2018.05.11

Ё.Баатарбилэг: Эдийн засгийн үзүүлэлт яагаад бууралттай гарсан бэ?

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

УИХ-ын гишүүн  Ё.Баатарбилэг: 

Эдийн засгийн үзүүлэлт дээр бууралт ажиглагдаж байна. Ямар үндэслэлээр ийм тооцоо гаргасан бэ? Ижил хүчин чадалтай ажил өөр төсөвтэй орж ирдэг үүнийг тайлбарлаач. Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн. Өрийн тооцоонд үүний зардал орсон уу? 2017 оны Улаанбаатар хотын инфляц 7,2 хувь болсон гэж байна. Хот, аймгаар тус тусдаа гарах ёстой юу?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар : 2019 онд эдийн засгийн өсөлтийг 18 хувь, 2020 онд 6 хувьтай байна гэж гаргасан. 2020 он сонгуулийн жил байдаг. Бизнес эрхлэгчид нилээ хүлээцтэй байдаг. Үүнд эдийн засгийн өсөлт нөлөөлдөг. Монголын өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан гарч ирсэн тооцоо. Аймгуудын хувьд эрүүл, мэнд боловсролын салбарт хуваарилагдаж байгаа төсөв илүү, дутуу олгогддог. Ийм байх боломжгүй, шударга тогтолцоо байх хэрэгтэй гэж үзэж бодлогоо гаргана.