2013.11.29

Д.Батцогт: 500 , 100 байх уу гэдгийг эргэж харах хэрэгтэй

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд найман сарыг ардаа орхиод байна.  Гэвч иргэд  хуулийн амьдралаас тасарсан зарим заалтыг хэрэгжүүлэх ч боломжгүй хэмээн шүүмжлэх болсон юм.  Энэ хуулийн талаар   УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.

-Энэ хуулийн зарим заалт хэрэгжихгүй байна гэдэгтэй санал нийлэх үү?

- “Монголын хууль гурав хоног” гэдэг шиг эхэндээ сайн хэрэгжиж байгаад  сүүлдээ мартах тал бий. Анхнаасаа  энэ хууль яаж хэрэгжих, хэрхэн хяналт тавих ёстой гэдэг талаар анхаарах хэрэгтэй байсан.

Ер нь  Тамхины хяналтын тухай хуулийг ард иргэд их таатай хүлээж авсан ч хэрэгжилт нь үнэхээр тааруу байна.    Тиймээс   энэ хуулийг хэрэгжүүлэх талаар хяналтын байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

- Тамхи татах цэгийг байгуулаагүй байж тамхи татахыг хориглолоо гэж  зарим иргэд шүүмжилж  байгаа шүү дээ?

-  Энэ бас нэг талаараа зөв. Тамхи татуулахгүй, иргэдийг цэвэр орчинд байлгая, тамхи татдаггүй иргэдийн эрхийг хамгаалъя гэж байгаа ч нөгөө талаасаа тамхи татаж байгаа иргэдэд  тамхи татах цэгийг гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. 

Сургууль, дотуур байрнаас   500 метр зайд тамхи худалдаалахыг хориглосон нь хууль бус худалдааг цэцэглүүлж байгаа учир өөрчлөхөөр  хуулийн төсөл санаачилж байгааг  та  дэмжиж байгаа юу?

-  Би энэ хуулийг хэлэлцэж эхлэхэд л  анхнаас нь  шүүмжлэлтэй хандаж байсан. Хуулийг  амьдралд ойрхон, хөрсөнд буусан, хэрэгжих боломжтой байдалтайгаар баталж гаргах хэрэгтэй. Сургууль,  дотуур байрнаас 500 метр гэхээр сумын төвийн хувьд  учир дутагдалтай байгаа.

Сумын төв бол 500-аас ч бага радиуст байгаа учир огт хэрэгжих боломжгүй хууль байна. Тиймээс үүнийгээ эргэж хараач гэж хэлсэн. Гэхдээ хууль санаачлагчид  зүтгүүлсээр байгаад баталсан. Ер нь сургуулийн  эргэн тойронд тамхи  худалдаална  гэдэг нь  үр хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа гэдэг утгаараа зөв. Гэхдээ 500  метр  уу, 100 метр байх уу гэдгийг эргэж харах хэрэгтэй л гэж бодож байна.