Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад шимтгэл, хураамж авахыг хуулиар хориглов
Улсын Их Хурлын намрын чуулганаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийн агуулгаар “IURIS ADVOCATUS” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Н.Нямжаргалтай ярилцлаа.
-Энэхүү хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, зарим зохицуулалтыг тусгасан. Мэргэжлийн хүний зүгээс батлагдсан хуулийг хэрхэн дүгнэж байна вэ?
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Энэхүү хуулиар, бичил санхүүгийн үйлчилгээ эрхлэгч ломбард, хувь хүмүүсээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн төрөл болон тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхойлж, нэгдсэн бүртгэлд хамруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн үйл ажиллагаанд ашиглах мөнгөн хөрөнгийн доод хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоож өгсөн зэрэг шинэлэг зохицуулалтуудыг бий болгосон.
Уг хууль нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд буюу бидний нэрлэж заншсанаар ломбардуудад хамааралтайгаас гадна нэмэлтээр байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын иргэний эрх зүйн байдлыг анх удаа тодорхойлж, тус хуулийн үйлчлэлд хамруулсан. Байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэд аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлснээр тухайн үйл ажиллагааг эрхлэх боломжтой болно. Харин бүртгүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зээлийн хүү шаардах эрхээ алдахаас гадна хуульд заасан хариуцлага хүлээнэ.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд буюу ломбардуудын хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлийн Засаг даргад эсхүл, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус бүртгүүлнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100 сая, түүнээс дээш, нийслэлд 300 сая, түүнээс дээш бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх юм. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн ломбардуудын хувьд тус хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харъяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр зохицуулсан.
Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал болон батлагдан гарсан хуулийн агуулга, зохицуулалтаас харахад мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийг зөвхөн бүртгэлжүүлэх тухай харилцааг зохицуулаагүй нь илэрхий байгаа юм. Өөрөөр хэлбэл мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, тэдгээрт тавигдах шаардлага болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд тавих хяналт, хязгаарлалттай холбоотой тус хуулийн зохицуулалтууд нь “тусгай зөвшөөрөл”-ийн шинжтэй харилцааг зохицуулсан байгааг хэлэх нь зүйтэй.
Тодруулбал хуульд тусгай зөвшөөрөл гэсэн нэр томьёог ашиглаагүй ч хуульд заасан шаардлага хангасан этгээд бүртгэлийн үндсэн дээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр хуульчилсан нь агуулгын хувьд бүртгэл гэсэн нэрийн дор тусгай зөвшөөрөл олгож байгаагаас ялгагдахгүй байна.
Бүртгэлийн мөн чанар нь ямар нэгэн болзол, шаардлага тавихгүйгээр хийдэг үйл ажиллагаа байдаг. Харин тусгай зөвшөөрөл гэдэг бол нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй аливаа үйл ажиллагаанд тодорхой болзол, шаардлагыг тавьж, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр тухайн үйл ажиллагааг эрхлэх боломжтой болдгоороо бүртгэлээс ялгаатай. Тус хуулийн гол зорилтуудын нэг бол мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал гэж заасан.
Анхнаасаа мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх гэдэг агуулгаар хуулийн төслөө боловсруулаад явах ёстой байсан юм болов уу. Одоо батлагдсан хуулийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх, бүртгэлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх, гэрчилгээг хураахтай холбоотой харилцаа хэтэрхий бүдэг байна. Тиймээс цаашид энэ хуулийг улам боловсронгуй болгох ажлууд хийгдэх нь гарцаагүй байх гэж харж байна.
-Бүртгэл хяналттай болсноор энэ төрлийн үйл ажиллагаанд тулгардаг асуудлуудыг бүрэн шийдэх үү? Тухайлбал барьцаа авдаг. Хугацаа алдахад алданги, хүү тооцдог гэх мэт...
Тус хуулиар зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглохоор хуульчилсан нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан заалт болсон.
Учир нь дээр дурдсан хураамж, шимтгэлийг зээл олгохдоо хасаж олгох практик үүсээд байгаа бөгөөд иргэд хүссэн зээлээ бүтэн авч чадахгүй байх, аваагүй зээлийнхээ хүүг төлөх зэргээр хохирдог явдлыг засахад энэхүү заалт чухал ач холбогдолтой.
Шинэ хуулийн бас нэг онцлог зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа давхар эрхлэхийг хориглосноос гадна өмнө дурдсанчлан байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэдийг бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр тухайн үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон явдал юм.
IURIS ADVOCATUS” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Н.Нямжаргал
Өмнө нь ломбардуудын бүртгэл, хяналтын асуудлыг орон нутгийн байгууллага буюу харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хариуцан тохирлын гэрчилгээ олгох байдлаар зохицуулж байсан бол шинээр батлагдсан хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороо гэсэн хоёр субъект мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэлийг хариуцахаар хуульчилсан.
Бүртгэлтэй холбоотой шинээр үүсэж буй гол харилцааны нэг бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх зээлийн болон барьцаа батлан даалтын гэрээний загварыг “Санхүүгийн зохицуулах хороо” батлахаар хуульчилсан явдал юм. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хэрэглэгчидтэй байгуулсан зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээний гол нөхцөлүүдийг болон барьцааны зүйл тус бүрийг цахим санд бүртгэж байхаар хуульд тусгаад байна.
Энэ нь тэдгээр гэрээнд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэх, барьцааны зүйл нь хууль ёсны эд хөрөнгө мөн эсэхэд хяналт тавих боломжтой болж байна гэсэн үг. Энэ мэтчилэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд нэлээдгүй шаардлагуудыг хуулиар тавьж өгсөн.
Гэхдээ зээлийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага нэмэгдэх тусам тэдгээрээр үйлчлүүлж буй хэрэглэгч иргэдэд тавигдах шаардлага дагаад нэмэгдэх учраас иргэдийн өдөр тутмын санхүүгийн тулгарсан хэрэгцээ шаардлагыг түргэн шуурхай хангах гол эх үүсвэрүүдийн нэгийг хаах эрсдэлээс болгоомжилж, уян хатан бодлого хэрэгжүүлэх нь төрийн чиг үүрэг юм.
-Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглоно гэсэн. Энэ нь практикт бүрэн хэрэгжиж чадах уу?
Хуульд зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцох, зээлийн хүүг урьдчилан авахыг хориглох зохицуулалтуудыг тусгаж өгснөөр өмнө нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт заасан байсан “зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө өгч болно” гэсэн заалт хүчингүй болсон.
Тиймээс ломбардууд иргэдээр зээлийн хүүг гэрээний хугацаагаар тооцож бүхэлд нь төлүүлэх, зээлийг хугацаанаас нь өмнө төлөх буюу хаах тохиолдолд зээлийн хүүг гэрээний хугацаагаар бүтнээр бодож, ашиглаагүй хугацааны хүүг төлүүлдэг зэрэг хуучин зохицуулалтаас үүдэлтэй практикийг өөрчлөх шаардлага зайлшгүй үүсэж байгаа учир энэ талын мэдээллийг иргэдэд сайтар сурталчлан таниулах шаардлагатай.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс олгож буй зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болохоор мөн хуульчилсан. Ингэхдээ зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах бүрэн эрхийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх журмаар хуулийн этгээдээс олгох зээл болон байнга, ашиг олох зорилгоор иргэнээс олгож буй зээлийн хүүгийн дээд хэмжээ ялгаатай байж болно гэсэн үг.
-Хуулийг бүрэн хэрэгжүүлж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг хяналттай болгосноор ямар үр дүн гарах вэ?
Хуулийг бүрэн хэрэгжүүлэх нь тухайн харилцаанд хамааралтай бүхий л талуудын үүрэг оролцооноос шууд хамааралтай. Түүнчлэн хуулийн дагалдах журмууд чухал ач холбогдолтой бөгөөд хуульд заасан журмууд эхнээсээ батлагдаж захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд хэрэгжиж эхэлсэн.
Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооноос 3 дугаар сарын 13-ны өдөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой нийт таван журмыг баталж, 3 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлсэн. Үүнд “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” зэрэг багтана.
Үр дүнд хүрэхийн тулд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн санхүү, татварын тайлагналыг тогтмол хянаж, шалгаж байх, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүрт нь засах шаардлагыг тавьж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах нь чухал.
Тус хуульд зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих бөгөөд зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээгээ хагас, бүтэн жилээр гаргаж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж байхаар болсон. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд буюу ломбард холбогдох хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээлгэсэн. Энэ нь өнгөрсөн хугацаанд ломбардууд тохирлын гэрчилгээгээ хуулийн этгээд байгуулж авсан хэрнээ зээлийг хувийн дансаар буюу аль нэг захирал юм уу ажилтнуудынхаа данснаас шилжүүлэх, буцаагаад хувийн дансаар зээл болон хүүгийн төлбөрийг иргэдээс авах байдлаар санхүүгийн үйл ажиллагаа нь тодорхойгүй явж ирсэн.
Үүний цаана татварын орлогоо нуух, татвар төлөхгүй байх гэсэн санаа зорилго байдгийг үгүйсгэх аргагүй. Тийм ч учраас хуульд, зээл олгох, зээлийн эргэн төлөлтийг хүлээн авах дансны дугаараа бүртгүүлж, зөвхөн тэр дансаар үйл ажиллагаа явуулахаар хуульчлаад байгаа юм.
Хэрэв бүртгүүлээгүй дансаар үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх үр дагавар үүснэ. Түүнчлэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаар дамжуулан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн татвар, ноогдох орлогыг тодорхой хэмжээнд хянах, тооцоо судалгаа хийх боломжтой болж байгаа нь энэ хуулийн ач холбогдлыг харуулж байна.
-Банк бусаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж энэ хуульд захирагдах уу?
Энэ хууль нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд (ломбард) болон байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх МУ-ын иргэдэд хамааралтай.
Гэхдээ барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага болон үйл ажиллагаанд ашиглах хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх зохицуулалтыг шинээр баталсантай холбоотойгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх зүйн байдлыг ББСБ-ын эрх зүйн байдлаас ялгах асуудал зайлшгүй тавигдаж байна.