С.Эрдэнэ гишүүн лифтийн асуудлаар асуулт хүргүүллээ
2010.10.11

С.Эрдэнэ гишүүн лифтийн асуудлаар асуулт хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт асуулт хүргүүлсэн байна.
Түүний асуултыг бүрэн эхээр нь нийтлэж байна.

Асуулт тавих тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн дараахь асуултыг тавьж байна. Үүнд:

Нэгдүгээрт,

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад нийтийн орон сууцны байшингийн цахилгаан шатны шинэчлэлт хийх зориулалтаар батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжилт, түүний гүйцэтгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 247, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаар тогтоолын хэрэгжилт, ажлын явц байдлын талаарх нэгдсэн дүн мэдээ, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр дүн,
  2. Лифт угсрах болон их засвар шинэчлэлийн хөдөлмөр зарцуулалтын нэгжийн норм үнэлгээг тогтоох талаар хийсэн ажил, одоогоор мөрдөгдөж буй эрхийн актууд байдаг эсэх, өнгөрсөн жилүүдэд ямар эрхийн актаар төсвийн хөрөнгийг төсөвлөж, зарцуулж байсан,
  3. Цаашид лифтийг шинээр угсрах, шинэчлэх, засвар үйлчилгээ хийхэд зарцуулах зардлын норм үнэлгээг ямар эрхийн актыг  үндэслэн мөрдөх болон уг асуудлаар хийж буй тооцоо, судалгаа хийх ажлын талаарх мэдээлэл зэрэгт хариулт ирүүлнэ үү.

Хоёрдугаарт,

Миний сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн хэмжээнд “Лифт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд лифтүүдийн  урсгал болон их засвар хийхэд шаардагдах хөрөнгийн эдийн засгийн үндэслэл боловсруулахаар тендер зарлагдаж “ТОТ–РУСЬ–СОЮЗ” ХХК шалгаран Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОХУ-ын техникийн аюулгүй ажиллагаа ба инженерийн хяналтын зөвлөх төв, СӨХ-ны эрх ашгийг хамгаалах “Нийтийн аж ахуйн хөгжил” сан зэрэг байгууллагууд хамтран Баянгол дүүргийн 10, 2, 3, 4, 6-р бичил хорооллын орон сууцны  нийт 162  байрны 74 СӨХ-ны харъяа 437 лифтэд техникийн хөндлөнгийн үзлэг, оношлогоо хийж техник эдийн засгийн үндэслэлийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн юм.

Улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2010 оны 48 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг уг ТЭЗҮ–д 2010 оны 9 дүгээр сарын 15-нд нэгдсэн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд лифт болон өргөх машин механизмийн урсгал болон их засвар, үйлчилгээний хөдөлмөр зарцуулалтын нэгж үнэлгээний нормыг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж батлуулах, цаашид цахилгаан шат шинэчлэхтэй холбоотой асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах саналуудыг тусгах, лифт угсрах болон их засвар шинэчлэлийн нэгжийн норм үнэлгээг өөрийн орны нөхцөлд  тохируулан хийгээгүй, бусдийн норм үнэлгээг хуулсан гэх мэтчилэн Захиалагчийн зүгээс гэрээ, тендерийн даалгаварт байгаагүй шаардлагын нөхцлийг тулгаж хийхийг шаардсан авцалдаагүй дүгнэлт хийсний гадна энэхүү техник эдийн засгийн үндэслэлд ямар ч хамааралгүй ишлэлүүдийг дурдаж ТЭЗҮ-ийг хүлээж авахгүй байгаа тухай “ТОТ-РУСЬ-СОЮЗ” ХХК –иас надад хандсан байна.

Уг асуудлыг судлан үзэхэд, Монгол Улсад лифтийг шинээр угсрах, засвар үйлчилгээ хийхэд баримтлах батлагдсан нэгжийн норм үнэлгээ байдаггүйг холбогдох байгууллагууд нь мэдэгдэж байгаа, бөгөөд ТОТ–РУСЬ–СОЮЗ” ХХК нь мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу ОХУ-д мөрддөг шинээр лифт угсрах болон их засвар шинэчлэлийн нэгжийн норм үнэлгээг ашиглан эдийн засгийн үнэлгээ хийхдээ ямар ч улсад үйлдвэрлэгдсэн лифт угсарч болох эдийн засгийн тооцоо хийсэн байна.

 

Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ганхүү нь лифт шинээр угсрах болон шинэчлэх, засвар үйлчилгээ хийхэд баримтлах батлагдсан хөрөнгө оруулалтын нэгжийн норм үнэлгээ өнөөдрийн байдлаар Монгол Улсад байхгүй, ТЭЗҮ боловсруулах тендэрт шалгарсан компани ямар нэгэн норм, үнэлгээ боловсруулж батлуулах үүрэггүйг мэдсээр байж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтан дор хийгдсэн ажлыг үгүйсгэн хөдөлмөр зарцуулалтын нэгжийн норм үнэлгээг боловсруулахыг тухайн компаниас шаардаж байгаа нь хийгдэж буй ажлыг дэмжих байтал төрийн ажилд хариуцлагагүй, мэргэжлийн бус байдлаар хандаж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Иймд лифтийн чиглэлээр Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, сонгон шалгаруулалтын зардлын норм үнэлгээ, эрх зүйн болон эдийн засгийн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү.

Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Та бүхнээс хүсье.

Хүндэтгэсэн,

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.