Л.Мөнхбаатар 2019.09.04 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: Хот тосгодын олон асуудлууд энэ саналаар шийдэгдэнэ гэж харж байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход хамгийн чухал заалт бол тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хот, тосгоны эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой заалтууд байгаа. Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн олон зарчмын зөрүүтэй санал гаргасан заалт. Миний хувьд бас зарчмын зөрүүтэй санал гаргасан. Эдгээр саналыг ажлын хэсэг нэгтгээд нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц оновчтой томьёолсон гэж үзэж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан. Ажлын хэсгийн саналд “тосгон”-д засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болохоор, мөн уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр заасан байна.

Өмнөх хэлэлцүүлгүүдийн турш миний яриад байсан тосгонд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж, төрийн үйлчилгээнээс хоцордог. Тухайлбал Хатгал тосгоны иргэдийн хувьд зарим төрийн үйлчилгээг авахын тулд сумын төв рүүгээ 30 орчим км явж байж авах, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө хуваарилалт, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэлт, түүнээс буцаад хуваарилалт хийх зэрэг олон асуудлууд энэ саналаар шийдэгдэх юм гэж харж байна.