2023.10.05

Ц.Мөнхцэцэг: Сонсгол нь бүх талын оролцоог хангасан, нээлттэй мэдээлэл олгож буй дэвшилтэт процесс

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Нэр бүхий албан тушаалтнуудын томилгооны хувьд, нээлттэй сонсгол хийхийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буй нь харамсалтай. Энэ нь ардчиллын эсрэг, олон түмний мэдэх эрхэд халдсан шийдвэр хэмээн харж байна. Монгол Улсын Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэ заалтын дагуу, өмнө нь далд байсан тодорхой томилгоонууд ямагт хардлага дагуулж, олон нийтийн шүүмжлэлд хүргэж байсныг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиар зассан байдаг.

Төрийн өндөр дээд албан тушаалд хэн томилогдож байгаа, ажлын туршлага нь ямар байна, өмнөх ёс зүйн болон бусад бүх алдаа зөрчлүүдийг нээлттэй сонсох, хэлэлцэх процесс бий.

Тиймээс энэхүү нээлттэй сонсголын процессыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нээлттэй сонсголын үйл явц нь шийдвэр гаргах үйл явц биш шүү дээ.

УИХ-ын зүгээс ард түмэндээ, нээлттэй парламентыг бий болгох, тэдний засаглах эрхийг хангах зарчимдаа үнэнч байж УИХ-аар томилогдож байгаа албан тушаалтнуудын сонсголын процессыг хадгалан үлдэх ёстой.

Сонсгол гэдэг бол бүх талын оролцоог хангасан, нээлттэй мэдээлэл олгож буй дэвшилтэт процесс юм. Бид дэвшилттэй алхмаасаа ухрах ёсгүй.