Ард түмэн улстөрчдөд ёс зүйн маш өндөр хариуцлага тооцдог болох ёстой
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат
2012.12.26

Ард түмэн улстөрчдөд ёс зүйн маш өндөр хариуцлага тооцдог болох ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Хүний эрхийн дэд хороо хуралдах байсан ч хойшилчихлоо. Ямар асуудал хэлэлцэх байсан юм бол?

-Монгол Улсад болон хорих байгууллагуудад хүний эрх ямар түвшинд байгааг хэлэлцэх ёстой байсан ч техникийн шалтгаанаар хойшилчихлоо. Ер нь, хүний эрхийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө эхлээд хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байдаг юм.

-Сүүлийн үед Монгол хүний үнэлэмж нэлээд яригдах болсон. Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд байдал ямархуу байгаа гэж бодож байна?

-Энэ талаар ярихын тулд цогц ойлголттой байх ёстой. Монгол хүний үнэлэмжийн талаар зүгээр л шоудаад байж болохгүй. Зөвхөн хүний эрхийн өдрөөр энэ тухай ярьдаг, улстөрд хөл тавих гэж буй хэн нэгний шоуны сэдэв биш. Яагаад гэвэл үүний цаана хэн нэгний зовлон, жаргал, сэтгэл санааны нарийн утас хөвөрч байдаг.

Зарим нэг нь хүний үнэ цэн, үнэлэмжийг ердөө л механик талаас нь хараад байдаг. Өөрөөр хэлбэл, гадны орнуудад тэдэн доллар, евро байдаг гэж ярих болж. Мэдээж, хүн үнэлэмжтэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ гадны улсуудад 200-300 жилийн өмнөөс яригдаж, судлагдан хэрэгжээд ирчихсэн.

Харинбидний хувьд социализмын үеэсээ бүрэн салаагүй учраас үнэлэмжийн тухай хууль эрх зүйн орчин арай л бүрэлдээгүй. Тиймээс хэдийгээр хүний эрх, эрх чөлөө гэдэг заяагдмал боловч нөгөө талаасаа гэмт хэрэгт түлхэгдэх гээд байдаг сөрөг тал бий. Тухайлбал, хэн нэгнийг хэт өндөр үнэлснээс болж гэмт хэргийн золиос болох асуудал гардаг.

-Даатгалын тухай хэлээд байна уу?             

-Тэгэлгүй яах вэ. Барууны орнуудад даатгалын мөнгө авахын тулд хүний санаанаас  гарахааргүй үйлдлүүд хийгддэг олон тохиолдлын тухай бид сонсож, үзсэн шүү дээ. Муугаар хэлэхэд, хэн нэгнээ алдлаа гэхэд их хэмжээнии мөнгө авна гэсэн ойлголттой болгож таарахгүй. Тиймээс эхний ээлжинд хууль эрх зүйн орчныг бий болгож, улмаар сэтгэхүйд нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэр цагт үнэлэмжийн тухай цогцоор нь ярих боломж бий болно гэсэн үг.

-Та хүний эрхээр хэн нэгэн шоудаж болохгүй гэлээ. Тэр тусмаа улстөрчдийг нэрлэж байна. Тэдэнтэй ямар нэгэн хариуцлага тооцдоггүй болохоор ингэж хүний зовлонгоор жаргал хийгээд байна уу. Тухайлбал, саяхан Ж.Батзандан гишүүнийг хэд, хэдэн асуудлаар сэтгэл гаргасан мэт болж цаагуураа чамгүй шоудлаа гэх хүн олон байсан?

-Хувь улстөрчийнх нь хувьд би ямар нэгэн зүйл хэлэх нь зохисгүй. Гэхдээ хүний зовлон, хүнд хэцүү байдлыг тухайн эзэн нь хүссэн эсэхийг үл харгалзан нэр хүнд, рейтингээ өсгөж болохгүй. Нөгөөтэйгүүр хүний эрхийн төлөө мэдлэг чадвартай байж бусдын өмнөөс дуугарч байгааг нь сайшааж болох юм. Тэгэхээр миний хувьд хэн нэгнийг энэ талаар ярьж болно, болохгүй гэж хязгаар тавьж, эрхэнд нь халдаж болохгүй. Хамгийн гол нь, дээрх хоёр үзэгдлийн голыг олж, тэнцвэртэйгээр л хэлж, ярьж, хамгаалах ёстой.

-Ямар ч тохиолдолд хүний эрхийн зөрчилд хариуцлагын тогтолцоо муу байдаг бололтой. Тодруулбал, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөх нь энгийн үзэгдэл болчихоод байгаа шүү дээ?

-Хууль шүүхийн шатанд гэм буруугүй хүний эрхийг зөрчин, хорьж, цагдсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх ёстой. Төрийн албан хаагч гэдэг нь үндсэндээ төр хөлсөөр ажиллуулж байгаагийн илэрхийлэл. Тиймээс цагдаа, прокурор зэрэг тухайн байгууллага тэрхүү буруу ажилласан алба хаагчдынх нь буруутай үйл ажиллагаанаас болж хүний эрх зөрчигдсөн бол төрийн нэрийн өмнөөс уучлал гуйдаг, нөхөн төлбөр төлөх ёстой. Мэдээж түүнийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Тэр мөнгийг эргүүлээд хэнээс гаргуулах вэ гэдгийг төр шийдэх ёстой  гэсэн зарчмын бодол надад бий.

Бүх зүйлийг хуулиар зохицуулна гэдэг мэдээж хэцүү. Тэгэхээр хаана, хаанаа ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр тусмаа ард түмэн улстөрчдөд ёс зүйн маш өндөр хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Тухайлбал аль нэг газар хэн нэгэн хүн санамсаргүй ослоос болж амиа алдсан бол тухайн орон нутгийн удирдлагууд хариуцлагатай ажиллаж чадсангүй гээд огцордог ухамсар  ёс зүйтэй байх нь чухал. Ард түмэн ч тийм байхыг шаардах эрхтэй.

-Үүний төлөө хүний эрхийн дэд хороо болон үндэсний комисс хамгийн үр дүнтэй ажлуудыг хийх хэрэгтэй биз дээ?

-Бид  үр дүнтэй ажиллахын тулд иргэдийн оролцоо маш чухал. Эдлэх эрхээ мэддэг үүнийхээ төлөө тэмцдэг, дуугардаг байх нь төрөөс авч хэпэгжүүлж буй бодлогод нөлвөлж чаддаг. Тиймээс    эхний    ээлжинд иргэдтэй ойр ажиллахыг эрхэмлэж байна.

-Хүссэн, хүсээгүй хүний эрхийг зөрчих асуудал улстөрчдийн дунд их байна. Тухайлбал, сонгогчдоос санал авч, парламентад орж ирүүтээ өөр намд элсэх, гишүүнчлэлээ  өөрчлөх зэрэг нь энгийн үзэгдэл болж байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?

-Тухайн сонгогчид хүн, нам хоёрын алийг сонгосон бэ гэдэг үйл явцаас шалтгаалах болов уу. Мэдээж би намаа сольсон хэн нэгний сонголтыг хүндэтгэх үүднээс ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Гэхдээ ард түмний сонголт, мандатаар   парламентад орсон ч тухайн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хамгийн сайн гар нийлж ажиллах улстөрийн  хүчинд шилжиж байгаа бол сонгогчдынхоо төлөө хийж буй алхам л гэж үзэж байна.

-Гэхдээ энэ нь тодорхой хэмжээгээр сонгогчдын эрхийг зөрчиж буй хэрэг мөн үү?

-Сонгогчид л мэдэх байх. Тухайн тойргийнхон аливаа асуудлыг хөндөөгүй байхад би хөндлөнгөөс хэлэх эрхгүй.

-Ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй гэж үү. Тойргоос сонгогдчихоод намаа солибол эргүүлэн татдаг байвал улстөрчид ч ёс зүйтэй, сонгогчид ч итгэл үнэмшилтэй байх биз?

-Эдгээр асуудал бол хууль, эрх зүйн орчныг улам бүр боловсронгуй болгох ёстойг л харуулж байгаа хэрэг. Бүх зам дардан байдаггүй. Нэг явж үзээд боломгүй бол тэр замыг засч сайжруулдаг. Энэ л зарчмаар явах болов уу.

-Хүний   эрхийн   дэд хорооны   даргын    хувьд өнөөдөр   гадны   орнуудтай харьцуулахад Монгол хүний үнэлэмжийг  төгрөгөөр үнэлбэл хэд гэх вэ?

-Хувь хүн бүр өөрийн амьдралын  дахин давтагдашгүй хэв маягтай. Дэлхийд байгаа долоон тэрбум, Монголын гурван сая орчим хүний л нэг. Тэр хүний амьдралыг юутай ч зүйрлэж, юугаар ч үнэдж барахгүй гэдэгтэй санал нэг байна. Тиймээс тэрхүү эрхийг зүй бусаар тасалж, хөндөхгүй байх орчныг бүрдүүлэх нь л өнөөгийн үнэлэмж. Ямар ч хүнийг юу юугүй «таны амь тэдэн төгрөгийн үнэтэй» гээд бараа материал шиг үнэлээд эхлэх нь одоохондоо арай л эртэднэ.