УИХ-ын гишүүн Г. Баярсайхан: Хөрөнгө Орлогын мэдүүлэгтээ мониторинг хийлгэх сонирхолгүй гишүүн олон байгаа
УИХ-ын Ёс зүйн дэд хороо намрын чуулган эхлэхээр төрийн албанд бий болсон ашиг сонирхлын зөрчлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх болжээ. Энэ талаар тус хорооны дарга Г. Баярсайхантай ярилцлаа.
-Хаврын чуулганы өмнөхөн УИХ-ын Ёс зүйн дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийсэн. Дэд хорооны хуралд УИХ-ыи гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийхийг санал гарсан ч дэмжлэг аваагүй. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж харж болох уу?
-УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаврын чуулган завсарлахаас өмнө анхны хурлаа хийсэн. Парламентын гишүүд ёс зүйн дүрэмтэй болохын тулд бараг найман жил ажилласан ч бүтэлгүйтэж байсан. Ингээд энэ удаагийн парламент Ёс зүйн дүрмийг батлахад спикер Д. Дэмбэрэл чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Дэд хороо өмнө нь хийж байсан ажлын тайлангийн дүнтэй танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Миний зүгээс УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг, ашиг сонирхлын зөрчлийн талаар хэлэлцүүлэг хийх санал оруулж хэлэлцүүлсэн. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хувьд хууль тогтоох байгууллагыг нээлттэй, тунгалаг байх учиртай гэж үздэг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ард иргэдэд нээлттэй байх ёстой. Гэтэл төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг тодорхой биш. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлэгт нь дүн шинжилгээ хийдэггүйгээс иргэний хөдөлгөөнүүд, ард иргэдийн зүгээс байнга хардлага дагуулдаг. Энэ бүгдэд хариулт өгөх зорилгоор ийм санал гаргасан юм. Өнөөдөр Монголын төр дунд, доод шатны албан тушаалтнууддаа л сүрийг үзүүлдэг гэсэн шүүмжлэл байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдөө иргэний зориг гаргаж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дүн шинжилгээ хийгээч гэдэг шаардлага тавьсан юм. Харамсалтай нь гишүүдээс дэмжлэг аваагүй. Гэхдээ гишүүдийн хувийн байр суурьт хүндэтгэлтэй хандана. Харин миний хувьд гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь дүн шинжилгээ хийгээд тухайн гишүүний жилийн хөрөнгө нь ямар үндэслэлээр нэмэгдсэн, эсвэл хорогдсон нь нээлттэй байх учиртай гэсэн байр суурьтай байгаа.
-Гишүүд ямар нэг зүйлээс айгаад байна уу? Эсвэл хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн болохоор тэр үү?
-Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа тухайн гишүүдийг утсаар заналхийлж дарамталсан. Мөн намын нөхөд нь ч багагүй зэмлэсэн тухай яриа гарсан. Иймэрхүү зүйлээс эмээхгүй байна уу?
-Ес зүйн дэд хорооноос ашиг соиирхлын зөрчил гэдэг нээлттэй хэлэлцүүлэг хийх болсон. Үүнд ямар хүмүүс оролцох вэ?
-Дэд хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчлөөр хэлэлцуүлэг хийхийг 100 хувь дэмжсэн. УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчил байдгийг хүлээн зөвшөөрдөг ч яг юу болох, төрийн байгууллагын ямар шатанд илүү байгаа гэдгийг тодорхой хэлдэггүй. Мэддэг ч үгүй. Ашиг сонирхлын зөрчил нь тухайн УИХ-ын гишүүн өмнө ажиллаж байсан салбартай холбоотой асуудлаа ногоон гэрлээр дэмжүүлэх зэргээр илэрдэг. Тиймээс энэ бүхний талаар илэн далангүй нээлттэй ярилцаж, холбогдох хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн албаныхан, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож нээлттэй ярилцах болно.