Г.Ганболд: Дарга нараас чиглэл авч нүүрсний сонсголыг хойшлуулаагүй
2023.06.15

Г.Ганболд: Дарга нараас чиглэл авч нүүрсний сонсголыг хойшлуулаагүй

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой нүүрсний сонсголын талаар ярилцлаа. Тэрээр УИХ-аас байгуулсан нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байгаа билээ. УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургадугаар сарын 16-нд байгуулсан юм.

-АТГ-аас танай түр хороонд ямар учиртай бичиг ирүүлсэн юм бэ. Сонсгол хийлгэхгүй гэсэн юм уу?

-УИХ-ын хянан шалгалтын хуульд Түр хорооны хориглох зүйлүүд байдаг. Үүнд тухайн түр хорооны явуулж байгаа үйл ажиллагаа мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалтын нууцыг задруулах тохиолдолд сонсгол хийхийг хориглоно гэсэн заалттай. Үүний дагуу түр хорооны хурлыг хойшлуулж өгөөч ээ гэдэг бичгийг АТГ-аас манай түр хороонд дөрөвдүгээр сарын 3-нд энэ бичгийг ирүүлсэн. Тиймээс сонсголыг хойшлуулсан.

-Тэгвэл танай түр хороо сонсголоо хийх үү. Өчигдөр түр хороо хаалттай хуралдах байсан ч ирц хүрээгүй гэсэн. Ер нь танай түр хороог хуралдуулахгүй байх бодлого бариад байгаа юм биш үү?

-Өчигдөр манай түр хороо хуралдах байсан ч хорооны гишүүдээс нэлээд нь Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт орсон юм байна. Тэгээд хурал давхцаад хорооны хурлыг түр хойшлуулах хүсэлтийг гишүүд тавиад ирц бүрдээгүй хойшлуулсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хуралдааны хуваарийгтавьдаг. Дахин хуралдааны тов зарлуулах хүсэлтээ тавиад явж байна.

-Н.Ганибал гишүүн таныг хурал зарлачихаад зургаан цаг ажлын хэсгийн гишүүдийг хүлээлгэсэн. Намын дарга нараасаа чиглэл авч ирэнгүүтээ сонсголыг хойшлуулсан гэсэн. Та үнэхээр намын дарга нараасаа чиглэл аваад түр хорооны сонсголоо хийхгүй байгаа юм биш үү?

-Үгүй ээ. Н.Ганибал гишүүн тэд таамгаар яриад байгаа юм. Тухайн үед би АТГ руу хүсэлт явуулчихсан байсан юм. Яагаад гэхээр тэр хурал хэн, хэнийг гэрчээр дуудах вэ гэдэг нэрсээ зарлах хурал байсан. Би тухайн үед Н.Удаанжаргал, Б.Ганхуягийг сонсголд оруулах боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлтийг АТГ руу явуулсан байсан. Нэр зарлах гэж байсан учраас АТГ-аас "Энэ бичгийн хариуг өгөөч. Бид нэрсээ зарлах гэсэн" юм гэтэл хариу нь шуудангаар дамжиж ирсээр байтал хугацаа алдсан. Ирсэн бичиг нь сонсголоо хойшлуулж өгөөч гэсэн агуулгатай байсан учраас хойшлуулаад явж байна.

-Таны бичгийн хариуг өгөлгүй, өөр агуулгатай албан бичгийг АТГ-аас ирүүлсэн юм байна?

-Хоёр агуулгатай албан бичгийг АТГ-аас манай түр хороонд ирүүлсэн. Нэгд, гэрчээр дуудах хүмүүс мөрдөн шалгагдаж, цагдан хоригдож байгаа учраас тэр хүмүүсийг сонсголд оруулах боломжгүй. Хоёрт, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой зүйл байгаа учраас сонсголоо хойшлуулж өгөөч ээ гэдэг агуулгатай албан бичиг. Тиймээс л сонсголоо явуулахгүй хойшлуулаад байгаа юм. Түүнээс би Н.Ганибалын хэлсэн шиг дарга нараас чиглэл аваад, боль гэхээр нь хойшуулсан зүйл огт байхгүй.

-Хөгжлийн банкны хэргээр Б.Энхбаяр гишүүн сонсгол хийсэн. Нүүрсний хэргээр яг ийм сонсгол хийх ёстой гэж олон нийт үзээд байгаа. Та түр хорооны даргын хувьд ер нь нүүрсний асуудлаар сонсгол хийх үү?

-Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг хоёр огт өөр хоёр асуудал. Хөгжлийн банкин дээр хоёр тал гэрээ хийсэн, авсан эзэн нь тодорхой. Хөгжлийн банк болон компани хоёр гэрээ хийчихсэн. Тэгэхээр гэрээ хийсэн хоёр тал үүргээ биелүүлсэн үү, зориулалтын дагуу зарцуулсан уу гэдгийг шалгаж байгаа. Маш тодорхой. Харин манайх эзэн биегүй юм хайгаад байгаа юм. Хулгайчийг. Хэн хулгай хийв гэдгийг хайгаад байгаа. Тэгэхээр тэр хулгайг тогтоохын тулд мөрдөн байцаах ажиллагаа явуулна. Манай түр хороо бол мөрдөн байцаах эрхгүй. Харин мөрдөн шалгаж, нотлох баримт цуглуулна. Гэтэл хуулийн байгууллагынхан мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байхад бид урдуур нь орж, нийгэм рүү гаргах нь зохимжгүй. Харин оффтейк гэрээг сонсголоор явуулах боломж байгаа.

-Н.Удаанжаргал, Б.Ганхуяг гэдэг хоёр хүнээс болоод л түр хорооны сонсгол болохгүй байгаа юм уу. Ер нь яг хэдэн хүнийг гэрчээр дуудах вэ. Тэндээс хэд нь хоригдчихоод байгаа юм бэ?

-Манай түр хороо 110 орчим хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд гол байцаагдаж байгаа хүмүүс нь зөвхөн цагдан хоригдохоос гадна хэрэг нь шалгагдаж байгаа учраас хуулийнхаа дагуу сонсголд оролцохгүй байх эрхтэй. "Би шалгагдаж байгаа учраас очихгүй" гэхэд л ирэхгүй байхгүй юу. Тэгэхээр бид сүртэй сонсгол зарлачихдаг, нөгөө хүмүүс нь АТГ-т шалгагдаж байгаа учраас очихгүй гэхэд бид албадан авчрах ямар ч боломжгүй. Сонсголоо зарлачихдаг гэтэл гэрчүүд маань ирэхгүй бол энэ сонсгол утгагүй болно.

-Тэгвэл энэ хаврын чуулганд багтааж танай түр хорооны сонсгол болох уу. Нийгэмд маш их хүлээлт байна шүү дээ?

-Тийм байна. Би ч гэсэн хүлээж байна. Гэхдээ бид хуулийн байгууллагаас ирсэн бичигтэй холбоотойгоор гацаанд орчихоод байна. Хэрвээ үнэхээр зарим хэсэг нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд нөлөөлөх гээд байгаа бол нөлөөлөхгүй хэсгийг нь сонсголоор хийе гэсэн хүсэлттэй байгаа юм. Уг нь өчигдрийн хуралдаанаар бид энийгээ яриад АТГ руу бичиг явуулах гэж байсан. Гэтэл түр хойшилсон.

-Тэгвэл хоригдож байгаа ч юм уу, шалгагдаж байгаа хүмүүсээ гэрчээр дуудахгүй сонсголоо хийчихээр энэ хэргийн гол хүмүүсгүйгээр сонсгол болох юм биш үү?

-Тийм ээ. Ийм учраас л бид гацаанд орчихоод байхад нийгэм шахаад байна. Уг нь гол хүмүүс чинь оролцож байж юмаа яриан биз дээ. Гэтэл тэд шалгагдаж, хоригдож байгаа учраас сонсголд оролцох боломжгүй гээд асуудал үүсээд байгаа юм шүү дээ.