2025.04.24

Б.Найдалаа: Богино хугацааны асуудлыг урт хугацааны бодлогыг өөрчлөх замаар шийдэх нь шийдэл биш

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

Шийдэл байдаг. Гэтэл бид нар богино хугацааны түр зуурхан асуудлыг урт хугацааныхаа бодлогыг хууль өөрчилж байгаад, татвараа өөрчилж байгаад шийдэх гэж оролдсон байна. Энэ УИХ-ын бодлогын хувьд үнэхээр том алдаа. Жижигхэн асуудал гарангуут, том асуудлаа хууль гаргаж байгаад өөрчилдөг. Эргээд өөрчилж чаддаггүй ийм байж болохгүй. Богино хугацааны асуудлыг урт хугацааны бодлогын хэрэгслээр шийдэх гэж оруулж байгаа нь том алдаа. Сая сонсож байхад энэ хууль өөрөө ямар зорилготой байсан нь тодорхойгүй болчхоод байна. Нэг болохоор гурилын үнийг тогтворжуулах гэсэн ч юм шиг, инфляц үнийн өсөлтийг улсын хэмжээнд буулгах гэсэн ч юм шиг, эсвэл хуйвалдсан компаниудыг хашраах гэсэн ч юм шиг, нэг бол гурилын импортыг дэмжих гээд байгаа ч юм шиг. Нэг ийм эргэлзээтэй, яг тодорхойгүй, хоорондоо маргасан байдал үүсээд байгаа байхгүй юу. Энэ бол бас харамсалтай байна.

Энэ хэлэлцүүлгээс ч харсан, тариаланчид гурилын үйлдвэрүүдийн хэлж байгааг бодсон ч, харсан ч, үнэлсэн ч яг шалтгаан нь гаалийн татвар биш байна. Бас тээвэр ложистик, өртгийн асуудал, бизнесийн орчин, зээлийн хүү,цаг хугацааны асуудал байна. Ахиад үнэ өсөхөд гаалийн татвараа дахиад л эргүүлээд л татвараа тэглэе,нэмье,буулгая гээд оруулаад ирэх үү? Тээврийн зардлыг яах юм, эсвэл бүсүүд дээр ,ялгаатай бодлого хийх юм уу? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, чанартай гурилтай хэрнээ үнийг нь яаж тогтвортой байлгах вэ. Гаалийн татварыг, ганцхан тэглэж буулгаад нэмж хасаад ингээд маргалдаад байдаг биш, өөр ямар бодлогын хэрэгслүүд, ямар дэмжлэгүүд авч хэрэгжүүлэх юм бэ? Баруун бүсэд яаж гурилын үнийг тогтвортой байлгах вэ. Энэ төвийн бүсээс өөр болж таараад байгаа.