм. Тэгэхэд архивч “...Үндсэн хуулийн протоколтой танилцаж байгаа анхны гишүүн та боллоо” гэсэн гэдэг.
Түүнээс хойш нарийн мэргэжлийн хуульчидтай хамтран хэдэн жил судалж суусны эцэст нийтийн хүртээл болгосон байна.
“Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 ботийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Үндсэн хууль бол улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууламж, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлж хамгаалсан хууль зүйн дээд хүчин чадал бүхий баримт бичиг, эх орны эрх зүйн тогтолцооны язгуур үндэс нь тул түүнийг хэлэлцэн баталсан бүрэн тэмдэглэл буюу эх сурвалжийг албаны болон нийтийн хэрэгцээнд зориулан хэвлэсэн байна.
Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг БНМАУ-ын АИХ-ын депутатууд 76 хоног хуралдаж байж 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталж байжээ. Түүхийн эх сурвалжид энэ үйл явцыг “...1991 оны дундуур НҮБ-ын шинжээчийн баг ирж Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан байдаг. Үүнээс гадна АИХ-ын дэргэд парламентын бүлгэм бий болгож, 430 депутат хамрагддаг байжээ. Тэгээд ГХЯ-тай хамтран дэлхийн 10 гаруй орны төлөөлөл оролцуулан Үндсэн хуулийн төслөөр санал бодлоо солилцож байв.