Болд.Л 2019.09.05

Л.Болд: Монголын улс төрийг ойрын 10 жилдээ "гэрэл үзэхгүй" болгох гэж байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 

Тухайлбал, Намыг сонгуулийн насны нийт иргэдийн 1 хувиас доошгүй хүн нэгдэж нам байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэмжсэн саналыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Л.Болд

Өнгөрсөн 3 жил бидэнд зөв хийсэн олон зүйл бий. Түүнээс буруу хийсэн зүйл ч илүү бий. Энэ бүгдийг эмч шиг оношилж үзвэл, гол эх үүсвэр нь улс төрийн намууд дээр очно. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Яагаад Засгийн газрууд огцордог юм? намууд өөрсдөө л хулгай хийдэг, хууль биелүүлдэггүй хүмүүсийг намууд л гаргаж ирдэг. Бид намуудынхаа учрыг олоогүй цагт бүх бурууг Үндсэн хууль руу чихдэг нь буруу. Бид намын хуулиа цэгцэлж, ардчилсан зарчим дээр тулгуурласан болгож чадаагүй. Хэрэв тэгж чадсан бол өнөөдөр яригдаж байгаа маш олон асуудлыг ярихгүй байсан. Дэлхийтэй харьцуулаарай, сонгогчдоо ийм өндөр хувиар намын гишүүнийг тулгаж байгаа нь өөрөө нэг ёсны төрийн эргэлт. Өөрөөр хэлбэл, Монголын иргэдийг хэдэн намд хонь хурга шиг ялгаад, Монголд олон нам, олон ургалч үзлийг хааж, ингээд цөөхөн хэдэн хүн мөнхийн засаглах гэсэн тэр оролдлого руу явж байгаа юм шүү. 

Өнөөдөр Монгол олон намтай гээд байгаа. Хаана байна тэр олон нам чинь? Өнөөдөр энэ парламентад нэг л нам яг үнэндээ байна ш дээ. Энэ хуулийг буруу хүн ашиглах юм бол Монголд ардчилал алга болно.