Даваадорж.Г 2015.10.30 | Сайт: Vip76.mn

Эдийн засгийн багц мэдээ

Эдийн засгийн багц мэдээ

Уул уурхайгаас 794.6 тэрбум төгрөгийн орлого оржээ

“Оюу Толгой”-ийн далд уурхайд зээл гаргах банк санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу Толгой” компанийн төлөөлөлтэй уулзсан болохыг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Шийдлийн цаг” уулзалтын үеэр мэдээллээ. Энэ долоо хоногоос зарим банкууд зээлийн асуудлаар дотооддоо хэлэлцэж эхэлсэн бөгөөд санхүүжилтийг 11 дүгээр сарын 30-ны дотор босгохоор төлөвлөөд байгаа ажээ. Санхүүжилт татах хугацаа ойртсонтой холбоотойгоор ирэх сард далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг зохион байгуулна.

 “Оюу Толгой” компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн гэж тус компаниас мэдээллээ. Өөрөөр хэлбэл он гарсаар нийт хагас тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ. Компанийн зарцуулалтад "Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн зэрэг багтжээ.

2015 онд 393 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж Ашигт Малтмалын Газраас мэдээллээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 4.5 хувиар өсч, 1459 болсон байна.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компаниудын үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соѐрхон баталлаа.

Уул уурхайн салбараас энэ оны есөн сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ѐстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого оржээ.

Арилжааны банкны чанаргүй зээл 70 хувиар өсчээ

2016 оны төсвийн төслийн хувьд орлого 6.8 их наяд төгрөг, зарлага 7.2 их наяд төгрөг байхаар тооцож, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьд байлгахаар тусгажээ.

Арилжааны банкууд есдүгээр сард 1334 иргэнд 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

Ингэснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.3 их наяд төгрөг болоод байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ 834.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Татан буугдсан “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкуудыг хасч тооцвол чанаргүй зээлийн хэмжээ 596.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар нэмэгджээ.

Энэ жил улсын хэмжээнд 58 сая орчим мал өвөлжинө

Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хураалт үндсэндээ дууссан бол үр тарианы ургац хураалт 83.4 хувьтай үргэлжилж байна. Энэ жил цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас ургац хураалтын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад хоцорч байна.

Энэ жил улсын хэмжээнд 58 сая орчим мал өвөлжих тооцоо байна. Өвөлжилтөд 1.4 сая тонн өвс, 150 орчим мянган тонн үйлдвэрийн болон таримал тэжээл шаардлагатай гэх тооцоог ХХААЯ-наас гаргаад байна. Энэ нь нийт мал сүргийг дунджаар 10 хоног байнгын тэжээлтэй байлгах хэмжээний нөөц болох юм.

Монголын Махны Холбоо, БНХАУ-ын Махны Холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мах экспортлохтой холбоотой бэлтгэл ажлыг ирэх гурван жилийн хугацаанд хангах юм байна. Хоѐр улсын Махны Холбоод энэ ажлыг амжилттай зохион байгуулвал Монгол Улсаас жилд 150 мянган тонн бог малын мах экспортод гаргаж, зургаан тэрбум юанийн орлого олох боломжтой аж.

Хөшигийн нисэх онгоцны буудлын барилга угсралтын ажил 60 орчим хувьтай байна.

Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний “Шивээ Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслийн бэлтгэл ажлыг хангах үүднээс “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд төслийн нэгж байгуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан байна. Төслийн хүрээнд жилд 34 сая тонн нүүрс лборлож, 9240 МВт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кВ-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолбор барина.

Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессын гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Гэрээнд төсөл хэрэгжүүлэгч “China Gezhouba group foundation engineering” компани, Хөрөнгө оруулалтын газар, Эрчим хүчний сайд гарын үсэг зуржээ. Нийт 98 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Эгийн голын усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 315 мегаватт байх юм.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хийн халаалтаар хангах төслийн эхний ажлууд энэ өвлөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Эхний ээлжинд 05 болон 151 дүгээр цэргийн анги орчмын айл, өрхийг хийгээр халаах юм байна. Одоогоор хий дамжуулах 3.5 км хоолойн барилгын ажил явагдаж байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа орсон болохыг "Prestige Engineering" компаниас мэдээллээ. "Prestige Engineering" компанитай хамтран ТЭЗҮ боловсруулах ажилд оролцож байгаа Францын "Артелла" компанийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна.

"Нийслэлийн өмчийн харилцааны газар"-аас 9 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар зарласнаас 5 байршилд нь дуудлага худалдаа явагдлаа.

Индонезийн тал Монгол Улсын иргэдэд виз олгох нөхцлөө хөнгөвчилж, Индонезийн хилийн боомтууд дээр шууд виз олгодог орнуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулах боломжийг судлахаар болсон байна.