2013.02.20

Ц.Жадамба: Албан тушаалаа өгөх иргэний зориг надад бий

"Шонхор суваг” телевизээр  даваа гараг бүрийн 21.00 цагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор энэ удаа  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба уригджээ.

-Танд оройн мэнд хүргэе?

-Танд ч мөн оройн мэнд хүргэе. Мөн өнөөдөр Шинийн 8-ны билэгт сайн өдөр тул телевиз үзэж буй үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

-Нээрээ тийм л дээ, шинийн 8.  Өнөөдөр хийсэн буян хэд дахин үрждэг гэлээ?

-Их олон  үрждэг юм шиг байна билээ. Гандан хийд ч  хүний хөлд дарагдаж байх шиг байна.  Ажил ихтэй болохоор Гандан хийд гарч амжсангүй. Харин шинийн 3-нд заслаа хийлгэчихсэн.

-Та хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй шүү. Өвөөгийн хүүхэд болоод ч тэр үү ер нь шүтлэгтэй дээ.

-Та тэгэхээр өвөө, эмээгийн хүүхэд байх нь ээ?

-Тийм. Ээжийнхээ аав дээр өссөн.

-Таныг энэ албан тушаалд томилогдохтой зэрэг л  IT-ийн чухал салбарт мэргэжлийн бус хүн тавьчихлаа гэх шүүмжлэл дагасан. Шүүмжлэл одоо ч бий. Уг нь та хуульч мэргэжилтэй байх аа. Гэхдээ таныг сэтгүүлч гэж хүмүүс андуураад байх юм?

-Тиймээ, энэ бол улс төрийн томилгоо. IT-ийн гэдэг утгаар сал­барын хүмүүсийн дунд  эмзэглэл яваад байх шиг байна. Үүнийг би ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Дэлхийн улс орнуудтай зэрэгцэн хөгжих ёстой, мөн Оюутолгой, Тавантолгойгоос илүү Монголд баялаг авчрах учиртай салбар болохоор мэргэжлийн хүн удирдаагүйгээс болж энэ салбар уначих вий айдас байна. Тиймээс тэр өнцгөөс нь хандаж байгаа болов уу. Анх энэ шүүмжлэлийг нь ойлгохгүй эмзэг хүлээн авч байлаа. “Намайг яагаад ингээд байгаа юм бол” гэж бодож  л байсан.

Гэхдээ асуудлынхаа гүнд ороод салбартайгаа танилцаад ирэхээр энэ салбар яалт ч үгүй том юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л уг салбарыг маш сайн удирдахгүй бол болохгүй гэдгийг мэдэрсэн юм. Хүний амьдрал их баялаг шүү дээ. “Глобал удирдагч сан”-д ажиллаж байхад бизнесээ сурталчлах зорилгоор нэвтрүүлэг хийх болсон юм. “Глобал удирдагч” нэртэй нэвтрүүлгийг UBS телевизээр гаргахын өмнө хөтлөгч хайгаад, “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр өөрөө нэвтрүүлгээ хөтлөх болсон. Хүмүүст анх танигдсан нь хөтлөгч байсан байх. Гэхдээ үүнээс өмнө “Яахуу” гээд ток шоуг бараг жил орчим хугацаанд хөтөлж байлаа. Энэ маань туршлага болсон юм болов уу. Гэхдээ сэтгүүлч хүний хажууд би сэтгүүлч биш. Харин нэвтрүүлэг бол хөтөлж байсан нь үнэн.

-Энэ салбарын даргаар өмнө нь Ч.Сайханбилэг сайд ажиллаж байсан. Мөн л хөтлөгч хүн. Ер нь хөтлөгч хүн энэ салбарын даргаар оччихдог юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм?

-Салбарын зурсан зураг төөрөг нь тийм юм байлгүй (инээв). Ч.Сайханбилэг сайд энэ салбарыг сайн удирдаж байсан түүхтэй. Би ч мөн сайн удирдаж, зөв авч явах юмсан гэж хичээж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээд ажил хийлээ. Салбартайгаа танилцаж, юу хийж бүтээсэн юм, цаашид юу хийх ёстой вэ, дэлхий нийттэй хөл нийлүүлж алхахын тулд яах хэрэгтэй вэ гэхчлэн олон талаас нь харлаа. Салбарын долоон зорилт тавьж, Төрийн ордонд танилцуулгийг хий­сэн. Засгийн газрын зүгээс маш сайн дэмжиж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын гол, гол ажлууд манай агентлаг дээр төвлөрч байна. Бодлогын ажлуудыг хийж байна гэж хувьдаа харж байгаа юм. Гэхдээ гол нь үр дүн шүү дээ. Чухам ямар үр дүн гарах нь вэ гэдгийг л анхааралтай ажиглаж байна даа.

-Та хэзээ томилогдлоо?

-Би өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд томилогдсон.

-Өрсөлдөгчгүйгээр үү?

-Өрсөлдөгчгүйгээр.

-Гэхдээ та одоо түр орлон гүйцэтгэгч юм уу?

-Тиймээ. Ирэх гуравдугаар сарын 11, 12-нд шалгалт өгөөд тэнцвэл жинхлээд цааш явна. Хэрэв тэнцэхгүй бол нэгдүгээр байранд орсон хүндээ ажлаа өгнө дөө.

-Таны ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт зар­ласан байгаа. Тэгэхээр мэргэжлийн өрсөлдөгч нар гарч ирж болох нь байна. Тийм үү?

-Нээлттэй сонгон шалгаруулна. Ямар ч хүн өрсөлдөхөд нээлттэй.

-Гэвч улс төрийн томилгоо мөн шаардах байх?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан шалгалтаа өгнө. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тестийн номыг өдөр, шөнөгүй уншаад л сууж байна (инээв).

-Энэ салбарыг удирдаад ийм ажил хийсэндээ сэтгэл хангалуун байна гэж бодсон ямар ажил танд  байна?

-Би нэг зүйл дээр сэтгэл хангалуун байгаа. Сайн баг бүрдүүлж чадсан. “Чи мэргэжлийн бус хүн байж энэ салбарыг яаж удирдах гээд байгаа юм” гэсэн асуултын цаана миний багийнхан бий. Хуучин ажиллаж байсан хүмүүс үлдсэн ч удирдлагын баг солигдсон байгаа. Залуучууд маань нийлээд миний хувьд том тулгуур болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд тавьсан салбарын долоон зорилтын цаана багийн залуучууд маань өдөр, шөнөгүй ажилласан. Үүнд их сэтгэл хангалуун байгаа. Багаараа ажиллавал бодитой үр дүн гаргаж чадах болов уу гэж бодож байна.

-Мэргэжлийн бус гэсэн хүмүүсийн шүүмжлэлд та нэлээд эм­зэглээд байх шиг?

-Нэг их эмзэглэдэггүй. Мэргэж­лийн бус хүн гэдэг нь үнэн юм чинь. Мэргэжлийн бус гэдэг нь “чи энэ салбарыг мэдэхгүй” гэсэн үг. Гэхдээ би  харин ч санаа зовохгүй байгаа. Давуу тал гэдэг талаас нь харж байна. Өдөр тутам “чи мэргэжлийн бус” гэж хэлүүлэхээр би өөрөө хурцлагдаж байгаа.  Яагаад би удирдаж чадахгүй гэж, хийж чадахгүй гэж гэсэн итгэл төрдөг. Шаардлагатай үед мэргэжилтнүүдээс мэргэжлийн үг хэллэгийн талаар асууж байлаа. Тухайн үед ажиллаж байсныг бодоход салбарын асуултад хариулах төвшинд очсон. Гэхдээ энэ салбар бол сургалтын талбар биш. Хийж бүтээх, цааш нь авч явах ёстой. Тиймээс надад суралцах цаг хугацаа байхгүй учраас би цаг, нартай уралдан ажиллаж байна.

-Одоо ажил гарт чинь орж байна уу?

-Тэгж байна. Ямар ч байсан хаана юу болж байна, ямар үр дүн гарав, би юу хийх ёстой билээ гэдгийг асуудалгүй мэддэг болсон.

-Ц.Жадамбаа гэдэг хүн энэ байгууллагын дарга болоод нэлээд хэдэн “гал” өөр дээрээ авлаа.  Сайт дээр сэтгэгдэл бичихдээ иргэний үнэмлэхнийхээ дугаарыг овог нэрийнхээ хамт бичих ёстой болсон уу?

-Наадах чинь Цогоо гуайн гар­гасан яриа юм биш үү.

-Цогоо гуай гэдэг чинь хэн билээ?

-Твиттерчин. Яагаав таны “сайн найз” (инээв).

-Твиттерчин гэдэг мэргэжил бий болоод байна уу, үгүй юу?

-Сүүлийн үед бараг тийм болоод байгаа юм биш үү (инээв). Тухайн үед би энэ асуудлыг хэвлэлээр тайлбарлах гэж оролдсон л доо. Үндсэн хуульд хүний эрхийг дээдэлдэг. Миний эрх таны эрхээр, таны эрх миний эрхээр хязгаарлагдана. Гэтэл кибер орчинд хүний эрхийн асуудал маш өөр төвшинд очсон. Хүнийг яаж доромжилж болох уу, ямар муу үг бичих вэ гэдэг болчихсон байна. Энэ бүгдийг хүний эрх гээд орхилоо гэхэд дунд нь тухайн хүнийг заналхийлсэн, гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байдаг юм билээ. Цагдаагийн бай­гууллагад маш их гомдол ирдэг. Гэвч илрүүлж чаддаггүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон хувилбарыг ярьсан. Ингээд Зохицуулах хорооноос журам гаргаж, хүмүүс сэтгэгдлээ бичдэгээрээ бичиж, харин хараалыг хэлбэрдье гэж байгаа. Хэл шинжлэлийн ухааны хүмүүс энэ бол хараал мөн гэж үзсэнийг нь цэг болгож, IP хаягийг ил болгохоор тусгасан.

-Сайтуудын ассоциацитай ойл­голцсон уу?

-Журам болон арга хэмжээг дэмжиж ажиллана гэсэн. Тэгэхээр ойлголцсон гэж болно.

-Ерөнхийлөгчид загнуулаад больчихож байгаа юм биш биз?

-Үгүй байх аа. Ерөнхийлөгчид загнуулаад больчихов уу гэж харж байгаа хүмүүс байж магадгүй. Тухайн үед хүмүүст сайтын сэтгэгдлийг хаах гэж байна гэсэн ойлголтыг төрүүлчихсэн шүү дээ.

-Яагаад сайтын сэтгэгдлийг хаах тухай хамгийн түрүүнд бодох болсон юм бэ. Та дарга болсныхоо дараа хулгайн контентыг байхгүй болгоно гэж байсан. Сайтууд  сонины материалуудыг хулгайлаад тавьчихдаг байсан нь үнэн. Үүнтэй тэмцэх нь илүү чухал байсан юм биш үү?

-Энэ ажлыг давхар хийгээд явж байгаа. Эхлээд кибер орчин дахь хүний эрхийн асуудлыг шийдвэрлэе. Контент гэдэг та бүхний бичсэнтэй холбоотой учраас би шууд оролцох эрхгүй. Бодлогоор шийдвэрлэх ёстой асуудал. Тэгэхээр шат дарааллаар нь хийх хэрэгтэй юм. Ний нуугүй хэлэхэд хүнийг хараахыг эрх чөлөө гээд ойлгочихсон нийгэм ялзарч байгаагийн илрэл. Би үр хүүхдээ ийм нийгэмд амьдруулахыг хүсэхгүй байна. Хүүхдүүд өнөөдөр сайтын сэтгэгдлийг уншиж байна. Миний хүүхэд телевизээр мэдээ үзчихээд “аав аа, хүн ална гэдэг чинь юу гэсэн үг юм бэ” гэж асуусан. Энэ чинь эмзэглэл биз дээ.

-Гэхдээ үүнийг цэгцлэх журмыг хувийн байгууллагууд өөрсдөө хийх ёстой?

-Тэгсэн бид хувийн байгууллагад шилжүүлсэн. Эхэндээ төр хийх гэж оролдсон нь алдаа байсан. Одоо бол цэгцэрсэн.

-Сайтууд цэгцэрчихлээ. Харин одоо кабелийн суваг, телевизүүдийг яах гэж байна вэ?

-Кабелийн 88 суваг тусгай зөв­шөөрөл авснаас 42 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин Зо­хицуулах хороо хуулийн дагуу  телевизийн техник технологи шаард­лага хангасан уу, оюуны өмч ямар байна гэдэгт хяналт тавьж шал­гасан. Ингээд 21 суваг, телевиз нь тэнцээгүй. Энэ нь түдгэлзүүлэх үндэслэл рүү орсон.

-Өмнө нь тийм олон компани тусгай зөвшөөрлийг авчихсан юм уу?

-Олон компани шаардлагыг нь хангаад тусгай зөвшөөрлийг авчихсан юм билээ. Би тухайн үед нь ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Одоо бол тусгай зөвшөөрөл олгохыг  зогсоосон.

-Дөнгөж хөл дээрээ зогсох гээд явж байгаа телевиз ч байна, олон жил болчихсон нь ч байна. Шинэ телевизид өөрөө дампуурах боломжийг нь олгохгүй, хөндлөнгөөс нь “алив бид дампууруулаад өгье” гэх нь хэр зөв юм бэ?

-Та “Шонхор суваг” телевизийн захирал учраас энэ байр сууринаас хараад байгаа юм. Миний телевизийг дампууруулах гэж байна гэдэг өнцгөөс нь. Гэхдээ студи чинь ийм байна, нэвтрүүлэг  ийм байх ёстой гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг өгсөн. Үүнийгээ биелүүлж байна уу гэдэгт л хяналт тавьсан юм. Аргагүй байх л даа, би суваг телевизийн захирал байсан бол бас ингэх байх.  Гэвч бид гэрээнд зааснаа биелүүлж байгаа эсэхийг шалгасан. Та ч бас энэ өнцгөөс нь харах хэрэгтэй болов уу. Хууль хэрэгжүүлснийхээ төлөө би болон салбарынхан янз бүрээр хэлүүлж, улс төрийн хутгаа орж болохгүй байх л даа.

-Улс төрийн хутгаа биш л дээ. Хөрөнгө оруулчихаад маргааш бүх зүйл сайхан болохгүй шүү дээ. Хугацаа хэрэгтэй. Гэтэл энэ бүгдийг шахаж болохгүй байх?

-Тусгай зөвшөөрөл авахдаа гэрээ байгуулж, энэ бүгдийг хийж чадна гэсэн бизнес төлөвлөгөөгөө хийсэн шүү дээ. Хэрэв хийж чадахгүй байсан юм бол яах гэж тусгай зөвшөөрөл авсан юм бэ.

-Түдгэлзүүлэх жагсаалтад манай “Шонхор суваг” орчихсон бай­гаа. Гэтэл та бүхний зааж өг­сөн хугацаанд таван мянган ам.дол­ларын камерийг, 50 мянган ам.дол­ларын камераар сольж чадахгүй. Тэгэхээр яах вэ?

-Тэгвэл хуулийн дагуу л арга хэмжээ авна. Би хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Ингэснээрээ том улс төр болж, би албан тушаалаасаа огцрохоор болбол албан тушаалаа өгөхөд бэлэн. Надад ийм иргэний зориг бий.

-Та хэвлэл мэдээллийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан. Одоо хэдхэн хоногийн дараа дахиад тулж мэдэх байх. Та бэлэн байна уу?

-Тэгнэ. Бэлэн биш гээд яах вэ дээ. Энэ салбарт үүнээс өөр хийх олон ажил байна. Тиймээс бэрхшээл бүрийг үүрээд явна гэж бодож байгаа.

-Хэрэв таныг томилсон хүмүүс улс төрөөс айгаад “наад хуулиа орхи, Жадамбаа” гэвэл та юу хэлэх вэ?

-Удирдлагууд шийдээд “Жадамбаа боль оо, өөр аргаар зохицуул” гэвэл зохицуулаад явна.

-Танайх Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг билүү?

-Тийм.

-Тусгай зөвшөөрөлтэй компа­нийг зарсан, шилжүүлсэн тохиолдолд яах ёстой юм бэ?

-Ийм тохиолдол бий. Одоогоор тодорхой баримт хэлэх боломжгүй байна. Энэ асуудлыг зохицуулалт хийх хууль эрх зүйн орчин алга.

-Тусгай зөвшөөрлийг зарж бол­доггүй юм билээ. Харин бэлэглэж болдог уу?

-Зарах нь хуулиар хориотой. Бэлэглэх асуудлын тухайд хуулийг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна.

-Энэ салбарт хийх гэж байгаа нэг том өөрчлөлт бол манай улс хиймэл дагуул хөөргөх явдал... Энэ талаар таныг нэлээд шургуу хөөцөлдөж байгаа гэж сонссон юм байна?

-Өмнөх удирдлагуудын тавьсан зорилт бол хиймэл дагуул хөөргөх явдал юм. Манай салбарын олон жилийн мөрөөдөл гэж хэлж болно. Японы компанитай хамтраад ТЭЗҮ-ийг гаргуулаад дуусаж байгаа. Бид стратегийн томоохон зорилт болгосон.  Нэрийг нь өгч амжаагүй.  Уралдаан зарлаж нэрийг нь өгөх бодолтой байна. Үндэсний хэмжээний хоёр том хиймэл дагуулыг 2015, 2016 онд багтаан хөөргөе.  Нэг нь тандалт судалгааных, нөгөөх нь холбооных байя гэж байгаа.

-Эдийн засгийн хувьд балансалж чадах уу. Асар их зардал гарна?

-Холбооны хиймэл дагуулын амьдрах хугацаа нь 15-18 жил гэсэн судалгаа бий. Өнөөдрийн ТЭЗҮ-ийг харахад 15 жилд эдийн засгийн хувьд баланслахаар байгаа.

-Хиймэл дагуул хөөргөснөөр манай улсад ямар ач холбогдолтой юм бэ?

-Олон улсад нэр хүнд олно. Тандалт судалгаан дээр жишээ авахад зудтай газраас иргэдээ хаашаа нүүлгэх вэ гэдгээ харж чадна. Монголын гол хаана ширгээд байна гэдгийг, мөн модоо тоолж чадна гэхчлэн Монгол Улсаа алган дээрээ тавьсан юм шиг харах юм. Түүнчлэн төрийн түгжрэлгүй үйлчилгээ гэж яриад байгаа. Мод байлаа гэхэд үндэс нь манай агентлаг. Салаалж байгаа мөчир нь 85 яам, агентлаг, үүнээс гарч байгаа үр жимс нь төрийн үйлчилгээ юм. Мод ургахад бороо хэрэгтэй, энэ нь хөрөнгө оруулалт. Ерөнхий сайд бол нар. Өөрөөр хэлбэл манлайлал юм. Харин агаар нь хууль эрх зүйн орчин. Ингээд мод ургах ёстой. Манай агентлаг яагаад суурь болж байгаа юм бэ гэвэл үндсэн болон дэд бүтэц нь байя гэж байгаа юм. Үүгээр дамжуулаад төрийн үйлчилгээг иргэнд хүргэдэг болъё. Энэ ажил хэрэгжихээр томоохон үр дүн гарна. Та өндөр хурдны, хямд интернэт гэж асууж байсан. Энэ интернэт зөвхөн өрхөд очиж байгаа. Эдийн засгийн тооцоололтой учир байгууллагуудад очихгүй. Харин аймгийн төвүүдэд очиж байгаа юм. Хямд гэдэг нь 512 мгв-ийг 17.400 мянган төгрөгөөр авч байна. Магадгүй гомдол байвал манай агентлаг руу холбогдож болно.

-Танай агентлагтай яаж холбогдох вэ?

-330781 гэсэн утас руу холбогдож болно. Лавлахаас асуухад хэлээд өгнө дөө.

-Таниас ярилцлага авна гэхэд хүмүүс надад өндөр хурдны интернэт болохгүй байна, яагаад байгаа юм бол гэдгийг асууж өгөхийг хүссэн. Та энэ талаар мэдэхгүй байгаа болохоор танайхтай холбогддоггүй юм болов уу гэж бодлоо?

-“11 11” төвд энэ гомдол байнга ирдэг. Засгийн газрын яам, агентлагтай холбоотой бүх мэдээлэл энэ төвд ирдэг. Энэ долоо хоногт ямар ч гомдол ирээгүй байгаа. Мөн “Үзэгч төвтэй телевиз, сонсогч төвтэй радио” гэсэн зорилт явж байна. Дэлхий нийт 2014 онд тоон системд шилжихтэй холбоотойгоор зорилгоо үүнд чиглүүлж байгаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллага манай улсыг тоон системд хэрхэн шилжихийг сайн ажиглаж байна. Япон улс 2012 онд тоон системд бүрэн шилжиж дууссан. Үүнээс гадна “Оюуны бүтээмжтэй өндөр цалинтай ажлын байр” гэдэг зорилго тавиад байна. Манай салбарын боловсон хүчний асуудлыг нэгдүгээрт тавих ёстой болж. Энэ салбарт бид хөгжиж байна уу гэхээр зарим талаар буюу гар утас хэрэглэгчийн төвшин өндөр байна. Гар утас хэрэглэгчийн тоо 3,313,781 хүрлээ. Энэ нь хүнийхээ тоогоор давчихсан. Бусад талаар боловсон хүчиндээ анхаарахгүй бол болохгүй нь.

-Манай IT-ийн чадварлаг мэргэжилтнүүд гадаадад ажилладаг байх?

-Ер нь бол тийм. Гэхдээ Монголд чадварлаг мэргэжилтнүүд бий. Хүний нөөцийг бэлтгэх зорилтыг ойрын хугацаанд хэрэг­жүүлэхээр байгаа. Мөн дэлхийн  стандартын бүтээгдэхүүнийг хийх. Бидний хийж буй аплекейшнийг өөрсдөө бус дэлхий нийтэд хүргэх зорилтыг тавих ёстой гэж үзэж байна. Түүнчлэн дараагийн шинэчлэх асуудал бол шуудан. Манай шуудан захиа түгээдэг байгууллага болсон. Одоо бол захиа бичдэг хүн тун ховор. Тиймээс шуудангийн салбарт томоохон шинэчлэлийг хийх шаардлага гарч ирлээ.

-Бид хэзээ зип кодтой болох бол?

-Цаг хугацааны хувьд нэлээд шахаж байгаа. Биднээс шалтгаалж байгаа асуудал бий. Эхний хөрөнгө оруулалт хийх асуудал бүрдчихсэн явж байгаа.

-Зургаа, долоон жилийн өмнө Ч.Сайхан­билэг даргатай ярилцаж байхад энэ асуудлыг бас  ярьдаг байсан. Гэтэл одоо хүртэл бахь байдгаараа л байж байна?

-Хаягжуулалтын асуудал бий. Ойрын хугацаанд хийгдэх байх. Харин шуудангийн тухайд нууцаа задлахад дугаар хорооны байран дээр “smart box” байна. Таны гар утсанд “Тийм кодоос таны smart box-д илгээмж ирлээ” гэсэн захиа ирнэ. Та кодоо оруулаад илгээмжээ авдаг болох юм. Гэхдээ хаягжуулалтын асуудлыг шийдсэн тохиолдолд үүнийг шийднэ. Цаашлаад сонин ч ийм байдал руу шилжих боломжтой.

-Ардчиллын гол суурь болсон хэвлэл мэдээллийн салбартай учраа олохгүйгээр энэ бүх ажлыг явуулахад хүнд шүү дээ?

-Би бол учраа олоод явж байгаа гэж ойлгож байгаа. Тэр их дайралт авч байхад тухайн үед хүний эрхийн асуудлыг яагаад ярьдаггүй байсан юм бэ гэж асуумаар санагдсан.

-Өнгөрсөн 2000 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд, Н.Энхбаяр Ерөнхий сайд болох үед хүний эрхийг хангаж садар самуунтай тэмцэх нэрийдлээр  баахан сонинг хоморголон хаа­сан тохиолдол бий л дээ?

-Хаах, боох бол дараагийн асуудал. Зохицуулах нь хамгийн чухал.

-Сайтуудын сэтгэдэл журамлах асуудал маргаан  дэгдээгээд байтал араас нь кабелийн сувгуудийг хаах дуулиан дэгдсэн. Гэтэл УИХ-д  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж айхтар хуулийг батлуулахаар зүтгүүлсэн. Хэрэв Ерөнхийлөгч  энэ хуулийг татаж аваагүй чөлөөт  хэв­лэл мэдээлэл бараг нүд аних байлаа.  Энэ мэтээр энэ төр хэвлэл рүү нэлээд ширүүхэн дайралт хийлээ....?

-Зохион байгуулалттай юм шиг болсон байх. Зохицуулалтыг нь бага, багаар хийгээд ирэхээр тэгж харагдсан болов уу. Хэрэв бид энэ бүгдийг үл тоогоод дөрвөн жил тайван сайхан байя гэж бодсон бол дуугүй байх байлаа. Энэ салбарт бол дуугүй сууж болохгүй байна. Зохицуулалтыг хийх ёстой, өөр сонголт байхгүй.

-Төсөв хэлэлцэж байх үед та өөрийн салбарын төсвөө хамгаалж чадахгүй УИХ-ын даргад  шүүмжлүүлж  нэг тэрбум төгрөгөө  хасуулсан байх аа?

-Ажлаа аваад сар болж байсан. УИХ-ын танхим руу  юу юугүй яваад л орчихсон.  Их  балмагддаг юм билээ. З.Энхболд дарга мэргэжлийн хүн болохоор шууд тулгаад асуугаад эхэлсэн.  Яах аргагүй миний алдаа л даа.  Одоо эргээд бодоход  “байгуулах”  гэдэг хуулийн ойлголтыг л тайлбарлаж чадаагүй. Тухайн үед сандраад, балмагдаад нэг тэрбум төгрөг хасуулсан. Олон нийтээс, салбартаа бас Ерөнхий сайдаас шүүмжлэл авсан л даа. Салбартайгаа танилцаад удаагүй байхад ийм зүйл болсон. Үнэхээр миний буруу.

-Олон нийтийн шүүмжлэл их байв уу?

-Их шүүмжлэл ирсэн. Үүнээс болоод би твиттерээс гарсан. Бараг тайван унтаж чадахгүй байлаа (инээв). Тэгээд твиттерээс хэсэг хугацаанд гаръя гэж бодсон. Сүүлдээ твиттерт донтох юм шиг байна билээ. 160 тэмдэгтийн солиорол болох ч юм шиг.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хүртэл  “донтоод”  л байх шиг байдаг юм?

-Тэр хүмүүсийг хувьд харж байгаа өнцөг нь өөр байх л даа. Тэр дунд сонгогчид нь бий. Твиттерт хүмүүс үзэл бодлоо их солилцдог. Нийгмийн идэвхтэй хүмүүс твиттерт ордог юм болов уу. Та бол идэвхтэй нь биз дээ.

-Тийм байлгүй яах вэ. Олон нийтийн санал бодол надад маш чухал. Нийгмийн ямар ч давхаргын хүмүүс үзэл бодлоо солилцдог нь надад таалагддаг?

-Твиттер  надад ч бас  таалагддаг. Өөр, өөр өнцөг тэнд байдаг. Хэсэг хугацааны дараа буцаж орно оо. Шүүмжлэл хүнд илүүдэхгүй.  Гэхдээ зөв зүйл дээр шүүмжлэх хэрэгтэй. Зарим твиттерчидтэй уулзсан. Уулзаад ярилцахад тодорхой хариулт өгдөггүй л юм билээ.

-Та хэдэн онд Ардчилсан намд элссэн бэ?

-Анх 2002 онд элсэж байлаа. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намд оюутан байхдаа очиж элсэж байсан юм. Харин батлахаа 2006 онд авсан. Намын аппарат руу 2008 оны арванхоёрдугаар сарын 3-нд орсон.

-Таныг хэн намын аппарат руу хөтөлж оруулав?

-Н.Алтанхуяг даргын дүү нь намайг оруулж байлаа. Намайг “Нохой хорь” нэвтрүүлгийг хөтөлж байхад Н.Алтанхуяг даргын дүү нь “чи намд ажиллах уу, хийж чадах юм шиг харагдаж байна” гэсэн. Тэгээд Н.Алтанхуяг даргатай уулзаж байлаа. Тухайн үед Н.Алтанхуяг дарга  “Улс төрийн бодлогын ажлыг авахад чамд олон шүүмжлэл ирэх байх, гэхдээ бодлогыг зөвхөн чи бус Ардчилсан намын удирдлагууд хийнэ, харин чи хэрэгжүүлнэ” гэж хэлсэн юм. Энэ үгийг сонсоод хийх зориг орсон л доо. Дөрвөн жилийн хугацаанд чадах чинээгээр хичээж ажилласан. Намын ажил бол улс төр хийх бус намынхаа үүдний хогийг цэвэрлэхээс эхэлдэг. Ингэж байж ажил болдог.

-Таныг Ч.Сайханбилэгийн “хүн” гэж ярьдаг?

-Би хүний хүн гэдэг ойлголтыг улс төрд ороод ойлгож эхэлсэн. Би бол Ч.Сайханбилэг даргын “хүн” нь ч биш, хүүхэд нь ч биш шүү дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хамтарч ажиллаж байгаа л хүн. Дээд шатныхаа удирдлагын ажлыг хэрэгжүүлээд явна.

-Энэ агентлагийн даргын ажлыг Н.Ал­тан­хуяг дарга санал болгосон уу?

-Тэгсэн. Надад том итгэл өгсөн. Би итгэлийг нь алдахгүй гэж хичээж байгаа.

-Тухайн үед айгаагүй юу?

-Айсан. Гар утасныхаа учрыг нарийн олж чадахгүй байж яаж энэ салбарыг авч явна гэж бодож байлаа. Гэхдээ миний ард багийнхан маань байгаа болохоор би чадна гэж өөртөө итгэсэн. Манай салбар компанийн захирлууд чадварлаг хүмүүс бий.

-“Глобал удирдагч” сангийн залуусыг мэднэ л дээ. Боловсролтой дажгүй залуус шиг санагддаг. Энэ агентлагийн дарга бол­сонд чинь ч дургүйцэж гайхсангүй.  Харин бараг сайтын сэтгэгдэл, 21 кабелийн сув­гийн тухай асуудлууд л эгдүүцэл хүргээд байгаа юм шүү дээ?

-Би үүнийг ойлгож байгаа. Энэ бол ажлын маргаан. Өмчийн маргаан юм. Амьдрал юм чинь асуудлыг зохицуулаад шийдвэрлэнэ. Хуулиа л дагана шүү дээ.

-Сэтгүүл зүйг хөгжүүлэх том дүр зургийг хараад хуулиа дагах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ хувийн өмчөө бодсон бол арай өөр зүйл ярих байлаа?

-Зохицуулалтын асуудал анхнаасаа зөв явагдсан бол өнөөдрийнх шиг олон телевиз бүдрэхгүй байсан байх л даа.

-Гэхдээ бүх зүйлийг чинь хүлээн зөвшөөр­лөө гэж ойлгож болохгүй шүү дээ. Магадгүй камераа үүрээд өрөөний чинь үүдэнд мэдэгдэл бариад зогсох үе ирэх ч юм бил үү?

-Үгүйсгэх аргагүй. Тэр бол таны эрх. Харин би бол хууль зөрчөөгүй. Цаашдаа ч зөрчихгүй гэдгийг хэлмээр байна.  Бас бүгд хуулинд захирагдах ёстой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Үзэгчиддээ, та бүхэнд  ч амжилт хүсье.