Ж.Эрдэнэбат: Ардчилсан парламентад цөөнхийн бүлэг худал ярьдаггүй юм
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.05.07

Ж.Эрдэнэбат: Ардчилсан парламентад цөөнхийн бүлэг худал ярьдаггүй юм

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбатыг “Ярилцах тан­хим”-даа урьж, Ардын намаас Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан болон пар­ламентад үүсээд байгаа завсарлагын талаар ярилцлаа.

-Ардын намынхан Бага хурлаараа Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөл­дөх хүнээ тодруул­чихлаа. Таны хувьд намын удирдах байгууллагын хурал хэр зөв шийдвэр гар­гасан гэж бодож байна вэ?

-Манай намын хувьд Ерөнхийлөгчид нэр дэв­шүүлэх хүндээ тавих шалгуурыг ард түмнээсээ асуух шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан. Энэ шийдвэрийнхээ хүрээнд орон нутгийн анхан шатны байгууллагаар санал асуулгыг явуулсан. Миний хувьд ч өрх бүрт ил захидал хүргүүлж тэдний саналыг асуусан.

Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд оруулж ирэн өрсөлдүүлсэн хүмүүс ард иргэдээс  хамгийн өндөр санал авсан юм. Удирдах зөвлөлийн зүгээс бодлогоор нэг хүнийг оруулах бус Бага хурлын гишүүдээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

Намын Бага хурал нэлээд өрсөлдөөнтэй, ардчиллын зарчмын дагуу боллоо. Би өөрөө нэр дэвшигчийн саналыг тоолох тооллогын комисст байсан. Ө.Энхтүвшин дарга болон Б.Бат-Эрдэнэ аварга нар хоёр удаа тэнцсэн байгаа. Үнэхээр ардчиллын зарчмаар явагдсан хурал учир олон удаа хайнцаж байж нэг нь тодорсон юм болов уу.

-Бага хурлын үеэр намын одоогийн удирдлагуудаа нэлээд шүүмжилсэн. Ялангуяа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг “Ажлаа хийж чадахгүй байна, ажлаа өг” гэсэн яриа гарсан. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-Аливаа улс төрийн намд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бий. Тэд үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Хурлын үеэр даргыгаа шүүмжлэхгүй гэсэн зарчим байж болохгүй шүү дээ.

Даргыгаа ч, жирийн гишүүдээ ч шүүмжилж болно. Ингэж байж нам хөгжинө. Түүнээс биш ямар нэгэн хайрцагласан бодлогоор асуудалд хандаад байвал хөгжил гэдэг чинь байхгүй болчихно.

-Ардын нам лидергүй болчихлоо гэсэн шүүмжлэл байгаа. Одоогийн нэр дэвшүүлсэн хүн нь үүнийг нотоллоо гэх юм?

-Лидергүй болчихсон намд олон нэр дэвшигч өрсөлддөг гэдэг ойлголт буруу. Олон нэр дэвшигч байгаа нь лидер байгааг илэрхийлж байна.

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэн. Харин энэ удаа танай намынхан эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нөхцөл байдлыг бий болгосонгүй. Үүнтэй ч одоогоор санал нийлэх гишүүн ховор байх, тийм үү?

-Дэлхийн нийтийн жишгээр эмэгтэй улстөрчид олноороо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж байна. Манай намын хувьд эмэгтэй хүн нэр дэвшсэн. Гэвч намын эцсийн шийдвэр өөр байлаа. Ард иргэдийн саналаар Д.Оюунхорол гишүүн өндөр санал аваад л явж байсан юм.

Бусад хүмүүсийн хувьд ч өндөр санал авсан. Эцсийн шийдвэрийг намын Бага хурлаас гаргадаг. Хурлаар гишүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дэвшүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Бид түүнийг ялж чадна гэж үзсэн учраас нэр дэвшүүлсэн. Сайт, сэтгэгдлийг харж байхад “Бөх хүн бөхөө л барилдана биз” гэсэн яриа их байна билээ. Би үүнийг их гайхаад байгаа юм.

Бөх гэдэг чинь хүн. Харин бусад хүнээс бяртайгаараа л ялгаатай. Боловсрол талаас нь харвал Б.Бат-Эрдэнэ гишүүн хуульч хүн. Дуучин, сэтгүүлч, эдийн засагч, бөх бүгд адилхан. Ямар ч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэдгийг Үндсэн хуулиараа заачихсан байгаа шүү дээ.    

-Таны хувьд намын удирдлагуудаа хэр сайн ажиллаж байгаа гэж дүгнэдэг вэ?

-Энэ дүгнэлтийг хувь хүн хийдэггүй. Улс төрийн намын тухайд намын эрх барих дээд байгууллага хийдэг. Намын эрх барих дээд байгууллага нь эдгээр хүнийг намаа удирдаж чадна гээд сонгочихсон байгаа тохиолдолд ажлыг нь хийлгэх л ёстой.

Түүнээс биш хэн нэгэн гарч ирээд сонгуулийн үеэр энэ хүмүүсээр удирдуулахгүй гэх эрхгүй. Яагаад гэвэл удирдах байгууллагын шийдвэрийг гишүүд нь дагах учиртай. Цөөнх юу ч ярьж болно. Хэнийг ч шүүмжилж болно. Гэхдээ эцэст нь олонхийнхоо шийдвэрийг дагадаг.

-Парламентын 75 дахь гишүүний тангаргыг өргүүлэх эсэхийг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулаагүй нь Ардын намын бүлгийн гишүүдийн дургүйцлийг хүргэсэн. Энэ талаар танай намын бүлэг ямар байр суурь дээр нэгдэв?

-Хууль зөрчсөн үйлдлийг гаргаад л байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн бариад, Ерөнхийлөгч дэмжчихсэн байгаа тохиолдолд УИХ-ын тухай хуульд зааснаар “Тухайн УИХ-ын гишүүн анхныхаа суусан хуралд тангаргаа өргөнө” гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр тангаргыг нь өргүүлэхгүй байна.

Өмнө нь 74 гишүүн тангараг өргөсөн. Гэхдээ таван гишүүн нь сүүлд тангараг өргөсөн шүү дээ. Өөрсдөө тангаргаа өргөчихөөд дараа нь орж ирэх гэж байгаа “ангийнхаа” хүүхдийг “жийгээд” байж болохгүй шүү дээ. Тиймээс хуулиа хэрэгжүүлэх ёстой. Нэгэнт Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчөөгүй байна гэдгээ хэлсэн.

Тэгэхээр УИХ хуулиа хэрэгжүүлж нэр дэвшигчийн тангаргыг өргүүлэх л хэрэгтэй. Ингээд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаад харамсаж байна. Энэ утгаараа УИХ дахь Ардын намын бүлэг УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлаар завсарлага авсан.

Тэд өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэх болохоороо асуудалд ямар ч хамаагүй байдлаар л ханддаг. Харин бусдын асуудлыг шийдэхээрээ хойшоо сууж болохгүй. Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой. Хүндэтгээгүйгээс болж иргэдийн дунд тэмцэл хөдөлгөөн өрнөөд байгаа шүү дээ.

Тухайлбал Өвөрхангай аймагт. Илт давуу байдлаар ялчихсан байхад маргаан үүсгэж, өөр хүний тангаргыг өргүүлсэн. Монгол Улсад өнөөдөр хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэгт хүртэл эргэлзэж эхэллээ.

-Өвөрхангайн тойрогт Ардын намтай, Ардчилсан намынхан харилцан тохиролцсон юм биш үү. Ардчилсан намынхан л тохиролцооноосоо буцчихсан болохоос биш?

-Манай намаас нэр дэвшсэн гишүүн “больё” гэдгээ хэлсэн болохоор Г.Батхүү гишүүн тангаргаа өргөсөн. Харин нөгөө нэр дэвшигч болох С.Чинзоригийг би үндсэндээ гишүүн гэж үзэж байгаа.

Одоогоор энэ асуудлыг шийдвэрлээгүй. Шүүхийн шатанд яваа. Өөрөө ч гишүүний тангараг өргөх ёстой гэдгээ хэлсэн. Үүнийг л хэлж байгаа болохоос биш хоорондоо тохиролцоод гацаад байгаа юм байхгүй.

-Тэгэхээр Ардын намын бүлэг Р.Гончигдорж гэдэг хүндээ бус 75 дахь гишүүний тангаргыг өргүүлэхгүй байгаа болохоор завсарлага авсан гэж ойлгож болох уу?

-Асуудал Р.Гончигдорж гэдэг хувь хүнд байгаа юм биш. Хуулийн дагуу бүлэгтэй нам бүр УИХ-ын дэд даргатай байх ёстой. Үүний хүрээнд нам нь хүнээ тодруулсан бол намууд эсэргүүцэх шаардлага байхгүй. Шийдэх л хэрэгтэй.

Гэтэл нөгөө талаас нь харвал олонхийн санал аваад тангаргаа өргөн хуулиа хэрэгжүүлэх ёстой байдаг. Тийм учраас энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай. Ер нь хуулиа хэрэгжүүлэх тухай л яриад байна. Энэ утгаараа манай нам завсарлага авсан.

-Завсарлага авсан асуудлын талаар Ардчилсан намын бүлгийн төвшинд ярилцаж үзсэн үү?

-Бүлгийн болоод УИХ-ын дэд даргын хүрээнд энэ талаар ярилцсан байна билээ. Өмнө нь УИХ-ын даргын зөвлөлийн үеэр уг асуудлыг яриагүй гэдэг шалтгаанаар нэрийг нь оруулж ирээгүй гэсэн.

Энэ удаагийн УИХ-ын даргын зөвлөлөөр асуудлыг хэлэлцсэн ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Яригдсан ч гэсэн оруулаагүй нь сонин байгаа биз. Улс төрийн сонирхол байгаа учраас ингээд байна.

-Парламентын гишүүд хуу­лийн төсөл санаачлан боловсруулахаас илүүтэй аливаа асууд­лыг улстөржүүлэх байдал руу оруулах боллоо?

-Өмнөх парламентын жишиг бий шүү дээ. Олонхи нь цөөнхөө хүндэтгэдэг. Цөөнхийнхөө саналыг боловруулж, бодлогодоо тусгадаг байх жишээтэй. Цөөнхийн бүлэг худал ярьдаггүй. Ард түмний эрх ашгийг хөндсөн асуудал дээр болохгүй байгааг нь шүүмжилж, өөрсдийн саналаа нэмэрлэдэг.

Ардчилсан намынхан хугацаагүйгээр, парламентын үйл ажиллагааг гацаан байж завсарлага авдаг байсан.

Түүнээс биш намынхаа эрх ашгийн үүднээс дуугардаггүй. Ардчилсан парламент байгаа тохиолдолд олонхи, цөөнхийн гаргасан санал дүгнэлт дээр үндэслэн шийдвэр гарч байх ёстой юм. Олонхийн хийсэн ажил бүхэн зөв байна гэж байхгүй. Та бүхэн санаж байгаа бол Ардчилсан намынхан завсарлага авдаг байсан.

Ингэхдээ хугацаагүйгээр авдаг байсан шүү дээ. Парламентын үйл ажиллагааг гацаан байж шүү. Бид бол тэгэхгүй байгаа. Тодорхой асуудлаар улстөржөөд байгаа болохоор л завсарлага авсан. Энэ хоёр завсарлагыг иргэд олон нийт харьцуулан ойлгож байгаа биз ээ.

-Эрх барьж байгаа намынхан аливаа асуудалд түрэмгийлж ханддаг хэмээн шүүмжилж байна гэсэн үг үү?

-Ерөнхийдөө байдал тийм л байна. Хэвлэл мэдээллийн байгууллага ч мөн ийм байдалтай болчихсон. Олонхи болсон намыг л магтан дуулдаг. Тэд зөв, буруу ч үйл ажиллагаа явуулсан хамаагүй. Ингэж болохгүй. Олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах ёстой юм.

Өнөөдрийн хувьд Д.Сумъяабазар гэдэг хүнийг бөх хүн гэж шүүмжилж байгаа хэвлэл бий. Тэгсэн атлаа тэр хүн хуулийн дагуу тангаргаа яагаад өргөхгүй байна гэдгийг ярьж байгаа нь цөөн. Хэвлэл мэдээллийн тэнцвэргүй байдал иргэдэд буруу ойлголтыг төрүүлээд байна.

-Ардын нам, МАХН-тай Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтарч ажиллах тухай ярьж байгаа. Энэ асуудал юу болов?

-Манай нам нэр дэвшигчээ тодруулснаас хойш сонгуулийн үеэр хамтарч ажиллах саналаа намууд илэрхийлсэн. Тухайлбал Монголын Ногоон нам байна. МАХН үндсэндээ Ардын намаас салж гарсан нам.

Энэ утгаар нь нэгдэж, хамтрах нь гэсэн таамаг байсан байх. Гэтэл МАХН-ын хамтарсан эвсэл Ардчилсан намтай засагт хамтраад ажиллаж байна.