Д.Ганхуяг.Ашигтай газраа ганц гарын үсгээр улстөрчдөд арилждаг орон ховор шүү
2012.01.06

Д.Ганхуяг.Ашигтай газраа ганц гарын үсгээр улстөрчдөд арилждаг орон ховор шүү

Өнгөрсөн оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 1747 гарч, ослоор 301 хүн нас барсан мэдээ бий. Зам тээврийн ослын буруутны нэг нь төлөвлөлт муутай хот байгуулалт хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үзэж буй юм. Иймдээч нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн асуудлаар тогтоол санаачлан Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээсээ дэмжлэг авсан. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Оны өмнөхөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар асуулга тавьж хариултаа сонсон. Хариулт хангалтгүй байсан гэж ойлгож болох уу. Учир нь та оны эхэнд Нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны тогтоол санаачилж батлууллаа шүү дээ?

-Манай замын хөдөлгөөний аюулгүй байдал хүн амын тоотойгоо харьцуулахад нилээд хүндэвтэр байгаа нь Засгийн газрын хариултаас олон нийтэд ойлгогдсон болов уу. Судалгаагаар жилд дунджаар 35 мянга орчим зам тээврийн зөрчил бүртгэгдэж, 600 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед хөнгөн болон хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан байна лээ. Зам тээврийн осолд өртөж байгаа иргэдийн дотор сургуулийн насны хүүхэд зонхилох хувийг эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа том хүчин зүйлүүдийн дотор төлөвлөлтгүй хот байгуулалт, замын чанар, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашлаад төрийн байгууллагуудын ажил үүргийн уялдааг хамааруулж ойлгодог. Харин жижгэвтэр хүчин зүйлд машины буруу талын хүрд, замын хөдөлгөөний орчин үеийн мэдээллийн технологийн ашиглалт, согтуугаар машин жолоодох, жолоочийн хариуцлага, явган зорчигчдын замын хөдөлгөөний соёлыг хамааруулах нь бий. Түүнчлэн зам тээврийн 10 ослын нэг нь согтуугаар үйлдэгдэж буйд анхаарах шаардлагатай. Энэ асуудал ганц манай улсад тулгамдсан зүйл биш юм. Өнөөгийн хөгжилтэй орнууд энэ бэрхшээлийг даван туулсан туршлага бий. Тодруулбал, тухайн заалт дээрх хурдны хязгаарыг 25 км 1цагаас хэтрүүлэх, явган зорчигчийн гарцтай газар осол гаргах, согтуугаар машин жолоодож бусдыг гэмтээсэн тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага оногдуулж байх жишээтэй. Иймд Засгийн газар энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн асуулгад хариулаад зогсохгүй, мэдээлэлдээ үндэслэн өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нөгөө талаас эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон бусад ажлыг хийх шаардлагатай гэж үзсэн.

-Таныхаар бол төлөвлөлтгүй хот байгуулалт зам тээврийн ослын нэг шалтгаан гэж үзэж байгаа юмуу?

-Монгол Улсад тулгамдсан асуудлын нэг нь гарцаагүй нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт. Тухайлбал, утаа, түгжрэл, байгаль орчны бохир-дол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил гээд энэ бүхэнтэй холбогдоно. Манай улсын хот төлөвлөлтийн асуудал олон улсын түвшинд хүрэх яагаа ч үгүй байна. Хот байгуулалтын асуудалд тухайн хотын газар доорхи инженерийн байгууламжаас эхлээд агаарын орон зайн  долгионы   ашиглах хүртэлх асуудлууд хамаарагддаг. Хот төлөвлөлт нь тухайн хотын оршин суугчдыг аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин   нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Иймд хот байгуулалтын  асуудал нь цогцоор нь шийдвэрлэх ёстой.

Хот байгуулалтыг  ургаа модоор зүйрлэвэл зөвхөн түгжрэл бол тэрхүү модны согогтой ганц мөчир л гэсэн үг.Иймээс  түгжрэлтэй тэмцэх  нь ганц согогтой олон мөчрийн ганцыг нь яриад байгаатай л адил. Ер нь энэ зуунд төлөвлөлтгүйгээр нийслэл хотоо байгуулж байгаа улс, орон тийм ч олон байхгүй. Улаанбаатар хотыг анх 400-500 орчим оршин суугчтай байхаар оросуудын тусламжтайгаар төлөвлөж байгуулсан   гэдэг. Гэтэл өнөөдөр гадны оршин суугчдыг оруулбал нийслэлийн оршин суугчид  1.5 саяд хүрлээ. Өөрөөр хэлбэл,таван литрийн саванд 15 литр усыг багтаах гээд байгаатай утга нэг. Иймээс НИТХ  Улаанбаатар  хотод  үүсээд  байгаа.  Монгол Улсын хөгжлийн гацааг хэрхэн гаргах вэ гэдэг дээр хурдацтай ажиллах шаардлагатай. Мөн хууль зөрчигчидтэй төрийн хууль хяналтын  байгууллага хариуцлага тооцохгүй бол энэ байдал  сайжрах  эсэх  нь  тодорхой бус байсаар байх нь. Энэхүү  байнгын хорооны тогтоолоор "УИХ- ын тухай хуулийн" холбогдох заалт,Хот байгуулалтын тухай хуулийн 53  дугаар зүйлийг  үндэслэн Нийслэл тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,  эдийн  засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслүүдийг ирэх сарын 1 -ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт" даалгаж байгаа юм.

-Заавал тогтоол гаргах шаардлага байна уу. Хот байгуулалтын тухай хуульд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулна гээд заасан юм бол Засгийн газар нь оруулж ирэх юм биш үү?

-2008 оны сонгуулийн өмнө Хот байгуулалтын тухай хуулийг гишүүдийн хамт санаачлан батлуулсан. Мөн 2005 онд Японы ЖАЙКА-д нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөг буцалтгүй тусламжаар хийлгэх саналыг тавьсан юм. Энэ төсөл өнгөрсөн онд хэрэгжиж дуусаад тайлангаа Монголын талд хүлээлгэн өгсөн. Хуульд УИХ хот байгуулалтын талаарх бодлогыг тодорхойлох, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай заалт бий. Парламентын засаглалтай олон оронд нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ нь авч хэлэлцдэг. 2008 оноос хойш энэ асуудлаар хоёр ч удаа асуулга тавьж хариулт авлаа.

Гэтэл өнөөг хүртэл хот төлөвлөлтийн асуудал ямар түвшинд байгаа нь тодорхой бус. Түүнчлэн сүүлийн үед оюутны хотхоныг хотын зүүн талд, хөнгөн үйлдвэрийг баруун тийш гаргах, нийслэлд метро барих талаар ярих боллоо. Асуудлыг ингэж шийдвэрлэж болно. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөлтгүйгээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл зардал өртөг нь хэт өндөр тусах нь гарцаагүй. Ер нь сүүлийн үед хот, дагуул хотыг байгуулахдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ихэд татах болж. Гол арга нь дэд бүтцийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэж оронд нь тэр газраас нь эзэмшүүлэх учиртай. Манайх шиг татвар төлөгчдийн хөрөнгөөр хотынхоо дэд бүтцийг бий болгоод эдийн засгийн ашигтай газраа албан тушаалтны гарын үсгээр улстөрчид болон нөлөөтэй хэдхэн компанид зүгээр өгчихдөг орон бас л ховор байх шүү.

-Байнгын хорооны тогтоолд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгагдсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс нэг хүнд оногдох газрынхаа хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл нийслэл хот, суурин газарт иргэд газраа хувьчлах газар нь олддоггүй. Гол нь газаргүй дээ биш дэд бүтэцтэй газар нь хүрэлцдэггүй холбоотой. 2011 оны II улирлын байдлаар орон нутагт нийт хүн амын 10 орчим хувь, хотод 7.5 хувь нь газраа хувьчилж авсан дүн мэдээ бий. Хувьчилж авсан газрын хэмжээ нь нийт газар нутгийн нэг орчим хувь болж байна. Гэтэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй газрын хэмжээ нь хэд дахин илүү буюу 15 орчим хувийг эзэлж байх жишээтэй. Нөгөө талаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай мөртлөө нийт амынх нь 50 орчим хувь нь дөрвөн хайрханы дунд 800 орчим км кв газарт шамбааралдан аж төрдөг. Энэ талбайг эдийн засгийн идэвхтэй бүс гэж үзэж буй юм. Ихэнх орнууд төвлөрлийн асуудлыг эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх байдлаар шийдвэрлэсээр ирсэн. Ингэж шинээр хот байгуулахдаа хүн ам их төвлөрсөн газартай дэд бүтцээр /хурдан галт. тэрэг хурдны зам/холбох, мөн тэнд ая тухтай амьдрах, ажил эрхэлж орлого олох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд, урт хугацааны төлөвлөлт бүхий хот байгуулалтыг хийж ирсэн байдаг. Эдийн засгийн идэвхтэй бүсийн радиус нь байх тусам улс, орон хурдан хөгжсөн жишээ их бий.

Манай улсын тухайд байгаль, орчныг хамгаалах, газрын харилцааны бодлогын тухайд 2.8 сая иргэний зохистой ашиглалтаар дамжсан бодлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Газрын хэвлийн баялгийн хуваарилалтаас илүү иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зохистой. Ганцхан газар зохион байгуулалтын тухайд ч, хотын тухайд ч төлөвлөлт нэн чухал. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болж, хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах, хойч үедээ өвлүүлэх юм. Ингэснээр монголчууд эх орондоо ажилтай, орлоготой, амьдрах боломж нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар энэ зорилт хэрэгжихэд хүндрэлтэй байна.

-Бүс нутгийн хөгжлийн тухайд байнгын хорооноос тогтоол их л үйлдвэрлэдэг санагдаж байна. Харамсалтай нь ажил хэрэг болж байсан нь цөөн байх аа. Магадгүй таны энэ тогтоол ч гэсэн хэн нэгний шүүгээнд хав харагдаж мэдэх л юм?

-Тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ болоод Засгийн газар ажиллах үүрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжийг 2000-2004 оны хооронд баталсан. Гэтэл түүнээс хойш Монгол Улс өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг ихтэй орон гэдгээрээ олон улсын анхааралд орлоо. Иймээс сүүлийн үед энэ баялгаа урт хугацааны төлөвлөлттэйгээр боловсруулж, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон ханшаар хэдхэн гэр бүлд ашигтайгаар бус, нийт монголчуудад ашигтай байх нөхцөлөөр борлуулах талаар ярьж байна. Энэ нь ч шударга ёсонд нийцнэ. Тиймээс хүн амын тодорхой хэсэг нь баялгаа боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн төвүүдийг дагаж амьдрах хандлага аль хэдийнэ гарчээ. Иймээс энэ чиглэлээр бүс нутгийн хөгжилтэй холбогдсон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ талаар Д.Одхүү нарын зарим гишүүдэд хангалттай мэдээлэл байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.