Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа
Монгол Улсын Засгийн газрын 71 дүгээр хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
2012.12.17

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа

Барилгын материал үйлдвэрлэлийн хөгжил нь барилгажилтаас хоцорч байгаагаас нийт хэрэгцээний 60 гаруй хувийг импортоор авдаг.  Иймээс импортыг орлуулах нэмүү өртөг шингэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэж байна.  

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилт дэвшүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материалаар дотоодын үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үндэс болсон Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

2010-2011 онд л гэхэд импортын барилгын материал, тоног төхөөрөмжид 500  гаруй сая ам.доллар зарцуулжээ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Улаанбаатар” төслөөр орон сууцны иж бүрэн 17 хороолол, гэр хорооллыг барилгажуулах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин төлөвлөх төслүүд, аймагт бүрт барих 1000 айлын орон сууц, төмөр зам, хатуу хучилттай автозамын төслүүд, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах 100 мянган оршин суугчтай суурин, усан болон дулааны цахилгаан станц зэрэг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын барилга байгууламжийн ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр 2016 он гэхэд Монгол Улс барилгын материалынхаа 70-аас дээш хувийг үндэсний үйлдэрлэлээрээ хангах боломжтой болно гэж Засгийн газар үзэж байна.