Чацарганы нэг эр мод 10 эм модтой нийлэн нэг бүл болдог
Монголд ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах явдал тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа байгалийн нөөц, ойн сан төрийн өмч гэдэг утгаараа эзэнгүйдэж, хяналт зохицуулалтгүй ашиглаж байгаагийн улмаас ой устаж, ойн талбай хумигдсаар байна.Иймээс ойн талаарх хууль, тогтоомж, 2008 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас 2008-2012 онд ойн талаар авч хэрэгжүүлэх стратеги, экологийн тэнцвэр, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэн ойн татаар баримтлах бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор БОАЖЯ-наас 2010 оныг "Ойн менежментийг боловсронгуй болгох жил" болгон зарлаж, найман томоохон зорилтыг дэвшүүлж тэдгээрийн хүрээнд 48 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх саяхан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн санг гэрээгээр Монгол орны ойн өнөөгийн байгуулатгыг бэхжүүлэх талаар төлөв байдал, төрөөс ойн талаар анхаарч, 2009 оны дөрөвдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлуудын хүрээнд Засгийн газрын 251207 га ойн сан бүхий газар нутгийг 15 жилийн хугацаатай сумын нийт ойн сангийн 69,3 хувийг нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлээд байгаа аж. Ойн нөхөрлөл нь улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж биш, Монгол Улсын Иргэний хуулинд зааснаар бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлдог улсын бүртгэлд ордоггүй сайн дурын байгууллага юм байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 10 жил ажиллаж байгаа ойн нөхөрлөл хэд хэд байгаа гэнэ.
Тэдгээрийн үндсэн чиглэл нь ойн санг хамгаалах нөхөн сэргээх, ойн түймэртэй тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зорилготой ажээ.
Хараа голын эрэг дээр орших "Баянгол" нөхөрлөлийг зорьж очвол бидний хэзээний танил энэ цагийн эгэл баатар Ганхуяг эгчийнх тэнд байлаа. Тэднийх 30 гаруй төрлийн 30 мянгаад мод тарьсан бөгөөд монос, чацаргана, нарс, хар мод/шинэс/, шар хуайс тарьж, үржүүлэх газартай юм байна. Хятадаас тарьц, суулгац их хэмжээгээр орж байгаа нь түүний санааг ихээхэн зовоож байгаа гэнэ. Бид дөрвөн жилийн хөдөлмөрөөр найдвартай ургах нэн сайн модны тарьцыг гаргаж авч байхад Хятадаас оруулж ирж байгаа тарьц нэг жилийн дотор бордоогоор бордоод ургуулсан байдаг. Хятадаас тарьц нь оруулж ирэхээр сөрөг үр дагавар ихтэй. Элдэв шавьж хорхой орж ирэхээс гадна вирус тархах аюултай байдаг хэмээн тэрбээр ярьж байна. Эднийх хамгийн олон буюу 10 жил ойн санг эзэмших нөхөрлөл байгуулаад ажиллаж байгаа юм. Мөн нөхөрлөлөө түшиглэн хүмүүсийн амрах ая тухыг бодож "Ноён тур" хэмээх амралтын газар ч байгуулаад амжсан байна. Бидний дараагийн очсон нөхөрлөл бол "Хургалаг нөхөрлөл" байв. Тэдний ахлагч нь Д.Оюунгэрэл хэмээх тракторын жолооч бүсгүй. Нийт 4583 га газарт нөхөн сэргээлт, мод үржүүлгийн ажил хийж байгаа, 29 гишүүнтэй. Өнгөрсөн онд 13 га газрыг дуудлага худалдаагаар 21 сая төгрөгөөр худалдан авсан ажээ. Энэ жил чацарганы 3000 суулгац тарьж байгаа гэнэ. "Хургалаг нөхөрлөл"-ийн агрономичоор гавьяат Болоож гуай ажиллаж байгаа юм байна. Тэрээр чацарганы нэг эр модны суулгац 10 эм модны суулгацтай зэрэгцүүлэн тарьж байж нэг бүл мод болдог. Ингээд хоёр жилийн дараа үр жимсээ өгдөг хэмээн бидэнд ярьсан юм.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Мандат суманд ажиллахдаа тус суман дахь Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн дэр мод боловсруулах технологитой танилцсанаас гадна мод үржүүлгийн газарт очсон. Тэрбээр мөн 'Тайлжийн нуруу" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрээр орсон. Тус суманд мод боловсруулах үйлдвэр, хөрөө рам байнга ажилладаг учраас модны үртсээ ашиглан шахмал түлш хийдэг ажээ.