2012.10.03

Тамхины хяналтын хууль дээр ажлыг хэсэг байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаар Тамхины хяналтын тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн танилцуулгыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. 2005 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулиар утаат тамхи татахыг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, агуулах зэрэг газарт бүрэн хориглож, бусад газарт тамхи татах тусгай өрөө гаргаж болох талаар зохицуулсан нь тэр бүр хэрэгжихгүй байгаагаас олон хүн сургууль, ажлын байр, олон нийтийн газарт дам тамхины утаанд өртөж байгааг сайд танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, хуулийн төсөлд хариуцлагын заалтыг маш өндөр тусгах хэрэгтэй. Хууль гарснаар тамхины сөрөг үг дагаварыг олон нийт бүрэн ухамсарлах хэмжээнд хүрч байж үр дүн нь харагдана.Тамхи татаж болохгүй обьектыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр  бөөрөнхийлсөн заалтууд байж боломгүй байна гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ, тамхи татахыг хориглосон газрууд дээр гудамж, талбай гэж нэмж оруулах хэрэгтэй. Хариуцлага тооцох асуудлыг албан байгууллагууд дээр хэрэгжүүлэх боломж бол бий. Харин тамхи татахыг хориглосон газрууд дээр тамхи татаж байгаа хувь хүмүүст хариуцлага тооцох асуудал хэцүү байх. Иймд олон нийтийн компанит ажил өрнүүлж, илүү үр дүнтэй аргуудыг хэрэглэвэл ач холбогдолтой болох болов уу. Тухайлбал, гэр бүл, сургууль, хамт олныг хамруулах гэх мэт асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарч үзэх нь зүйтэй  гэсэн саналтай байгаагаа хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл,тамхины хайрцган дээр тухайн тамхи жинхэнэ болон хуурамч болохыг илтгэсэн бар код байдаг. Иймд тамхийг жинхэнэ болон хуурамч болохыг хэрхэн таних талаар хуулийн төсөлд тусгасан эсэх, түүнчлэн насанд хүрээгүй охид, хөвгүүдийн тамхины хэрэглээ маш их болж байгааг зогсоох, багасгах талаар хуулийн төсөлд ямар зүйл, заалт орсныг тодруулсан. Хуулийн төсөлд бар код ашиглах заалт байхгүй, 21 нас хүрээгүй хүнд архи, тамхи худалдаалахгүй байх заалт өмнөх болон шинэ хуулийн төсөлд тусгагдсан боловч хууль хэрэгжихгүй байгаа гэсэн хариултыг сайд өглөө.

Хуулийн төсөл түүхий байгаа тул дахин ярилцах, нягтлах, хариуцлагын олон зүйл байна гэж гишүүд үзээд Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах асуудлыг зуун хувь дэмжиж бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, гишүүдэд Г.Уянга, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл, А.Бакей нар батлагдав. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг нэгтгэн хуулийн төсөлд тусгах юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.