Д.Тэрбишдагва 2019.03.20

Д.Тэрбишдагва: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж лоозон биш бодит тоо тавих хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Одоо тендерийн ажил эхлэх гэж байна. Тиймээс хуулиа яаралтай батлах ёстой.

Тендер зарлагдаж амжихгүйгээс болж хугацаа алдаж төсвийн мөнгө хураагдах, ажил гацах асуудлууд үүснэ. Жишээлбэл 2018 онд СХД-т хийгдэх ёстой байсан усны  худаг барих 300 сая төгрөг буцаагдсан.

Үндэслэлгүй гомдол гаргагч аж ахуй нэгжүүдийг тендерт оруулахгүй байх тухай заалт орсон уу? Тендерийг орон нутагт босоо тогтолцоотой болгох, агентлаг байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Шалгарсан ч ажлаа гүйцэтгэж чадаагүй ААН-ийг гаргаж, дахин сонгон шалгаруулалтад оруулахгүй байх боломжтой юу?

Маргаан үүссэн тохиолдолд хянан шийдьвэрлэх хугацааг одоогийнхоос богиносгох хэрэгтэй байна.

Төсвийн жил дууссан. Мөнгө нь хураагдсан байхад шүүх дээр маргаан үргэлжилж байдаг. Энэ асуудлыг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Үндсэний үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Дор хаяж 30%-иас дээш эсвэл 30%-иас доошгүй энэ тэр гэж тоо зааж өгч болох уу?

Баталгааны даатгалыг бий болгох хэрэгтэй байна. Өнөөдрийн байгаа хуулиар тендерт оролцогч компаниуд мөнгө эсвэл хөрөнгө банкинд байршуулах шаардлагатай байдаг. Үүнийг өөрчлөх, тодорхой оруулах хэрэгтэй байна.

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгээс хариулт өглөө.