“МАХН-тай нэгдээд Н.Энхбаярыг даргаар тавих гээд байгаа юм уу, битгий мөрөөдөцгөө”
-МАН-ын удирдах зөвлөлийг тараамаар байна-
Ардын намын орон тооны бус нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урьж, Ардын намын шинэчлэлийн талаар ярилцсан юм.
-Ардын нам сонгуульд ялагдсанаас хойш дотроо шинэчлэл хийхгүй юм бол болохгүй гэдэг асуудлыг ярих болж. Таны хувьд намын нарийн бичгийн даргын хувьд үүнд ямар бодолтой байна вэ?
Манай нам бол ялагдсан бус ялсан гэж би хэлэх гээд байна. Энэ бол бидний хожил.
-Яриагаа ялагдсан, ялагдаагүй гэдгээс эхэлье. Улс төрийн нам сонгуульд ялагдсан болохоос биш нам ялагдана гэсэн ойлголт байхгүй. Нам өөрөө, өөрийгөө ялагдуулах нөхцөл гарсан. Дотоодын хагарал, хуваагдал, бүлгүүдийн хоорондын хөрөнгө мөнгөний асуудлаас болж. Миний бодлоор нам ялчихаад байгаа байдал нь юм.
Нам таны асуугаад байгаа шинэчлэл рүү жинхэнэ утгаараа орох гээд байна. Манай нам Социнтерн ярьснаас хойш шинэчлэл хийх гээд байгаа ч юм шиг яриад байгаа. Гэтэл тэр нь дуусаж өгдөггүй. Энэ асуудлыг мэдэж ярьдаг хүмүүс нь нам дотор байхаа болиод мөнгө хөөсөн бүлэглэлүүд нь дотроо байгаад байна. Нам өөрөө үзэл бодолгүй болчихоод байгаа юм. Социнтерн, зүүний үзэл баримтлал гэж л ярьдаг. Ардчилсан намынхан бүр “жонхуу” болсон. Тэд ард түмэнд тоглолт хийж байгаа. Бид л хийж байна, өмнө нь хийгээгүй гэж. Хэрэв өнөөдөр Ардчилсан намынхны хөрөнгийн судалгааг хийвэл МИАТ-ийн хэрэг юу ч биш шүү дээ. Тэгэхээр манай нам бол ялагдсан бус ялсан гэж би хэлэх гээд байна. Төрийн эрх барих хугацаандаа хийж чадаагүй намын шинэчлэлийг төрөөс түр буухдаа эхлүүллээ. Энэ бол бидний хожил.
-Ардын намын одоогийн удирдлагууд намаа базаж, чадварлаг авч явж чадахгүй байна гэх шүүмжлэл гарах болсон шүү дээ. Шинэчлэлийн тухай ярьж буй залуучууд үүнийг хэлж байгаа?
-Өмнөх намын дарга нар нь намаа авч явж чадаад байсан юм уу. Тэр үед Б.Ганхуяг “Эрдэнэс МГЛ”-ийн орлогч захирал хийж байсан юм. Олон юм ярьж байхын оронд намаа шинэчлэхгүй яасан юм бэ. Ер нь МАХН байхад 2004 оноос хойш нам дотор орж ирсэн янз бүрийн юм ярьдаг, мөнгөний төлөө явдаг хүмүүсээс болж нам ийм байдалд хүрсэн шүү дээ. Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, одоогийн Ө.Энх-түвшиндээ ч байгаа юм биш. Үндсэндээ Залуучуудын холбоо, Оюутны холбоогоор дамжиж явсан мөнгөний асуудал ярьж, шантааж хийдэг, хашхирч байж албан тушаал авдаг залуусаас болж байна. Тэгэхээр энэ хүмүүсээс салах хэрэгтэй. Дутуу эзэмшсэн мэргэжилтэй, улс төрийн талаар ямар ч ойлголтгүй, цээжээ дэлдсэн нөхдүүд, баяртай. Яримаар байгаа бол явж сургуульдаа суралцах хэрэгтэй.
-Итгэл үнэмшлээрээ сонгосон эдгээр залуусыг шууд “баяртай” гэж хэлж чадах уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
-Яагаад хэлж чадахгүй гэж. Одоо хэлэхгүй бол хэзээ хэлэх юм бэ. Нам хэцүү байна, наашаа гэснийг нь авъя гэсээр байгаад ийм байдалд хүрчихлээ. Намын шинэчлэл гэж ярьж байгаа хүмүүс чимээгүй ажлаа хийх хийцгээ л дээ. Үүрүүдэд очиж ажлаа ярьж, уулзах ёстой юм. Тэнд очиж ажиллахгүй байж УИХ, нам ингэх ёстой гээд байх шаардлагагүй. Нам дээр ийм ажил хийгээд, энэ бодлогыг ингэж шинэчилвэл болохоор байна гэдгээ гаргасны үндсэн дээр л шинэчлэлийг хийнэ. Түүнээс биш их хурлаа хийгээд даргаа сольсноор шинэчлэл болохгүй. Хэнийг даргаар тавих гээд байгаа юм бэ. Эргээд МАХН-тай нэгдээд Н.Энхбаярыг даргаар тавих гээд байгаа юм уу. Битгий мөрөөдөцгөө. Тийм юм байхгүй.
-Гэсэн хэдий ч Ардын нам, МАХН-тай нэгдэх тухай яриад л байгаа шүү дээ?
-Тийм юм гэж юу байх вэ дээ. Ардын нам, МАХН нэгдэнэ ч гэнэ үү. Тэгвэл яах гэж салсан юм бэ. Салснаараа л байх хэрэгтэй. Баяртай гээд явсан, тэгээд яваач дээ. Юу гэж эргэж ноцоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч орох ёстой ч гэх шиг. Бид МАХН-тай нэгдсэнээрээ бус, мөрийн хөтөлбөр гаргаснаараа сонгуульд оролцох ёстой. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн юу хийх ёстой юм бэ, одоогийн Ерөнхийлөгчийн юу нь болохгүй байна гэдгийг ярих хэрэгтэй. Миний хувьд улс төр гэдгийг өөрөөр хийнэ. Үүрүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай байна тэр бүгдийг хийх болно. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр удирдлагууд муу ажиллаж байгаа юм биш. Удирдлагын гаргаж байгаа санаачилгыг хийе, дэмжие гэсэн бодолтой ямар ч хүн алга. Тэгэхээр намын Удирдах зөвлөлийг тараамаар байна. Цомхон байх ёстой юм. 20 гаруй хүн тэнд юугаа хийж байгаа юм, долоо, найман хүн суугаад ажлаа явуулах хэрэгтэй. Бидэн шиг орон тооны бусуудыг болимоор байгаа юм. Бүгд л “би дарга болно” гээд дайрчихдаг. Тэгэхээр шинэчлэл гэдэг бол доороос нь юу хүсээд байгааг гаргаж ирж, нам нь ямар байх ёстой вэ гэдгийг тодорхой болгохоос биш хэдэн нөхөд “нам болохгүй байна, МАХН-тай нэгдэнэ” гэж яриад нэмэргүй.
-Таныхаар намынхаа шинэчлэлийн төлөө хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Минийхээр бол Бага хурлаа хуралдуулж, Удирдах зөвлөлөө өөрчлөх хэрэгтэй. Удирдах зөвлөлд намын, улс орны амьдралыг мэддэг хүмүүс ороод ажлаа л хийх. Ардын нам чухам хэн юм бэ гэдгийг гаргаж ирэх ёстой байна. Монгол Ардын нам гэдэг нэрийг авна гэж ярихаас илүүтэй энэ намыг яаж байгуулж байсныг ярих хэрэгтэй байсан юм. Үүнийг тодорхойлоод л явах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын том том лицензүүд хэнд байна вэ. Ардчилсан намынханд л байна шүү дээ. Оюутолгой гээд л яриад байна. Гэтэл тэр компани руу нийлүүлдэг хангамжуудыг Ардчилсан намынхан л хийж байгаа. Өдрийн 40, 50 мянган ам.долларын цэвэр ашиг хийж байгаа компани Монгол Ардын намд байхгүй. Ардчилсан намд л бий. Энэ бүгдийг зүгээр тоолоод үзчих хэрэгтэй.
-Ардын нам удирдагчгүй, лидергүй, толгойгүй болчихлоо гэдэгтээ санал нэг байна уу. Төр барих үед нь ийм яриа гардаггүй байсан нь сонирхолтой юм?
Өнөөдөр Монгол Улсын том том лицензүүд хэнд байна вэ. Ардчилсан намынханд л байна шүү дээ
-Ардын нам толгойгүй биш, харин ч ихэдчихээд байгаа юм биш үү. Лидерийн тухайд асуудлаа мэддэг, энэ нь ийм концевцээр явах хэрэгтэй гэдгийг тодорхойлж, авч явах чадвартай хүн байх ёстой. Концевци гаргах хүн алга. Тэгэхээр л лидергүй болчихож гэж яриад байгаа хэрэг. Лидер биш хүн гэдэг фигур бол бий. Намыг авч явах хүн байсан ч гарч ирэх сонирхолтой хүн алга. Нам доторх бүлэглэлүүдийг байхгүй болгохоос нааш нам дотор ажиллахгүй гэж үзэж байна. Би сүүлийн гурван сар нам дээр очоогүй. Өнөөдөр (өчигдөр) л очлоо. Би намын гишүүн хүн. Гэхдээ хүмүүсийн төлөө явсан нам дотор ажиллана гээгүй. Гишүүдийнхээ, эх орныхоо төлөө явна гэж ойлгож орсон.
-Тантай адил бодолтой хүн Ардын нам дотор хэр олон байгаа бол?
Манай нам 220 мянга гаруй гишүүнтэй
-Манай нам 220 мянга гаруй гишүүнтэй гэдэг. Үүнээс 40 хүнийг хасаад бусад адил бодолтой байгаа. Намын жирийн гишүүдийг бүгдийг нь мэдэж байгаа. Янз бүрийн юмыг дураараа ярьдаг хүнийг лидер гэдэггүй юм. Түүхэнд бичигдэж үлдэх, ядахдаа 30, 40 жилийн дараа ч ийм зүйл хийсэн шүү гээд ярих хүмүүс хэрэгтэй байна. Ийм хүн Монголд гарахгүй байна. Яагаад гэвэл намууд хэрэг алга. Би ярилцлага өгч байхдаа хэлж байсан юм, “Сэхээтнүүд сэрээч ээ” гээд. Манай намын удирдлагууд өөр дээр нь ирж байгаа хүний үгийг сонсно уу гэхээс биш. Өөрсдөө очиж ахмадуудынхаа, сэхээтнүүдийнхээ үгийг сонсдоггүй.
-Ардчилсан намынхан олон суудал авсан. Харин Ардын намынхныг сонгоогүйг та юу гэж боддог вэ?
-Олон гэдэг нь дөрөв, таван хүнээр л илүү байгаа. Хэврэг шүү дээ. Нэг сайдыг нь огцруулахад хэцүү болно. Үүнийг Ардчилсан намынханд сануулмаар байна.
-Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын хийж эхэлсэн ажлуудыг та дүгнэвэл?
Жайкагаас Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах зорилготойгоор метро барих талаар 2007-2009 онуудад судалгааны ажил явуулж шинэ хот төлөвлөлтийн ажлаа ЗТБХБ-ын яаманд өгсөн аж
-Юугаа шинэчлээд байгаа юм бэ. Хүний хийж байсан ажлыг дорвитой хийж дуусгаагүй байж юу хийгээд байгаа юм. Том, том юм яриад байхаар 1.5 тэрбум ам.долларын зээл авсан төслөө үзүүлээч. Төмөр зам гэж яриад байдаг, үүнийг чинь хэдийнэ баталчихсан. Метро барих тухай яриад байгаа. Өмнө нь зураг төслийг нь баталчихсан л ажил шүү дээ.
-Ер нь өмнө нь төр барьж байсан хүмүүс юу хийгээгүй юм биш үү. Ярьж байгааг нь сонсохоор?
-Зураг төслийг нь хийгээд баталчихсан. Харин эхлүүлж л чадаагүй. Яагаад гэвэл мөнгө байгаагүй юм.
-Тэгээд таныхаар одоо юу хийх ёстой гэж?
-Би олон юм ярихын оронд өөрийнхөө ажлыг л чанартай хийгээд явъя л гэж бодож байгаа. Ард түмэн ч гэсэн өөрсдийнхөө ажлыг л сайн хийгээсэй. Улс төрд битгий ороосой. Улс төрд орсон залуучууд гарах хэрэгтэй. Дор бүрнээ ажлаа хийгээд үйлдвэрүүдээ ажиллуулах шаардлагатай байна.