Даваадорж.Г 2015.09.09 | Сайт: Vip76.mn

Монголын төрийн эмгэнэлт хошин жүжиг

Монголын төрийн эмгэнэлт хошин жүжиг

Өнөөгийн Монголын улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг харахаар нэг талаар инээд хүрмээр, нөгөө талаар харуусмаар.

Монголын төр төрт ёс гэдэг эрхэм чанараа аль эрт гээж хувийн ашиг хөөсөн бүлэг хүмүүсийн бялуу хуваадаг ширээ болсон. Эхэндээ авлигачид ядаж ард түмнээсээ нууж хааж луйвар хийдэг байсан бол идсэн уусандаа сэтгэл нь ханасангүй, улмаар ичиж зоволгүй хулгай хийж байхын тулд түүнийгээ хуульчлах санаа төржээ. Ийм шалтгаанаар Үндсэн хуулийн дордуулсан долоон заалт бий болсон. Эцэст нь УИХ, Засгийн газар нь хутгалдаж холион бантан болов. Яамны сайд санаачилсан хуулиа өөрөө оруулж ирээд өөрөө хэлэлцэж баталдаг инээдтэй байдал үүсэв. Хууль батлахад өөрөө байхгүй атал саналынх нь товч дарагдаж саналаа өгдөг “амьгүй албатууд” бий болов.

Дөрөвхөн жилийн дотор Засгийн газрыг 3 удаа сэнсрүүлж орхив. Яаманд ажилладаг төрийн албан хаагчид нь маргааш халагдчих вий гэсэн айдсын дор ажиллаж байна. Эхлээд мөнгөндөө сагаж баахан олон яам байгуулснаа гэнэтхэн их өртэй гэдгээ мэдэнгүүтээ буцааж нэгтгэв. Спорт, аялал жуулчлал, соёл гэх зэрэг яам яамаар дамжсан “тэнэмэл, гологдмол” салбарууд бий болов. Яамдуудыг намын тохироогоор наймаалцдаг уламжлал хэдийнэ тогтжээ. Тухайн яам хэр зэрэг том бялуутайгаас хамаарч тэр яамны сайдын төлөөх тэмцлийн эрч тодорхойлогддог. Жишээ нь Эрүүл мэндийн яам шиг байнга өвчин зовлон тоочдог, мөнгө муутай, билэггүй газарт сайд болоод ашиггүй.

Ээлжит халаа, солио хийхдээ давхар дээл өмсөхгүй энэ тэр гэж ам тангараг өгч байсан ч жил болоогүй байхад дахин Засгийн газраа шинэчлэхдээ 6 давхар дээлтнийг нэмэв. Энэ нь өчигдөр бөгсөө арчсан цаасаараа өнөөдөр амаа арчсан арчаагүй үйлдэл шиг харагдана.

Төрийн алба албан тушаал наймаалцдаг газар болов. Одоо цагт цэвэрлэгчийг хүртэл намын томилгоогоор ажилд авдаг гэхэд хилсдэхгүй. Мэддэг, чаддагаараа бус таньдаг, тал засдагаараа төрийн үйлчилгээ авна, ажлаа бүтээнэ. Хүүхэд нь гарах гээд өвдөөд эмнэлэгт очсон эмэгтэй эх баригчдад ямар нэг юм өгөхгүй л бол төрөхийн орон дээр мөд гаргадаггүй жишээ олон.  Бид ийм л цаг үед амьдарч байна. Сонгодог онолд төр, бизнес хоёрыг хутгаж болохгүй гэдэг ч Монголд энэ нь эсрэгээрээ хөгжсөн. Төрийн албанд очсон хүн олны эрх ашгийг бодохоосоо түрүүнд боломж олдсон дээр нь яаж хэдэн төгрөг цохих тухай санааширна. Доороос гарч ирж буй шинэ залуу үе ч гэсэн ийм сэтгэлгээг өвлөн авч байна. 

Өрийн хэмжээ ДНБ-д ойрхон оччихоод байхад улс төрчид сандал ширээгээ булаацалдсаар. 

Авлигачид хэтэрхий олон болж нэгэн тогоонд багтахаа больсноор олон хүн аавын хаалга татах хэрэг гаргав. Баривчилсан, идсэн уусан нь тогтоогдсон, шоронд ороход нэг алхам дутуу байгаа албан тушаалтнуудын талаарх мэдээ өдөр бүр хэвлэлээр гардаг болов. Дараа нь ижилхэн ууж идсэн ч суудалдаа үлдсэн нөхдүүд хамсаатнуудынхаа хэргийг цайруулах хэрэг гарав. Тиймээс Өршөөлийн хууль нэртэй арга бодож олжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоо эрүүгийн 55 хэрэг шалгагдаж, байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж буйгаас 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байгаа аж. Эдгээр 45 хэргийн эзэд улсад 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулжээ. Энэ бол айлын адуунаас морь хулгайлснаас огт өөр хэрэг юм.  Ингэснээр Монголын төр Үндсэн хуулиараа тунхаглаж, дэлхий дахины өмнө зарласан “шударга ёс” гэдгээ уландаа гишгэв.

Энэ мэт үйл явдлууд гайгүй сайн хошин жүжгийн сэдэв болж чадна. Гэхдээ энэ бүхний хор уршгийг мэдэрч гашуун бүхнийг туулж яваа нь ард иргэд, шударгаар татвараа төлөөд явж буй аж ахуй нэгжүүд.

Үндэсний компаниуд өдөр болгон хэдэн арваараа дампуурч байхад саарал ордонд бялуу хуваасаар. Өрийн хэмжээ ДНБ-д ойрхон оччихоод байхад улс төрчид сандал ширээгээ булаацалдсаар. Монгол улс хөгжингүй орны 100 жилд тавьсан өрийг тавхан жилийн дотор тавьжээ. Манай орон зовлонт Грекийн замаар шил даран гүйж явна. Энгийн иргэд хоногийн хоолоо арайхийн залгуулж байхад төрийн ажил увайгүй шуналын намагт шигдсэн хэвээр. Энэ үндэсний эмгэнэл биш гэж үү?