Нэмэх оноо
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.05.08

Нэмэх оноо

Сэтгүүл зүйн талбараас улстөрч “төрөх” нь түгээмэл. Тэдний нэг нь өдгөө Ерөнхийлөгч болчихсон явахтай зэрэгцээд чамгүй олон нь УИХ-ын гишүүний алба хашиж буй.

Сэтгүүлчийн намтраа улстөрчийн албаар сольж буй нэг хатаггай бол Ц.Оюундарь юм.

Тэрбээр нэгэн цагт “Зууны луйвар” нэвтрүүлгээр Монголын сэтгүүл зүйг донсолгож, иргэдийн сэтгэхүйг цочроож, эрх мэдэлтнүүдийг айлгасан. Гэхдээ энэ нь өнгөрсөн түүх.

“Орон нутгийн сонгуульд намынхаа дотоод зохион байгуулалтыг сайн удирдсан” гэх магтаал түүний жинхлэх шалтгаан болсон гэж дуулдсан.

Харин өнөөдрөөс эхлэн тэрбээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана. Өнгөрсөн оны сүүлчээр болсон “Орон нутгийн сонгуульд намынхаа дотоод зохион байгуулалтыг сайн удирдсан” гэх магтаал түүний жинхлэх шалтгаан болсон гэж дуулдсан.

Мөн “Ардчилсан намыг бусдын шүүмжлэлээс айхтар сайн өмгөөлж байгаа” гэдэг нь ч нэмэх оноо болж. Энэ бүхэн Ардчилсан намынхны түүнд итгэх шалтгаан.

Гэсэн ч энэ итгэл хэр удаан үргэлжлэхийг тааварлахад бэрх. АН-ын төлөө залуу нас, эрдэм мэдлэг бүхнээ зориулсан Б.Дэлгэрмаа хатагтайг генсекийн албанаас “хөөж” чадсан эрчүүд энэ удаад сэттүүлч хатагтайн өмнө хэр удаан бөхөлзөх бол...

Ингэж бодохоор салбараасаа явсан сайн сэтгүүлчийнхээ хойноос харамсмаар ч юм шиг. Гэхдээ л тэр чадлаа. АН-д ийм богино хугацаанд ийм өндөрт хүрснийг нь бодохоор шүү дээ. Тиймээс олон хүн энэ удаагийн томилгоог зөвхөн Ц.Оюундарь гэх хувь хүнийх нь тухайд төдийгүй АН-ын түүхэн дэх “Нэмэх оноо” хэмээн харж буй нь дамжиггүй юм.