Тэрбишдагва.Д Батзандан.Ж Хүрэлбаатар.Ч 2016.09.13 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулах 400 сая төгрөг суулгахын төлөө байсан

Төсвийн тодотголоор хэд хэдэн сайдын багц хөндөгдсөн. Нэр бүхий яамдын сайдын багцад мөнгө нэмж тусгахаар нэр бүхий УИХ-ын гишүүд тодорхой саналууд гаргасан ч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг саналууд дэмжигдээгүй.

Тус хорооны дэмжээгүй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж санал хураахад дэмжээгүй саналыг олонхи гишүүд дэмжсэн. Өөрөөр хэлбэл, доор дурдсан сайдын багцад нэмж тусгахаар санал оруулсан хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гэсэн үг.

Тухайлбал, 

- Батлан хамгаалах яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас цэргийн албан хаагчдын цалин хөлсийг бууруулан тооцсоныг Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөлд нэмж тооцох    

- Батлан хамгаалах салбарт хоёр улсын байгуулсан гэрээний дагуу Хилийн чанадад суралцаж буй суралцагсдын цалинг бууруулан тооцсоныг 3,4 тэрбум төгрөг нэмэгдүүлэх

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын багцад хүр хорхойн эрвээхэйн өндөг түүж устгахад зориулан 150 сая төгрөг нэмж тусгах 

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын багцад байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх 506,7 сая төгрөг нэмж тусгах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан 400 сая төгрөг нэмж тусгах    

Бодоход эдгээр ажил чухал боловч төсвийн тодотголд орсонгүй. Гишүүд өөрсдийнх гаргасан санал 2016 оны төсвийн тодотголд ороогүй ч 2017 оны төсөвт тусгах байх гэсэн итгэлээр зарим саналаа чуулганы хуралдаанаар оруулалгүй, татаж авсан юм.

Харин өөрийн саналаа унагахыг хүсээгүй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлж, чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдээс саналыг нь дэмжихийг хүссэн. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

"Миний саналыг хоёр байнгын хороо дэмжсэн. Хүндрэлтэй үед гэрэл гэгээ гарч буй ганц салбар бол хөдөө, аж ахуй. Ургац хураалт сайн, хадлан тэжээл гарц сайтай мэт боловч энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Энэ салбарын сайдын багцад 400-хан сая төгрөг төсөвлөчихвөл шинэ ургацын ногооны худалдаа гэх мэтчилэн 400 сая байтугай 4 тэрбум төгрөгийн орлого олох боломж байна. Манай гишүүд дэмжиж өгөөч? Цаад агуулгаараа, улс төр, эдийн засаг, хүнс хөдөө ахуйн бодлогууд агуулгын хувьд гүнзгий агуулга, ач холбогдолтой." гэсэн юм. 

Харин түүний хариуд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өмнөх жишгээр бол төсвийн тодотгол хэлэлцэж байх явцад байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг УИХ-аар өөрчлөх, төсөвт нэмж тооцохыг дэмжих тохиолдол ганц, нэг байдгийг дурдаад хэрэв ингэвэл нэгэнт тавьсан тоонууд бүгд засагдах учраас энэ хэвээр нь байлгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.  

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

"Намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилд мөнгө хэрэгтэй. Байнгын хороогоор орж байгаа саналд хэрэггүй санал байхгүй. Гишүүд бид маш хүнд байдалд төсвөө тодотгож байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мал эмнэлэг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Дуусах дөхчихсөн эмнэлгийн барилгыг дуусмаар байна. Энэ олон дэмжигдээгүй санал байгаа ч хоёр дахь хэлэлцүүлгээр орж ирсэн саналыг гурав дахь хэлэлцүүлгээр шууд оруулна гэсэн хуулийн заалт бий." 

Хоёр гишүүн санал хэлсний дараа уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны дарга ямар гарц байгааг хэллээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

"Үнэн хэрэгтээ зохицуулалт хийх зардал дотроо Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад өөрийн орлогыг 3,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, 3,4 тэрбум төгрөг зарцуулах эрх олгосон. Төсвийн тодотгол хийхдээ төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг нэгдүгээрт тавьж, нилээн чамбай хандаж байна. Энэ зарчмаа төсвийн тодотгол батлагдтал баримтлаач гэж УИХ-ын гишүүдээс хүсч байна." гээд нэр бүхий гишүүдээс энэ саналаа татаж авахыг хүслээ. 

Ингэснээр цааш дэмжигдээгүй саналаа гишүүд татаж эхэлсэн. Ингэснээр чуулганы хуралдаан шуурхайлж, дараа дараагийн асуудлаа хэлэлцсэн юм. Гэхдээ гишүүд оруулсан саналаа татаж авсны гол шалтгаан нь ирэх оны төсөвт эдгээр ажил сууна гэдэг найдлага тээсэнд байгаа юм. Тэдний дотор УИХ-ын гишүүн Ж.Батзандан байлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

"Миний гаргасан санал бол Баянзүрх дүүргийн хоёр сургуулийн төсвийг төсвийн тодотголд суулгахтай холбоотой байсан. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр экспертизийн дүгнэлт нь гараагүй байгаа гэдэг шалтгаанаар унагасан. Гэхдээ 30 мин-ын дараа экспертизийн дүгнэлтийг бариад ороод ирсэн. 2017 оны төсөвт хариуцлагатайгаар суулгаарай. Үүнийг Сангийн яам, Төсвийн байнгын хорооноос хүсч байна. 3 сарын дараа суух учраас саналаа татаж байна." гэлээ. 

Гишүүдийн оруулсан саналд зөвхөн төсөв мөнгөтэй холбоотой саналууд байсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2016 онд санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудыг ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлж, дахин нэг харах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Гэсэн ч түүний санал дэмжигдээгүй юм.