Л.Гансүх: Тавантолгойн ТЭЗҮ-г шинээр боловсруулж, усны нөөцийг нь би баталгаажуулна
Тавантолгой орд газрын ашиглалтын тухай сэдэв анхаарлын төвд байгаа энэ цаг үед байгаль орчны чухал асуудлуудаар салбар эрхэлсэн Сайдтай The Mongolian Mining Journal-ийн Э.Сайхантуяа ярилцлаа.
-Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төсөл батлагдаад байгаа энэ үед говийн бүсэд уул уурхайн бүтээн байгуулалт өрнүүлэхэд шаардлагатай усны нөөц олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Тухайлбал Тавантолгойн ТЭЗҮ-д усны нөөцийг хэрхэн тусгасан байдаг вэ?
-Тавантолгойн цогцолборын усны хэрэглээг 416.6 л/с буюу хоногт 36 мянган метр куб байхаар тооцоолж ТЭЗҮ-дээ тусгасан байсан. Энэ хэрэгцээгээ Балгасын улаан нуурын газар дорх усны ордоос 15 худаг өрөмдөж, нийт 70 гаруй км урттай 600 мм-ийн диаметр бүхий ус дамжуулах хоолой татаж, ус өргөлтийн гурван шахуургын станц байгуулж хангахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ хэмжээ зураг төслийн шатанд дахин нарийвчлагдаж, хэдэн онд яаж нэмэгдэх нь тодорхой болно.
-Тэгвэл ТЭЗҮ-ийг шинээр боловсруулахад усны нөөцийн хэмжээ өөрчлөгдөнө гэж ойлгож болох уу?
-Өөрчлөгдөнө гэж ойлгож байгаа. Төсөл ус хангамжийн эх үүсвэрийн хомсдолтой бүсэд хэрэгжих учраас энэ онцлогийг харгалзан ус ашиглалтыг хамгийн бага байлгах, эргүүлэн ашиглах нөхцөл бүхий технологийг сонгож авсан байх шаардлагыг бид тавьж байна. Тавантолгойн нүүрсний цогц ордод нийт дөрвөн аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Томоохон хэсэг ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани эзэмшдэг юм.
Саяхан УИХ-аас гарсан шийдвэр нь төрийн эзэмшилд байгаа ордын бүрэн хэмжээний ашиглалтыг зохицуулах тухай асуудлыг хамарч байгаа хэрэг. Тиймээс ч “Эрдэнэс МГЛ” компани ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар боловсруулаад байгаа. ТЭЗҮ албан ёсоор батлагдсаны дараа уг компани манай яаманд хандан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ тавих ёстой. Түүний дагуу яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, улмаар мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан үнэлгээ хийлгэж батлуулна. Тухайн ордтой холбоотой усны нөөцийн ашиглалтын хэмжээг Усны салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд батлах ёстой.
-Тавантолгой төслийн урьдчилсан ТЭЗҮ-д усны нэмэлт хайгуул судалгаа хийх шаардлагатай гэж тусгасан. Энэ нь их хэмжээний үйлдвэрлэл явуулахад усны нөөц хүрэлцэхгүй гэсэн үг үү?
-Ер нь Монгол орны өмнөд говийн бүсэд усны нөөц хязгаарлагдмал гэдгийг бид сайн мэднэ. Балгасын улаан нуурын хотгорт 1987-1988 онд хийсэн судалгаагаар 453 л/с нөөцтэй гэж тогтоосон бөгөөд сүүлд 2007-2008 онд “Хангад эксплорейшн” ХХК-иас түүний тодорхой зарим хэсэгт хийсэн хайгуулын ажлаар /үйлдвэрлэлийн В+С1 зэргээр/ 150.84 л/с буюу хоногт 13032.92 м3 ашиглалтын нөөцийг тогтоож баталгаажуулсан. Иймээс дээр хэлсэн нөөцүүдийг нягтлах, зөрүүг арилгах, усан хангамжийн эх үүсвэрийг баталгаажуулах, мөн илүү ойр эх үүсвэр тогтоох зорилгоор хайгуул судалгааны ажлыг хийх шаардлагатай болно гэж ойлгож байна.
-Балгасын Улаан нуурыг усны эх үүсвэр болгох тухай урьдчилсан тооцоолол хэр бодитой вэ? Ер нь говийн энэ бяцхан нуурын тухай Та ямар тоо баримт олон нийтэд хэлэх боломжтой вэ?
-Балгасын Улаан нуур уртаашаа 11 км, өргөн нь дунджаар 6-8 км хэмжээтэй, манай говь цөлийн бүсэд нэлээд тохиолддог уулс хоорондын хөндийд үүсдэг жижиг нуур юм. Ихээхэн хэмжээний хур тунадас унасан үед ойролцоогоор 1-1.5 м гүн ус хуримтлуулдаг энэ нуур тус бүс дэх бусад нуур, тойрмын адил гантай жилүүдэд ширгэж алга болдог. Мөн л говийн нуур тойрмуудын нэгэн адил шорвог, хатуулаг өндөртэй. Сүүлийн арваад жил бий болж чадахгүй байсаар энэ оны хавар орсон хур тунадасны нөлөөгөөр бага зэрэг устай болоод байгаа мэдээлэл бий. Гэхдээ бидний яриад байгаа нөөц энэ нууранд биш нуурыг тойрсон 40 гаруй км урт, 20 км өргөнтэй Балгасын Улаан нуурын хотгор хэмээх хөндий газарт тогтоогдсоныг хэлэх хэрэгтэй. Тус хөндийд усны хуримтлал буюу орд тогтоогдсон юм. 1987-1988 онд явуулсан хайгуулын ажлыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үеийн усан хангамжийн эх үүсвэрийг тогтоох ажлын хүрээнд хийсэн бөгөөд сүүлийн 2007-2008 онд хийсэн судалгааг Баруун Нарангийн нүүрсний ордыг ашиглахад шаардагдах усны эх үүсвэрт зориулан хийсэн байдаг юм.
-Балгасын Улаан нуурын хотгороос өөр усны нөөц говийн бүсэд бий юү. Тогтоосон судалгаа байдаг уу?
-Тавантолгойн ордын ойролцоо нөөц нь тогтоогдсон газрын доорх усны ордууд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Нарийн заг, Зайрмагтай, Таван-Алдын говь, Номгон сумын нутаг Борзонгийн говь буюу Хүрмэн цагаан, Гурамсангийн хоолой, Хүрмэн сумын нутаг Бүгтийн говь зэрэг нийт 20 газарт тогтоогдсон. Тэдгээр ордын газрын дорх усны ашиглалтын нөөцийг /А+В+С1+С2 зэргээр/ хоногт 219701.0 м3 гэж тооцсон байдаг. Мөн “Энержи Ресурс” ХХК Цогтцэций сумын нутаг Наймантын хөндийд Ухаа худагийн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан уулын үйлдвэр, уурхайчдын хотхоны хүн амын унд, ахуйн болон технологийн хэрэгцээний усан хангамжийн үндсэн эх үүсвэрийн зориулалтаар гидрогеологийн эрэл хайгуул судалгааны ажил явуулж урьдчилсан байдлаар 53 мянган л/с буюу хоногт 4579.2 м3 ашиглалтын нөөцийг тогтоогоод байна. Эдгээр орд Тавантолгойн ордоос үндсэндээ 200-250 км-ийн тойрогт багтах байршилтай бөгөөд тэнд худгийн байгууламж барих, шугам хоолой татах, насос станцуудыг байгуулж, дамжуулах зэрэг асар их хэмжээний хөрөнгө зарсан ажлууд хийх шаардлагатай болно.
-Говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл явуулахдаа гүний ус ашиглах төлөвлөгөө бий. Эргэж нөхөгддөггүй энэ баялгийг ашиглах талаар тусгай зохицуулалт хийх шаардлагатай юу? Говийн экосистем олон жилийн дараа танигдахгүй болтлоо өөрчлөгдөж болзошгүй гэлцдэг?
-Манай орны говь цөл, тал хээрийн бүсийн ус хангамжийн ганц эх үүсвэр нь газрын дорх ус. Тиймээс бид газар дорх усыг ашиглах зарим зохицуулалтыг хийдэг юм. Нөөц тогтоогдсоны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, экологийн шалгуураар хэдий хэмжээний ус авч болохыг нь тогтоогоод хязгаарлачихдаг. Тухайлбал, Оюутолгой орчимд Галбын говийн газар дорх усны нөөц 360 л/с нөөцтэй боловч бид байгаль орчны үнэлгээгээр 125 л/с-ээр нэмэгдэл эх үүсвэр байдлаар ашиглахаар хязгаарласан. Энэ хэмжээнээс хэтэрвэл тухайн хэсэг дэх гар худгууд болон булгууд хатаж ширгэх, хайлаас модод нь хатах зэрэг эрсдэл үүсч болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Таны асуусан говийн экосистемд сөргөөр нөлөөлөх, улмаар танигдахгүй болохоос урьдчилан сэргийлж байна гэсэн үг.
Нөгөө талаас говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй бүх уурхай газар дорх усны байнгын хяналт, шинжилгээ жил тутам хийж, үр дүнг нь орон нутгийн захиргаа, аймгийн Байгаль орчны алба, БОАЖЯ-нд ирүүлж байх үүрэгтэй. Энэ дүнгээс бүс нутгийн усны нөөц, чанарт уул уурхайн үйлдвэрлэл яаж нөлөөлж байгааг тодорхой харж болно. Мониторингийн явцад усны түвшин буурах, чанар байдалд нь урьдчилан тооцоолсноос их өөрчлөлт орвол ашиглалтыг зогсоож шалтгааныг нь төрийн болон судалгааны байгууллагуудаар хөндлөнгийн байдлаар тогтоолгож, түүнийг арилгах арга хэмжээг буруутай талаар нь авахуулах зохицуулалт бий. Энэ мэтээр хяналт, зохицуулалтын механизмуудыг хийж өгсөн төдийгүй бид үүнийгээ улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Нэмж тэмдэглэхэд, говийн бүсийн газар дорх ус хуримтлагдсан геологийн тогтцыг аваад үзэхээр зарим нь бага гүний буюу одоогийн гар худаг, бага гүнтэй өрөмдмөл худгуудаар авч ашигладаг уст үеүд гэж бий. Тэдгээрийн 200 метр буюу түүнээс доош орших давхаргад шаварлаг хэсэг ихтэй байдаг юм. Ийм нөхцөл дэх гүний усны эрдэсжилт, хатуулаг өндөр, унд ахуйд хэрэглэх боломжгүй. Тиймээс шаварлаг давхаргаар хязгаарлагдсан гүний усыг үйлдвэрлэлд ашиглуулаад, төлбөрийг нь авбал бидний эдийн засгийн чадавхид бас нэг боломж нээгдэнэ гэж үзэж байна.
-Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахын өмнө Эрдэс баялгийн зөвлөл усны хэрэглээний горимыг олборлолтын ажилтай бодитой уялдуулахыг сануулж байсан. Говийн усны хэрэглээний горимд үйлдвэрлэлийн явцад хяналт тавих боломж байдаг уу?
-Мэдээж бий. Бид Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд маш тодорхой тусгаж тохиролцсон шүү дээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах үед Эрдэс баялгийн зөвлөлөөс ус ашиглалтын горимыг олборлолтын үе шатуудтай уялдуулах шаардлага тавигдсан байсан. Оюутолгойнхны хувьд ордын нөөцийг тогтоохын хажуугаар хайгуул судалгааны ажил хийж тодорхойлсон усныхаа нөөц, боломжид зохицуулан хүчин чадлаа нэмэгдүүлэхээр сонгосон хувилбарыг оруулж ирсэн. Усны газраас мэргэжлийн дүгнэлт хийж надад танилцуулан баталгаажуулсан. 870 л/с-ын нөөцтэй Гүний хоолой дахь газар дорх усны эх үүсвэрийн хэмжээнд одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан 2018 он хүртэл өргөтгөх, хоногт 85 мянган тонн хүдэр боловсруулахаар төсөлд тусгасан. Цаашдаа хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардагдах усны эх үүсвэрийг энэ хугацаандаа аль боломжтой байдлаар нь шийдэх юм. Үйлдвэрлэлийн явцад ус ашиглалтыг онцгой хяналттай явуулах бөгөөд эх үүсвэрүүдэд тоолуур тавих, байнгын хяналт-шинжилгээ хийх, сөрөг нөлөө илэрвэл тэр дор нь шалтгааныг тогтоож, арилгах шаардлага тавигдана.
-“Сайншанд”-ын хүнд үйлдвэрийн цогцолборын эдийн засгийн өгөөжийг тооцоолон ярих хүн олон байгаа боловч гангийн, нүүрс-химийн үйлдвэрлэлээс экологид учруулдаг хохирлын талаар байр сууриа илэрхийлэх хүн ховор байна. Хөгжингүй улс орнууд уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг яагаад нутагтаа байгуулдаггүй, харин хөгжиж буй улсуудад байгуулдаг юм бэ?
-Ер нь уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл их гэдэгтэй санал нэг байна. Тийм ч учраас уул уурхайн үйлдвэрлэлийн талаарх Засгийн газрын бодлого тодорхойлоход манай яам чухал үүрэгтэй. Энэ асуудлыг хоёр түвшинд авч үздэг. Нэгдүгээрт, бодлого тодорхойлох үед байгаль орчны талаарх нийтлэг шаардлага, боломжит технологийн нөхцөл байдалд үндэслэн бодлогын түвшний шийдвэр гаргахад манай дуу хоолойг сайтар хүлээн авч сонсдог. Хоёрдугаарт, батлагдсан бодлого шийдвэрийн хүрээнд уг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх түвшинд БОАЖЯ-наас батлах байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр дамжуулан технологийн болон үйл ажиллагааны тодорхой нөхцөл шаардлагыг тусган мөрдүүлдэг юм.
Сайншандын үйлдвэрийн парк байгуулах талаар судалгаа дүгнэлт гаргах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгчихөөд байгаа энэ үед холбогдох ТЭЗҮ-ийг боловсруулан, түүнд байгаль орчны үнэлгээ хийж хянах болно. Байгаль орчинд нөлөөлөх байдлын хуулийн дагуу аливаа үйлдвэрлэлээс үзүүлэх нөлөө нь аюултай зэрэглэлд хүрэх нөхцөлд уг үйлдвэрийг барьж байгуулахыг хориглох эрх хуулиар бидэнд байгаа. Эсвэл тодорхой чиглэлээр технологийн шийдлийн зөвлөмж хүргүүлж шинэчлэх шаардлагыг бас өгч болно.
-Уул уурхайн үйлдвэрлэлийн үед бүс нутгийн ан амьтан идээшсэн нутаг орноосоо нүүдэллэх, хил даван дайжих явдал их гарна. Ялангуяа төмөр зам байгуулахад зээрийн сүргийн нүүдлийн замыг хаах явдал гардаг. Ан амьтнаа яаж хамгаалах вэ? Ховор ан амьтдыг хил даван дайжихаас урьтаж, шилжүүлэн нутагшуулах боломж бий юү?
-Тавантолгой, Оюутолгойн ордын бүс “Улаан ном”-д орсон хулан, хар сүүлт, тажигдаахай зэрэг хөхтөн амьтдын суурьшсан гол нутаг болох нь тогтоогдсон. Тус бүс нутагт сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөсөн хайгуул судалгаа, тээврийн үйл ажиллагаанаас хамаарч дээр дурьдсан амьтад энэ бүс нутгаас дайжиж Дорноговь аймгийн Хатанбулаг болон Өмнөговь аймгийн урд талын Номгон, Баян-Овоо, Гурвантэс сумдын нутаг руу шилжин байршсан нь мөн тогтоогдсон. Харамсалтай нь, манайд амьтны шилжих хөдөлгөөнийг хангах зохицуулалт хийсэн замын стандарт байхгүй байгаа нь харьяа яамны зүгээс ойрын хугацаанд анхаарах ёстой асуудал болоод байна.
Одоогоор Евро стандартыг туршин нэвтрүүлэх ажлын хүрээнд бид энэ чиглэлийн туршлагыг судалж байна. Бэлчээрийн сэлгээ болон бусад шаардлагаар хийгдэх ан амьтны нүүдэл хөдөлгөөн шилжилтэд саадгүй байх гарцуудыг одоо байгуулагдах зам, төмөр замын зураг төслүүдэд тусгаж байгуулна. Ийм гарцууд бартаатай газруудад 25-30 км-ийн зайд байгуулах шаардлагатай юм билээ. Нөгөө талаас авто болон төмөр замын далангийн өндөр нам дор, тэгш газрууддаа 30 см-ээс ихгүй буюу нүүдэл хөдөлгөөнд саад болохгүй байх шаардлага тавигдана. Иймд бид тодорхой стандартыг даруй боловсруулан батлуулж, зам барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусган хэрэгжүүлэх чиглэл баримталж байна.
-Өнгөрсөн сард Өмнөговь аймагт ажиллах үеэр элсэн дээр мод, цэцэг ургуулж болдгийн тод жишээг харлаа. Энэ мэтээр ногоон төгөл, мод үржүүлгийн ажил явуулж буй иргэдэд үзүүлэх урамшуулал бий юү?
-Тийм ээ. Монголын говь нутагт ус чийгийн хангамж, арчилгаа сайн бол юуг ч ургуулж болдгийг бид мэднэ. Хамгийн харамсалтай нь усны хомсдол эндээс тодорхой харагддаг юм. Ийм л учраас бид энэ бүс нутаг руугаа цэвэр усыг дамжуулан хүргэх нь стратегийн онцгой ач холбогдолтой. Нөгөө талаар бид Сангийн яамтай хамтран тусгай журам гарган мөрдүүлж байна. Журмаар мод тариалсан иргэн аж ахуйн нэгжийн гурваас дээш настай болтол ургуулсан моддыг үнэлэн худалдан авч байгаа. Жишээлбэл, улсын хэмжээнд 2008 оны байдлаар иргэдийн 43 га талбайд тарьсан модыг 13.9 сая төгрөгөөр, 2009 онд иргэдийн 77.2 га талбайд тарьсан модыг 26.4 сая төгрөгөөр тус тус худалдаж авсан байна.
-Говийн бүс нутаг руу цэвэр усыг дамжуулан хүргэх нь стратегийн онцгой ач холбогдолтой гэж Та хэллээ. Цөлжилтөөс сэргийлэхээс гадна уул уурхайн үйлдвэрлэл явуулахад усны нэмэлт эх үүсвэр чухал. Ийм эх үүсвэрүүдийн нэг гэж тодорхойлоод байсан “Хэрлэн- Говь” төслийг хэрэгжүүлэх яриа үндсэндээ тасрав бололтой?
-Ер нь говийн бүсэд усны эх үүсвэрийн нөөцөөс үйлдвэрлэлийн хүчин чадал шууд хамаарахаар болж байгаа учраас бид “Орхон-Говь” төслийг хэрэгжүүлж усан хангамжийн хомсдолыг нөхөх, ялангуяа тус бүс нутаг дахь хүн амын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Яамны зүгээс “Орхон-Говь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Эхний ээлжинд дээрх төслийг хэрэгжүүлж, үр дүнг нь олон нийтэд харуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Улмаар хэний ч нүдний өмнө ил байх алдаа, оноог шүүн тунгаагаад амжилттай болбол цаашид Хэрлэн болон бусад гол мөрөнд урсацын тохируулга хийх ажлуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн юм.
-Хурын болон үерийн усыг хуримтлуулж усан сан бүхий нөөц бий болгох талаар судалгаа төлөвлөгөө манайд бий юү. Ер нь гадаадын улс орнуудад энэ чиглэлийн туршлага ямар байдаг юм бэ?
-Саяхан Засгийн газраас боловсруулж УИХ баталсан “Ус” үндэсний хөтөлбөрт үерийн усыг хуримтлуулах сангуудыг байгуулах, тал хээр, говь, өндөр уулын бүсэд хур борооны ус болон мөстлөг хайлснаас бий болсон усыг тогтоох усан сан, хөв цөөрмүүдийг байгуулах талаар тодорхой зорилт дэвшүүлж хэрэгжүүлэхээр тусгасан. Усны нөөцийг хуримтлуулах талаар Турк, БНСУ, Япон, Америк зэрэг орны туршлагыг бид судалж үзсэн. Эдгээрээс хамгийн сайн туршлагатай нь одоогийн байдлаар Турк улс байгаа юм. Тэд усны нөөцийн хуримтлалыг бий болгосноороо хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдсэн байна. Жишээлбэл, томоохон усан сангуудыг бий болгож эрчим хүч үйлдвэрлэж, ХАА болон үйлдвэрлэлийн усан хангамжаа бэлтгэж, үерийн аюулаас сэргийлж, аялал жуулчлалын бүс нутгуудыг бий болгосон юм билээ.
Говьд усны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр дээр дурдсан хөтөлбөрт зааснаар гол нь борооны усыг тогтоон барих хөв цөөрөм, мөн үүлэнд зориудаар нөлөөлөх болон газрын генераторыг суурилуулан ашигласнаар орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, улмаар нөөцөө нөхөн сэлбэх арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа.
-Уул уурхайн олборлолт явуулсны дараа нөхөн сэргээлт хийсэн компанийг хараагүй гэж говь нутгийн иргэд ярьж байна. Ер нь нөхөн сэргээлт хийсэн үгүйг хэрхэн, ямар аргаар хянадаг вэ? Хуулийн орчин хэр зохицуулагдсан бэ?
-Харамсалтай нь нөхөн сэргээлтийг үл тоодог жишиг ихэнх газар тогтоод нэлээд удаж байна. Гэхдээ бас нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийж байгаа аж ахуйн нэгж байгааг дурдах ёстой. Байгаль хамгаалах тухай хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг маш тодорхой тусгасан байдаг юм. Нөхөн сэргээлтийн зардлаа тодорхойлоогүй, барьцаа хөрөнгөө байршуулаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй байгууллага аж ахуйн нэгжүүдтэй бид хариуцлагыг өндөр түвшинд ярих болно. Саяхан бид уул уурхайн нөхөн сэргээлтийн төслийг хийх болон зардлыг тооцох аргачлал, экологийн хохирлыг тооцох аргачлал зэргийг баталсан. Эдгээр аргачлалаар нөхөн сэргээлтийн зардал, экологи, эдийн засгийн үнэлгээг нь тогтоож, хариуцлага тооцох болно.
Өөрөөр хэлбэл, өдий болтол хэрэгжээгүй байсан эдийн засгийн хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх юм.
Нөхөн сэргээлтийн хяналтыг төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагчид тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол бидэнд мэдэгдэж зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээ авдаг. Уурхайн нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих сайн механизм бол орон нутгийн иргэдийн оролцоо гэж бид үзэж байгаа. Энэ талаар Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. Бид энэ чиглэлийг Тавантолгойн төсөлд ч баримтлах болно.
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө лиценз эзэмшигчдээс Нөхөн сэргээлтийн санд зохих мөнгө байршуулахыг шаардах ёстой юу? “Тавантолгой” төсөлд ийм шаардлага тавих уу?
-Яг одоогийн мөрдөж байгаа хуулиар бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө нөхөн сэргээлтийн санд хөрөнгө байршуулахгүй байгаа. Зөвхөн ашигт малтмал олборлох үйл ажиллагааны явцад Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.9-д заасны дагуу жил бүрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулагдах хөрөнгийг манай яам батлаад, түүнийгээ хэрэгжүүлэх баталгаа болгож 50 хувийг нь ашигт малтмал олборлож байгаа аливаа аж ахуйн нэгж Төрийн сангийн тусгай дансанд байршуулдаг. Хэрэв тухайн жилдээ энэ арга хэмжээгээ хэрэгжүүлээгүй бол зардал нь сандаа үлдэж, нөхөн сэргээлтийг өөр байгууллагаар хийлгэх тохиолдолд ашиглахаар зохицуулагдсан байгаа.
“Тавантолгой” төсөл бол одоогийн мөрдөж байгаа энэ зохицуулалтаар явна. Цаашдаа бид нөхөн сэргээлтийн барьцааг тусгай санд байршуулах, түүнийг зарцуулах журам зэрэг нөхөн сэргээлтийг зайлшгүй хийлгэдэг байх механизмыг тодорхой хуулиудад оруулна. Хэрвээ Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бол бид үүнийг гэрээнд нарийвчлан тусгаж мөрдүүлнэ. Харин уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн зардлыг эртнээс төлөвлөн, бас тусгай санд төвлөрүүлж эхлэх асуудлыг бид Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан бөгөөд ийм агуулгатай заалт Тавантолгой ордын хувьд ч байх болно.
-Говьд үйлдвэрлэл сэргэж, хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр байгаль орчны үнэлгээ нь доройтож, өнөөдрийн Улаанбаатар шиг болох магадлал өндөр. Ийм болгохгүйн тулд говийн бүсийн хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах ёстой вэ?
-Санал нэг байна. Үнэхээр өнөөдөр говийн бүс нутагт, тэр дотроо бидний харж байгаагаар Тавантолгой, Оюутолгой орчимд орших Цогтцэций, Ханбогд сумд эрс өөрчлөгдөж, хот суурин газар үүсч эхэллээ. Суурин байгуулах талаар Засгийн газраас баримталж байгаа гол зарчим бол зөвхөн уурхайгаас хамааралтай амьдралын орчин бүрдүүлэх ёсгүй. Уурхай хаагдсаны дараа ч хүн амын амьдралын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх талаар харгалзан үзэж байна. Ер нь хот төлөвлөлтөд харгалздаг чухал үзүүлэлтүүдийн нэг нь эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усны эх үүсвэр юм. Нөгөөтэйгүүр, говийн бүсэд хот төлөвлөлтийг хийхдээ нэн түрүүнд шугам сүлжээ, зам зэрэг дэд бүтцийг нь бүрдүүлж байж суурьшлаа бий болгох ёстой. Улмаар Улаанбаатарын хүндрэлийг говьд давтахгүйн тулд төлөвлөлтөө нарийн хийх нь чухал. Ногоон байгууламжийн хэмжээг нийт эдэлбэр газрынхаа 40-өөс доошгүй хувьд бий болгож чадвал оршин суугчдынхаа ая тухтай байдлыг хангана.
Эх сурвалж: "Миний Монголын журнал" сэтгүүл