2012.12.11

Математикч хүн худал хэлж, хулгай хийж лав чадахгүй

Манай математикчид багаараа Төрийн шагнал хүртлээ. Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн ноён оргил, эрдэм шинжилгээний шинэ санаа, шидээвэр бүтээлүүдийг хэвлүүлдэг Германы “Сфрингер” сэтгүүлд Төрийн шагналт дөрвөлийн эмхтгэсэн бүтээл ном болон хэвлэгджээ. Энэ бол тэдний төрдөө үнэлүүлсний дараахан өнгөрсөн баасан гаригт тус хэвлэлийн газраас ирүүлсэн шинэ мэдээ.

Дэлхийн толгой эрдэмтэд өөрийн сонирхсон чиглэлээр өндөр үнэ төлж, шимтэн судалдаг уг сэтгүүл монгол эрдэмтдийн бүтээлээр баяжсан нь энэ. Математикч багш, шавь дөрвийн нэг Төрийн соёрхолт, МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Р.Энхбатыг ярилцлагад урилаа.

-Та математикч болох замаа хэрхэн тавьж байв?

-Би дунд сургуульд байхын л математикт дуртай байсан. Наймдугаар анги хүртлээ Баян-Өлгийн хоёрдугаар арван жилд, 9-10 дугаар ангидаа Архангайн төвийн жилийн сургуулийг дүүргэсэн.

Аав минь ажлын шуга маар Архангай руу шилжсэн. Аймгийн 10 жил математикийн сургалт сайтай, улсын болон олон улсын олимпиадад хүүхэд бэлддэг, математикийн сургалтаар улсдаа тэргүүлдэг сургууль байлаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нар манай сургуулийн улсын олимпиадын аваргууд байхгүй юү. Мөн Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт олгодог 100 саяын шагналтан, академич Төмөрбат, Шинжлэх ухааны доктор, профессор Бямбажав гэж эрдэмтэн энэ сургуулийг төгссөн. БШУЯ-ны шилдэг бүтээлийн дэд байрын шагналт доктор, профессор Адъяасүрэн мөн энэ сургуулиас төрсөн.

Би 2008 оноос БНСУ-ын Бусан хотод байдаг Инжегийн их сургуулийн зөвлөх профессороор ажиллаж байгаа. Энэ сургуульд хоёр улирал багшилсан. Жилд 2-3 удаа очиж лекц уншдаг. Миний гурван ном тэнд гарсан.

Тэр үеийг бодоход одоо боловсролын системийн өөрчлөлттэй холбоотойгоор манай сургууль энэ тогтолцоогоо алдаж байна. Ийм сургуульд сурсан нь миний мэргэжлээ сонгоход шууд нөлөөлсөн. Уг нь би наймдугаар анги төгсөхдөө инженер болъё гэж бодож байсан юм. Дунд сургуулиа дүүргээд Эрхүүгийн их сургуулийн Хэрэглээний математикийн ангид элсэн суралцаж, 1980 онд төгссөн.

Намайг төгсөөд ирэхэд манай улсад хэрэглээний математикийн салбар байгаагүй учир би 1990 он хүртэл ШУТИС-д багшилсан. 1987-1990 онд Эрхүүгийн их сургуульдаа док торын зэрэг хамгаалсан. Тэгээд 1991 онд МУИС-д хэрэг лээ ний математикийн салбар бий боло ход уриг даж ирсэн минь энэ.

-Тэгэхээр хэрэглээний математик Их сургуульд шинэ салбар байх нь ээ?

-Тийм ээ. Энэ салбарыг нээхэд тухайн үед Математик, компьютерийн сургуулийн захирал байсан доктор, профессор Тогмид багш гол үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын нэртэй эрдэмтэн, хэрэглээний математикч, статистикч хүн л дээ. Тогмид багш намайг ШУТИС-иас Их сургууль руу урвуулсан. Орост докторын зэрэг хамгаалж ирээд ШУТИС-ийн одоогийн Математикийн сургуулийн захирлаар томилогдоод удааг үй байлаа. Мэргэжлээрээ ажиллахын тулд захирлын албан тушаалаас татгалзсан. 1991 оны хэрэглээний математикийн анхны ангийн анги удирдсан багшаар ажиллаж байлаа.

-Та хэрэглээний математикийг энгийн үгээр тайлбарлаач?

-Хэрэглээний математик гэдэг бол бусад салбар дахь математикийн хэрэглээ юм. Бусад салбар руу чиглэсэн математикийн чиглэлүүдийг хэрэглээний математик гэж нэрлэдэг. Төрийн шагнал авдаг бидний бүтээл мөн энэ чиглэлийнх. Энэ салбарт манай баг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан.

-Математик сэтгэлгээтэй хүмүүс шатарт хорхойтой байх юм. Гэхдээ таныг мэргэжлийн тамирчны хэмжээнд бэлтгэгдсэн шатарчин гэж дуулсан?

-Би нэгдүгээр ангид орохдоо шатар тоглоод сурчихсан байсан. Аав шатар зааж өгсөн. Долдугаар ангидаа Баян-Өлгийн арван жилийн шатрын аварга болж билээ. Бас Эрхүүгийн их сургуулийн аварга. МУИС-ийн аварга хэчнээн ч удаа болов доо, тоогоо алдсан. Ул сын чанартай тэмцээнүүдэд жил алгасахгүй оролцдог.

2006 онд шатрын спортын мастер болсон. 2011 оны хурдан тоглолтын УАШТ-д 13-д, 2012 онд 17-д орсон. Тэгэхээр сүүлийн хоёр жилд улсдаа хурдан тоглолтын эхний 20-д багтах шатарчин болжээ. Би Москвад болсон тэмцээнд оролцож олон улсын чансаатай болсон. Энэ нь Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй тамирчин боллоо гэсэн үг. 2020 гэсэн чансаатай. Ирэх хоёрдугаар сард Москвад болох олон улсын тэмцээнд оролцож чансаагаа ахиулах бодолтой байна.

-Олон улсын хэмжээний шатарчин хүн ялах нь тодорхой тэмцээнд оролцох дэмий юм биш үү, МУИС-ийнхаа бусад багш нарт боломж олговол яасан юм бэ?

-Тэгж бодоод би нэг жил өнжсөн юм аа. Манайх сургуульд багш нарын багийн тэмцээн болдог. МУИС-ийн багш нар маш сайн шатарчин. Сүүлийн үед шинэ залуу багш нар гарч байна. Манай сургуульд алтан медалийн төлөө ширүүн өрсөлдөөн болдог учир би багаа аврахын тулд хамт олныхоо шахалтаар тэмцээнд ордог.

-Шатар таны хообий юу?

-Тийм ээ. Хообийгоос гадна шатар хүнийг хүмүүжүүлэх ач холбогдолтой. Тэсвэр хатуужил, бие даах чадварт сургадаг, логик сэт гэлгээг тодорхой хэмжээгээр хөгжүүлдэг.

Мэргэжилтнүүд шатрыг шинжлэх ухаан, спорт, урлаг гэж үздэг. Тэмцээн уралдааныг эрхэмлэдэг нь спорт талаас нь, гүн гүнзгий анализ хийж байгаа хүмүүс бол шинжлэх ухаан талаас, уран сайхны бодлого бодож таашаал авч байгаа бол шатрыг урлаг талаас нь харж буй нь тэр.

Би шатрыг спорт талаас нь харах дуртай. Шатрын их мастерууд шинжлэх ухаан талаас нь хардаг. 2010 онд Энэтхэгт болсон Дэлхийн математикчдын их хуралд оролцож байхад Энэтхэгийн иргэн, дэлхийн аварга Ананд 40 шатарчинтай зэрэг тоглолт хийсэн.

Тэдний нэг нь би. Дэлхийн аварга шатарчинтай тоглосон өрөг минь спортын “Таван цагариг” сонинд гарч байлаа. Хообийгоо дагаад би спортын мастер Г.Чулуунтай хамтарч “Шатар ба шатрын математик”, орчуулагч Дүгэр гуайтай хамтарч дэлхийн аварга, домогт шатарчин “Боби Фишерийн шилдэг өрөгүүд” гэдэг номыг орчуулж гаргасан. Мөн Боби Фишерийн “Миний 275 хичээл” гэж шатрын анхан шат ны ном орчуулан, уншигчдадаа өргөн барилаа.

-Та Монголын өндөр IQ-тэй хүмүүсийн нэгээр шалгарсан байдаг. Үүнийг ямар шалгуураар шалгасан хэрэг вэ?

-IQ төвөөс Монголын өндөр айкюүтай найман хүнийг шалгаруулсан. Тэдний нэгээр шалгарсан. Ямар шалгуураар дүгнэснийг ёстой мэдэхгүй. Тэрийг IQ төвийн захирал, Дэмбэрэлээс асуувал дээр байх.

-Төрийн шагнал хүртсэн бүтээл тань “Samsung”-ийн үйлдвэрт гар утасны технологид нэвтрэх гэж байгаа гэл үү?

-Утасгүй сүлжээний технологийн оновчлолтой холбоотой судалгааны ажил маань саяхан хэвлэгдэн гарлаа. Энэ технологид бид “бараг шударга зарчим” гэсэн шинэ нэр томъёо гаргаж ирсэн.

Утасгүй сүлжээ гэдэг бол бидэнд агаараар дамжиж байгаа мэдээлэл шүү дээ. Мессеж явуулах, мэдээлэл солилцох зэрэг бүгд тодорхой хэмжээний өртөгтэй, дэс дарааллаар орж ирнэ. Тэгэхээр зарим хэрэгчлэгчид мэдээлэл цаг тухайд нь очихгүй саатах бэрхшээл байдаг.

Үүнийг аль болох хурдан шуурхай хүргэхэд “бараг шударга зарчим” хэрэг болох юм. Зарим хэрэглэгчид их хэмжээний мэдээлэл хэрэгтэй байхад, заримд нь бага багтаамжтай мэдээлэл хэрэгтэй байх жишээтэй.

Ихийг шаардаж буй хүнд багыг өгвөл хэрэгцээг нь хангаж чадахгүй. Тэгэхээр их, бага мэдээлэл шаардаж байгаа хүмүүсийн мэдээллийн ачааллыг тэнцвэржүүлэх асуудал байгаа юм. Үүнийг цаана нь математик загвар хийж л шийднэ.

Тэр нь миний квазигүдгэр программчлал гэсэн бүтээлд орсон математикийн теоромын үр дүнгээр дамжиж хэрэглээ болж байгаа. Өөрөөр хэлбэл, онолын үр дүн практикт хэрэглээ болж бууж байна. Бид аргачлалыг хийгээд өгсөн болохоор одоо надаас үл хамаарах технологийн асуудал болж хувирсан. Аргачлалыг хэрэгжүүлдэг газар нь үйлдвэр.

Би 2008 оноос БНСУ-ын Бусан хотод байдаг Инжегийн их сургуулийн зөвлөх профессороор ажиллаж байгаа. Энэ сургуульд хоёр улирал багшилсан. Жилд 2-3 удаа очиж лекц уншдаг. Миний гурван ном тэнд гарсан. Англи хэлээр мастер, докторын ангийн оюутнуудад хичээл заадаг, профессоруудтай нь хамтарч судалгаа хийдэг. Зөвлөх профессорынхоо эрх мэдлийг ашиглаад Инжегийн их сургуульд жилд 1-2 хүнийг тэдний зардлаар мэргэжил дээшлүүлнэ гэсэн гэрээтэй. Миний гурван оюутан тэнд докторантурт сурч байгаа. Монголоос таван хүн урт, богино хугацаагаар судалгааны ажил хийгээд ирсэн. Он гараад хоёр нь явах гэж байна.

-Таны оюуны бүтээлийг ашиглаж байгаа учир “Samsung”-ийн үйлдвэр танаас зөвшөөрөл авна биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, гарын үсэг зурж патентийн зөвшөөрөл өгдөг. Удахгүй үйлдвэрт хэрэгжээд инноваци болох байх. Гар утсанд гарч байгаа бэрхшээл саадыг онолын шугамаар шийдээд өгч байгаа юм. Мэдээлэл яагаад тэгш бус хуваарилагдаж байна вэ гэдгийг мэдээд яаж засах вэ гэсэн математик онолыг нь хийгээд өгсөн хэрэг.

-Математикч хүн аливаа асуудалд мэргэжлийн үүднээс хандах тал байдаг уу?

-Бидний хийж байгаа ажил дандаа зөв зүйлд тулгуурладаг. Аливаад дандаа зөвийг бат лан харуулж байдаг учраас бидний үйлдэл бас л зөв байх ёстой. Математикч хүн лав худал хэлж, хулгай хийж чадахгүй. Уг мэргэжлийнх нь хүмүүжил тэр. Тэгэхээр математикийн зарчим амьдралын минь зарчим болсон.

-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байна уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Том охин, хүү хоёр эдийн засагч. Бага охин Их сургуулийн хэрэглээний математикийн анги төгссөн. Мэргэжлээ сонгоход нь охиндоо хэрэглээний математикч мэргэжлийг санал болгосон л доо. “Энэ мэргэжил ирээдүйтэй, аль ч салбарт ажиллаж болно” гэж хэлсэн.

Намайг Германд судалгааны ажлаар явж байхад охин минь сургуулиа төгсөөд, өөрөө ажлаа олчихсон байсан. Нэг банкинд Эрсдэлийн албанд ажилладаг. Энэ бол хөрвөх чадвартай мэргэжил. Хэрэглээний математикч хүн судлаач, багш, эдийн засагч ч хийж болно. Эхнэр маань мөн хэрэглээний математикч мэргэжилтэй. Бид хоёр Эрхүүгийн их сургуульд сурч байхдаа танилцсан.

-Тэгвэл гэр бүлээрээ тоочин юм байна шүү дээ?

-Мэдэхгүй ээ. (Инээв)

-Монголын математикчид дэлхийн мэргэжил нэгтнүүддээ ямар түвшинд үнэлэгддэг бол?

-Төрийн шагнал авсан бидний бүтээлийг хэрэглээний математикийн салбарт шинэ чиглэл, хандлагыг бий болгосон гэж дэлхийд үнэлсэн. Академич Т.Жанлав багш, түүний шавь О.Чулуунбаатар нар Ньютон төрлийн шинэ арга дээр тулгуурласан программ хангамжийг боловсруулж, олон улсын программын санд наймыг нэвтрүүлсэн. Олон улсад эдгээр бү тээлийг “Тооцон бодох физикт гарсан шинэ үзэгдэл” хэмээн дүгнэлээ.

Хүүхдүүд олон улсын олимпиадаас алт, мөнгөн медаль авч байна. Судлаачид нь дэлхийн хэмжээний сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж, олон улсын хурлуудад уригдаж байна. Энэ нь Монголын математикийн салбарын хөгжил шинэ шатанд гарсны гэрч. Математикийн хүрээлэнгийн олон залуу эрдэмтэн өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалж байна. Ер нь манай математикчдын түвшин тун гайгүй шүү. Математикийн хүрээлэн, МУИС хамтраад ирэх долдугаар сарын 1-3-нд Монголдоо олон улсын математикчдын IV бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ хуралд дэлхийд нэртэй эрдэмтэд оролцох мэдүүлгээ өгсөн. Манайхаас их сургуулиудын математикийн багш нар, судлаачид, банкныхан гээд олон хүн хуралд оролцож, хэрэглээний математикийн салбарт бий болсон ололт, амжилтууд, эрдэм шинжилгээний үр дүнтэй танилцана. Олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулахад математикийн шинжлэх ухааны салбарт гарсан шинэ мэдлэг, мэдээллийг манай залуу судлаачид, мэргэжилтнүүд олон монгол хүн авах ихээхэн ач холбогдолтой.

Хэрэглээний математикийн олон улсын тав дахь хурал Бээжинд болж байна. Р.Энхбат багш энэ хуралд хоёр шавьтайгаа оролцож байгаа. Тэрбээр уг хурлыг зохион байгуулах хорооны гишүүнээр томилогд соноос гадна Германы профессор Гревактай хамтарсан судалгааныхаа ажлыг дэлхийн тоочдод илтгэнэ. Хурлын “Глобал оптимизаци” гэсэн тусгай секцийг удирдаж ажиллуулна гээд олон улсын математикчдын хуралд Р.Энхбат багшийн үүрэг оролцоо их ажээ.

 Э.ЭНХМАА