2018.05.11

С.Бямбацогт: Амлалтаа хэрхэн биелүүлэх тал дээрээ анхаарах ёстой

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Бодлогын уялдаа холбоог харах хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтууд бий. Үүнтэйгээ уялдуулах хэрэгтэй. Ямар том төсөл хөдлөх вэ? амлалтандаа хэрхэн хүрэх гээд олон асуудал дээрээ анхаарах хэрэгтэй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдууд хамтарч ажиллах ёстой. Зөвхөн төсөв дээрээ анхаарч болохгүй. Бидэнд хангалттай бодлого байна. Үүнийгээ яаж төсөв дээрээ төвлөрч уялдуулах тал дээрээ анхаармаар байна. Төмөр зам , усан цахилгаан станц барих, хүүхэд бүрд мөнгө өгөх гэсэн амлалтан дээрээ анхаарах хэрэгтэй.