2013 он гэхэд агаарын бохирдлыг 100 хувь бууруулах хуультай боллоо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд Бэлчээрийн тухай, Биржийн тухай хуулийн төслүүдээс бусад хуулиудаа батлуулж чаджээ. Нийт 15 удаа хуралдаж, давхардсан тоогоор 42 асуудал хэлэлцэж, чуулганы хугацаанд хэлэлцсэн асуудлаараа 14 санал, дүгнэлт, таван танилцуулга гаргасан байна. Байнгын хорооны дарга П.Алтангэрэл, гишүүн Н.Ганбямба, Г.Баярсайхан нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж энэ талаар танилцуулав.
Байгаль орчны чиглэлээр 10 хууль шинэчлэгджээ. Тухайлбал Агаарын тухай зэрэг зургаан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу ирэх гурван жилийн дотор агаарын бохирдлыг 100 хувь бууруулах гэвэл Ерөнхийлөгч агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд очсон гэж үзээд хуулийн төсөл санаачилсан. 2011 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч буй айл өрхийг урамшууллын арга хэлбэрээр дэмжих аж. Шөнийн цахилгааныг оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл байхаар шинэчлэн тогтоожээ.
Гэр хорооллын газрыг эргэлтэд оруулж, эрчим хүчний асуудлаа зохистой шийдсэн амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр хуульд тусжээ. Ийнхүү энэ хууль 2011 овоос эхлэн хэрэгжихээр батлагдсан учраас Засгийн газраас төсвийн тодотголыг хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм байна. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар жил бүрийн эхэнд агаарын бохирдлыг тухайн жилд хэдэн хувиар бууруулах төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулан батлуулаад, оны төгсгөлд ямар ажил хийснээ тодорхой тайлаг-наж явах юм байна.
Мөн Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль батлагдсанаар агнуурын амьтны байршил, нутгийг хамгаалахад иргэдийн оролцоо хангагдсан гэнэ. Байгалийн ургамлын тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор ургамлын ашиглалт, хамгаалалт дээшилжээ.
Харин Бэлчээрийн тухай, Биржийн тухай хуулийн төслүүд хаврын чуулган хүртэл хойшилчхоод байгаа. Эдгээр хууль УИХ-д дөрөв, таван удаа орсон боловч төвөгтэй харилцааг зохицуулдаг учраас гишүүд болгоомжилж байгаа гэнэ.
Хаврын чуулганаар байнгын хороо Бэлчээрийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн төслүүд, Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон хуулийн дагуу өргөн мэдүүлсэн бусад хууль, шийдвэрийн төслүүдийг батлуулахаар ажиллуулах юм байна.