Хэнтий аймагт 2024 онд дулааны станц ашиглалтад орно
2023.05.15

Хэнтий аймагт 2024 онд дулааны станц ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах Дулааны станцын өнгөрсөн оноос Хэнтий аймагт баригдаж эхэлсэн.

Энэхүү ажилтай Олимп, нийтийн биеийн тамир спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар танилцлаа. Дулааны станцын барилга угсралтын суурийн ажил хөрсний ус гарсны улмаас хугацаа алдсан. Алдсан хугацааг нөхөж ажиллах боломжтой гэж гүйцэтгэгч талаас мэдээлсэн бөгөөд барилга угсралтын суурийн ажил үргэлжилж байна.

Дулааны станц 30 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд 10916 метр урт дулааны шугамаар 16 дулаан дамжуулах төвийг хангах юм байна.  Тус ажлыг БНСУ-ын “Бюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Хасу мегаватт” ХХК ажиллаж буй.

Дулааны станцыг ажлыг 26 сарын хугацаанд гүйцэтгэж ирэх 2024 оны халаалтын улиралд хүлээлгэж өгөх юм. Ингэснээр Чингис хотын нүүрсний хэрэглээ 40-50% хүртэл, үнсний гаралт 25% хүртэл буурч, 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болно.