Торгуулиа жилээс дээш хугацаагаар төлөөгүй бол гадаад паспорт олгохгүй гэх мэт 7 төрлийн хязгаарлалт тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуа, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайд нар мэдээлэл хийлээ.
Хамгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөв.
Тэрээр “Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногтой харьцуулахад амиа хорлох 55, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн байна. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулахаар Засгийн газар дэмжсэн талаар танилцуулъя.
-Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгох. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт оруулсан хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй. Мөн бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн хэргүүдэд хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
-Хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хувааж авч үзлээ. Бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдсэн бол хүнд гэмт хэргийн ангилалд оруулна. 0-14, 14-16, 16-18 гэсэн насны ангиллаар ялын бодлогыг зааглалаа.
Энэ ялын бодлогыг сэтгэл хөөрлөөр юм уу, нэг удаагийн хэргээр шийдээгүй. Сүүлийн 5 жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна. Сүүлийн хоёр жилд 432 хүнийг энэ төрлийн гэм буруутайд тооцож шүүхээс ял өгсөн байна. Эдгээр ялтны 22.7 хувь нь өмнө ял авч байсан. 2021 байдлаар 55.6 хувьд нь 10-15 жил, 52.04 хувьд нь 10-12 жилийн хорих ял оноосон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцохыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол жолоодох эрхийг 1-3 жил хасч, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6-12 сар хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, 6-12 сар хорих ялаар шийтгэх
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно. Ингэснээр хорих ял хоёр хүртэлх жилээр нэмэгдэнэ. Мөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хоёр жилээр нэмэгдэнэ.
-Согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хохирол учруулбал 3-5, хүнд хохирол учруулбал 5-8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна.
Жолооч нар торгуулиа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс торгуулиа хугацаанд нь төлбөл шийтгэлээс 50 хувь хөнгөрүүлнэ. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол таны шийтгэл дээр торгууль нь нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд тухайн жолоочийн торгууль итгэлцүүрээр нэмэгдэж 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ. Ингээд ч торгуулиа төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ.
1. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулах
2. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
3. Үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх эрхийг хязгаарлах
4. Тусгай зөвшөөрөл олгох эрхийг хязгаарлах
5. Тендер шалгаруулалт орохыг хязгаарлах
6. Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөхийг хязгаарлах
7. Гадаад паспорт олгохыг хязгаарлах
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд оруулах өөрчлөлтүүд:
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж дууссан, хугацаанаас өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд хяналт тогтооно.
-Хяналтын хугацаа гэмт хэрэг үйлдээд авсан ялаас нь 50 хувь бага байна. Өөрөөр хэлбэл, 20 жил ялаа эдлээд гараад ирсэн хүн дахин 10 жил цахим хяналтад байна.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн даруйд харилцаа холбооны компаниуд нийтэд үнэ төлбөргүй мэдээлэл түгээх үүрэг хүлээнэ" гэлээ.