С.Одонтуяа: Амбулаторийн үзлэг, оношлогооны төлбөрийг даатгалаас санхүүжүүлэхээр тусгасан
УИХ-ын гишүүн С.Одон­туяа
2013.05.01

С.Одонтуяа: Амбулаторийн үзлэг, оношлогооны төлбөрийг даатгалаас санхүүжүүлэхээр тусгасан

УИХ-ын гишүүн С.Одон­туяа­тай Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс­лүүдийн талаар ярилцлаа. Тэрбээр Нийгмийн бодлого боловс­рол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос тэдгээр төслүүдийг нэгmгэн хэлэлцүүлэх Ажлын хэсгийг ахалж буй юм.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг та ахалж байна. Уг төслийг баталснаар ард иргэдэд энэ чиглэлээр тулгамдаж буй асуудлууд шийдэгдэх үү?

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 1993 онд батлагдсанаас хойших хугацаанд хувь хүн, гэр бүлд эрүүл мэндийн улмаас учирч буй санхүүгийн эрсэдлийг бууруулж, эрүүл мэндийн байгууллагын зардлыг санхүүжүүлэхэд зо­хих хувь нэмрээ оруулсан. Гэвч олон төрлийн эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй байгаагаас даатгуулагч өвдөх, бэртэхэд өөрөөсөө их хэмжээний мөнгө төлж санхүүгийн дарамтад орох, өөрт шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйл­чилгээг авч чадахгүйд хүрэх тохиолдол цөөнгүй гарч байна.

Ялангуяа даатгуулагчийн хэвтэж эмчлүүлсний зардлыг эрүүл мэндийн даатгалаас сан­хүүжүүлж байгаа боловч өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаард­лагатай амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношлогооны ихэн­хийг санхүүжүүлдэггүй учраас эдгээр тусламж үйлчилгээнд төлбөр авсаар байна.

-Тэгэхээр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц гарна гэж ойлгож болох уу?

-Дээрх асуудлуудыг шийд­­вэр­­лэхэд анхаарч, бай­гууллага, иргэд, эмнэлгийн холбоодоос санал авч зарчмын өөрчлөлтүүдийг төсөлд тусга­сан. Хуулийн төслүүдэд Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг шинээр тодорхойлж, хүрээг өргөжүүлэн амбулаторийн тусламж үйлчил­гээ болон өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх, нөхөн сэргээх эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээг даатгалаас санхүү­жүүлж, өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээний зардлыг хөнгөлөх асуудал тусгагдсан байгаа.

-Тухайлбал, ямар үйлчил­гээний зардлыг хөнгөлөхөөр тусгав?

-Эрхтэн шилжүүлэх эмчилгээ, өндөр үнэтэй оношлогоо, мэс заслын эмчилгээнүүд, зайлшгүй хэрэглэх шаардлагатай ч үнэтэй эмийн үнийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багцад оруулсан. Иргэд хорт хавдраар өвдсөн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцахаар хуульд заасан байдаг ч өнөөдөр иргэдээс төлбөр гаргуулж байгаа. Мөн эмнэлэгт хэвтэх ор хүрэлцэхгүй байгаа зэргээс болж иргэд бухимдалтай байдаг.

Мөн эмнэлэгт хэвтэх ор хүрэлцэхгүй байгаа зэргээс болж иргэд бухимдалтай байдаг.

Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор хорт хавдрын өдрийн химийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байхаар тусгалаа. Мөн хоёр, гурав дахь шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах анхан шатны эмнэлгийн чадавхийг сайжруулах зорилгоор өрх, сум, тосгоны эмнэлгүүд өд­рийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, нэг удаагийн оношл­уураар оношлогоо шинжилгээг хийж түүнийг даатгалаас санхүүжүүлэх асуудлыг хуулийн төсөлд нэмж тусгах талаар судлан ажиллаж байгаа.

-Төсөлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцооны шинэчлэлийг хэрхэн тусгасан бэ?

-Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чадавхи муу, эм­нэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарт хяналт тавьж, худалдан авалт хийдэггүйгээс эрүүл мэндийн даатгал нь тусламж үйлчилгээний чанар, хүр­тээмжийг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байна. Зөвхөн санхүүжүүлэх үүргийг л хэрэг­жүүлж байгаа юм. Харин уг хуулийн төслүүдэд Эрүүл мэндийн байгууллагын бие даасан бүтцийг бий болгохоор оруулж өгсөн.

Мөн удирдах дээд байгууллага нь даатгуулагч, Засгийн газар, ажил олгогчийн төлөөллөөс бүрдсэн Үндэсний зөвлөл байхаар оруулсан. Харин бие даасан статустай даатгалын байгууллага нь тусламж үйлчилгээний өртөг зардлыг бодитойгоор тооцож батлуулах, эрүүл мэндийн байгууллагыг сонгож гэрээ байгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах, түүний чанар хүртээмжид хяналт тавих, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанар­тай уялдуулах, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтол­цоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах үүрэгтэй байхаар зохицуулж байна.

-Даатгал төлсөн атлаа эмнэлэгт хэвтэхдээ иргэд өөрсдөө эм тарианыхаа зард­лыг гаргадаг. Энэ байдлыг хэрхэн зохицуулж байна?

Хуулийн төсөлд даатгуулагч хэвтэн эмчлүүлэх үед зайлшгүй шаардлагатай эм тариаг өөрөөс нь гаргуулсан тохиолдолд үнийг зах зээлийн дундаж ханшаар тооцож, буцааж олгох харилцааг ч зохицууллаа.

-Тиймээ ийм явдал гардаг. Хуулийн төсөлд даатгуулагч хэвтэн эмчлүүлэх үед зайлшгүй шаардлагатай эм тариаг өөрөөс нь гаргуулсан тохиолдолд үнийг зах зээлийн дундаж ханшаар тооцож, буцааж олгох харилцааг ч зохицууллаа. Мөн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг чанар стандартын шаардлага хан­гасан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлэхээр төсөлд орсон. Энэ нь эмнэлгүүдэд өрсөлдөөнийг бий болгох, ингэснээр эмчилгээ үйлчилгээний чанар сайжрах, улсын эмнэлгүүдийн ачаалал буурах боломж бүрдэх юм.

-Тусламж үйлчилгээ­нүү­дийн зардлыг даатгалаас сан­хүү­­жүүлэх бо­ломж хэр байдаг юм бол. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмэх үү?

-Тусламж үйлчилгээний төрөл болон өртгийг нэмэг­дүүлснээр даатгалын санд ачаалал нэмэгдэх нь мэдээж. Өнөөдөр шимтгэлийн хувьд шинэчилж зохицуулах, хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа.

Судалгаанаас үзэхэд манай улсын ядуурлын түвшин 30 хувьтай байгаа. Гэтэл эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдийн 56 хувийг төр дааж, маш бага хэмжээгээр төлдөг.

Үүнийг шийдэхийн тулд төрөөс үнэхээр орлогогүй, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хэсгээ боломжийн хэмжээнд даах юм. Мөн эрүүл мэндийн даатгалын зарчим нь орлогын хэмжээгээр шимтгэл төлөөд хэрэгцээний хэрээр тусламж үйлчилгээ авах ёстой. Өнөөдөр манайд гажуудаад байгаа нэг асуудал бол албан секторт ажилладаг хүмүүс нь орлого тодорхой учраас тэр хэмжээнээс бодитойгоор шимтгэл төлдөг.

Жишээлбэл 500 мянган төгрөгний цалинтай хүн сар бүр цалингийнхаа хоёр хувь буюу 10000 төгрөг, жилд 120000 төгрөг, ажил олгогч нь мөн 120000 төгрөгийг төлдөг гэсэн үг.

Гэтэл ийм хэмжээний орлого олж байгаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, олон малтай малчид сард 670 төгрөг, жилд дөнгөж 8040 төгрөг төлж байна. Иймд шимтгэлийн хэмжээг орлоготой уялдуулж тогтоох, шимтгэл хураах ажлыг шинэчлэн зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

-Өвдсөн хойно эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь бага зардалтай бөгөөд үр дүнтэй гэж ярьдаг. Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог даатгалд оруулсан уу?

-Эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчийг урьд­чилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулахаар, энэхүү үзлэг оношлогооны төрөл, давтамж, түүнд хамраг­дагсдыг эрүүл мэндийн даат­галын байгууллага болон, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Үндэсний зөвлөл баталж байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар ярилцаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогооны журмыг хүн амын өвчлөлийн байдал, нас хүйсийн онцлогийг харгалзан даатгалын сангийн орлого, зарлагын байдалтай уялдуулан тогтоох юм.

Нөгөө талаар хуулийн төсөлд иргэдийн амбулаторийн үзлэг оношлогоог даатгалаас санхүүжүүлэхээр тусгасан. Одоо мөрдөж бай­гаа журмаар даатгуулагч тухайн сардаа, тухайн эмнэлэгт 36000 төгрөгний оношлогоо хийлгэхээр, мөн гурван жил дараалан ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй бол 22000 төгрөгний оношлогоо хийлгэхээр байгаа. Үүнийг өөрчилж үнэлгээг илүү бодитой болгох шаардлага байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.