2009.07.27

Г.Баярсайхан: Экологийн салбарт эргэлт болсон хууль баталсан

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хаврын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар байнгын хорооны дарга Батж.Батбаяр, гишүүн Г.Баярсайхан нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

 

Тус байнгын хороогоор 22 асуудал хэлэлцэж, 18 дүгнэлт, гурван танилцуулга, хуралдааны 13 тэмдэглэл гаргажээ. Байнгын хорооны дарга Батж.Батбаяр хамгийн чухал гэсэн ажлуудаасаа танилцуулсан юм. Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 0,025 мм болон түүнээс нимгэн нийлэг хальсан уутыг хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлын зориулалтаар импортлох, хэрэглэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулах боломжтой болжээ. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг баталсан нь малчдыг хөгжүүлэх замаар өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлж, амьдралын төвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон аж. Байнгын хорооноос Сэлэнгэ аймагт алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Бороо гоулд” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтын хэрэгжилттэй танилцаж шалгах ажлын хэсэг гаргах тухай тогтоол баталсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар олголт, ашиглалттай холбогдсон зүйл заал¬тын хэрэгжилтийн байдлыг дархан цаазат Богд хан уул, Хөвсгөл, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газруудад шалгаж танилцжээ.


Байнгын хорооноос ирэх намрын чуулганаар Бэлчээрийн тухай, Бараа, түүхий эдийн биржийн тухай, Хүнсний тухай, Агаарын тухай, Агаарын төлбөрийн тухай хуулиудын төсөл, Ус хөтөлбөр зэргийг батлуулах чиглэлээр ажиллах юм байна. Тус байнгын хорооны гишүүд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг саяхан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан юм. Гишүүн Г.Баярсайхан энэ талаар “Хорин жил хүлээсэн хуулийг сая баталлаа. Энэ бол экологийн сал¬барт эргэлт болсон хууль. Монгол орон усны хагалбар дээр оршдог тул бусад улс оронд ч чухал ач холбогдолтой” гэж байлаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.