2010.09.23

“Ногоон хэрэм”-ийн ачаар 2500 га газар модтой болжээ

БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн байгууллагуудын санхүүжилтээр "Байгаль хамгаалал-Бодлогын шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг, сургалт өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт болж өнгөрлөө. Семинарт баруун таван аймаг, бүс нутгийн 100 гаруй ойн мэргэжилтнүүд, шинжлэх ухааны эрдэмтэд, орон нутгийн иргэд болон салбарын сайд нар оролцов. Хуралдаанаар "Ус, цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлт" ба "Ногоон хэрэм" зэрэг хөтөлбөрүүдийн танилцуулга, бодлого, ажлын үр дүн, хэрэгжилт зэрэг байгаль экологийн олон талт асуудлыгавч хэлэлцэв. Ховд төдийгүй баруун бүс нутагт байгаль орчны мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг дээрх сургалтын зорилго болох юм. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхэд нийгэм, эдийн засгийн олон талт асуудал давхар хөндөгдөж, ажлын байр, ядуурал, өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хамтад нь шийдэх боломжтой юм байна. Дээрх хуралдаанаас цаашдын бодлогыг төлөвлөх газрын нөөц, ашиглалт, ус, усны хангамж, харуул хамгаалалт, тэр дундаа хүмий хөдөлмөрийн нөөц бо лолцоог ашиглах нэгдсэн нэг газар талбайг шийдэж, бодитой хөрөнгө оруулалт хийх нь үндсэн зарчим болж байв. Хурлын үеэр сайд, орон нутгийн төлөөлөгчид, Ховд аймгийн БОАЖГ,Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтай танилцаж мод үржүүлэгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Үр жимс хоршоо, Уурхайт нөхөрлөл. Хишиг-хангай, "Ховд Сафари" компаниудын ажилтай газар дээр нь танилцав. Мөн ойн зурвас байгуулалт ойжуулалт, чацаргана тариалалт зэрэг ажлын туршлагатай танилцлаа.

БОАЖЯ-ны сайд Л.Гансүх: Бид хөдөлмөрлөвөл амжилтад хүрдэгийг үзлээ.

Сэтгэл гаргавал бид юу ч хийж болох юм байна. Чацарганы нэг аж ахуйн тавхан га газраас 40 тн ургац хурааж авна гэхээр бахархахаас өөр арга алга. Хүн өөрөө тогтвортой амьжиргааг бий болгоно гэдэг нь байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, хамгийн гол нь хөдөлмөрийн үр шим юм. Манай яамныхны зүгээс тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгоход санаачлагатай ажиллаж байгаа. Үүнийг байгаль орчиндоо сэтгэлтэй хандаж байгаа иргэдэд, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжихэд зар-цуулна. Үүнд олон талын зохицуулалт хэрэгтэй. Хяналтын механизмыг бий болгох ёстой. Бидний өмнө хийх ажил их байна. Энэ бүхэн иргэдийн өөрсдийнх нь санаачилга, оролцоотой бий болно. Байгаль орчныг хамгаална гэдэг хэдэн хүний хийх ажил биш. Энэ бол Монголын иргэн бүрийн үүрэг.

Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга А.Авирмэд: Улиас, бургас экологийн ач холбогдолтой мод юм.

2005 онд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар ногоон хэрэм хөтөлбөр батлагдаж тухайн жилийн тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний бэрхшээл учирч байлаа. Говь хээрийн бүсэд амьдардаг иргэд мод тарималжуулах мэдлэггүй, усан хангамж дутмаг, тарьц суулгацын нөөц бага зэрэг хүндрэлүүд гарч байлаа. Гэхдээ энэ ажлын үр дүн нилээд сайжирч байгаа. Тэр үед үзүүлж харуулах юмгүй байсан бол таван жилийн дотор 2500 га-д тарималжуулж модлог ургамлыг 75-90 хувийн амьдралтай болгосон байна. Үүнийг улам сайжруулахын тулд орон нутгийн иргэдийн дунд мод тарих мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулсан. Бид эхний ээлжинд түргэн ургалттай модыг тариалах бодлоготой байсан. Улиас, бургас зэрэг нь түргэн ургадаг экологийн ач холбогдолтой мод юм. Үүнээс хойш эдийн засгийн ач холбогдолтой үр өгөөжтэй мод тарих нь ашигтай гэдгийг хүмүүс ойлгосон. Эдийн засгийн үр өгөөжтэй модонд чацаргана орох бөгөөд Монгол орны нутаг дэвсгэрт нутагшуулж туршаад, үр дүнтэй гэдгийг мэдэрсэн учир дэмжиж байгаа.

Манхан сумын Засаг дарга С.Гантөмөр: Манай сумын 60 га газар ойтой болж чадсан

Манай сумын 80,2 га газарт "Ногоон хэрэм" хөтөлбөрийн хүрээнд мод тарьсан. Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аймгийн байгаль орчны газар, мод тарьж байгаа компанитай хамтран салхины зурвас газар, газар тариалан эрхлэгчдийн эхлэл хэсэг, цөлжилтөд нэрвэгдэж буй газруудыг сонгож "Ногоон хэрэм"-ийн талбай байгуулсан юм. Анх 2007 онд Ногоон хэрэм хөтөлбөрийн үндсэн бүс сонгох ажлын хэсэг ус, хөрс, ургамлын эрдэмтэд 250 га газар сонгож авснаас одоогоор 60 орчим га-д мод тарьсан. Цаашдаа мод тариалах боломжтой газрыг сонгох, суваг шуудуу татах бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Мөн хувь хүмүүс өөрсдийнхөө хөрөнгөөр "Ногоон хэрэм"-д талбай эзэмшиж тариалалт хийх болсон.

Швейцарийн хөгжлийн агентлаг менежер Г.Даваадорж: 700 км ногоон зурвастай болох боломж алга.

Монгол Улсын Засгийн газар анх''Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа элсний нүүдлийг зогсоох зорилттавьсан. Улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа, хөрөнгө хэмжээ хязгаартай, боломж муу учраас 2015 он хүртэл 700 км урт зурвастай болгох ёстой боловч түүнд хүрэх боломж хомс байна. "Ногоон хэрэм" хөтөлбөрт тендерээр шалгарсан компаниуд гурван жил болсон ч тарьсан жаахан модоо хүлээлгэж өгөх эзэн байдаггүй.Эцсийн хувилбар нь хүмүүст хувьд нь өгөх хэрэгтэй болов уу. Тарьсан хүн нь өөроө авья гэвэл газрыг нь гэрээгээр өгчих боломжтой. Цаашид "Ногоон хэрэм" хөтөлбөрт анхаарах юм байна. Дэлхий нийтээр байгаль хамгаалах асуудлыг хувь хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн арга хэрэглэхгүй бол болохгүй. Жишээ нь, эдийн засгийн үр өгөөжтэй модоор ойн зурвас бий болгох хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.