Газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2012.10.01

Газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  бямба гаригт газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхнийг урьж, хамтарсан уулзалт хийлээ.

Шатахуун импортлодог дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан уг уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэс баялгийн сайд Н.Батбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Газрын тосны бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох нь уулзалтын зорилго байв. 

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ бүрдэлтийн талаар үе үеийн Засгийн газар арга хэмжээ авч ирсэн ч тэдгээр нь түр зуурын аргацаах төдий хэлбэрээр явж ирсэн тул шинэчлэлийн Засгийн газрын зүгээс энэ асуудалд тодорхой алхам хийхээр тэдний санал бодлыг сонссон юм.

Уулзалтанд хувийн хэвшлийн 10 гаруй компаний төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Шатахууны үнийн  өсөлт, махны үнэ зэрэг иргэдэд хамгийн хүндрэл бэрхшээл учруулдаг асуудлуудад Засгийн газар анхаарлаа хандуулж байна гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд тусгайлсан уулзалт хийж байна гэдгээ ч тодотгосон юм.

Хувийн хэвшилтэй төр засаг хамтрах ямар боломж байна, ярилцаж суугаад харилцан үүргээ хүлээх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн дурьдаад, тэдний санал бодлыг сонслоо.

Цаг үеэ олсон маш чухал уулзалт хийж байгаад талархлаа илэрхийлсэн хувийн хэвшлийнхэн олон асуудлыг хөндсөн.

Тэд газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй, шатахууны  асуудлыг төрийн түвшинд аваачих тусам асуудал үүсдэг, татварын зохицуулалтыг хамаагүй хийх нь хэр оновчтой байх, төр хувийн хэвшлийнхний хооронд итгэлцэл хэрэгтэй, улсын нөөцийн нэгдсэн газар байлгах нь хэр оновчтой вэ, явуулын иргэд энэ чиглэлийн бизнес хийж байгаа нь хор уршиг тарьж байна, энэ чиглэлийн бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд лиценз олгох ёстой, эдгээр компаниудад зээл олгохдоо дэмжлэг үзүүлж болохгүй юу  гэх зэрэг олон санал хэллээ.

Гэхдээ тэд цаасан дээр тодорхой санал боловсруулж оруулж ирээгүй байсан учир ирэх даваа гаригт тодорхой саналуудаа авч ирэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг  үүрэг болголоо.

Шинэ Засгийн газар гарч ирлээ гээд огт өөр  нөхцөл бүрдчихнэ гэж  ойлгож болохгүй гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн уулзалтын үеэр дурьдаад, шийдэл хайж буй учир ийнхүү ширээний ард сууснаа ч онцолсон юм.

Уул уурхайн сайдын ажлын албаны дэргэд Автобензин, дизелийн түлшний хангамж, дотоодын жижиглэнгийн үнийг тогвортой байлгах талаар санал боловсруулах ажлын хоёр ч хэсэг  байгуулагдаад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгж байдаг юм байна.

Цаашид ийм уулзалтыг тогтмол хийх болно гэдгийг уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд тэмдэглээд, аж ахуйн нэгжүүдийн захирлууд өөрсдөө ийнхүү ирж саналаа нэмэрлэсэн нь чухал ач холбогдолтой боллоо гэдгийг онцоллоо ,

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.