Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь шинэчилнэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнгөрөгч намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өчигдөр тайлагналаа.
Тус байнгын хороо чуулганы хугацаанд 63.1 хувийн ирцтэйгээр найман удаа хуралдаж, 23 асуудал хэлэлцжээ.
Хэлэлцэж буй хуулийн төслүүдээс хамгийн их анхаарал татах нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл байлаа хэмээн тус байнгын хорооныхон мэдээлэл хийх үеэрээ хэлж байлаа.
Түүнчлэн 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор нийт хяналт шалгалтын чиг үүрэг бүхий зургаан ажлын хэсэг байгуулан, ажиллаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тус Байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, ахлагчаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа юм.
Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэдгийг ч Байнгын хорооны дарга Д.Батцогт хэлж байсан юм.