Д.Батцогт: Эрүүл мэндийн даатгал хариуцсан агентлагтай болно
УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.02.24

Д.Батцогт: Эрүүл мэндийн даатгал хариуцсан агентлагтай болно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг Байнгын хорооны төвшинд удаан хэлэлцэж боловсруулсан ч АН-ын бүлэг завсарлага авсан. Ямар шалтгаанаар завсарлага авсан юм бэ?

-Иргэний эрүүл   мэндийн даатгалын тухай хуулийн төсөл батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоо сууриараа шинэчлэгдэнэ гэж үзэж байгаа. С.Эрдэнэ нарын гишүүдийн санаачилсан нэг төслийг С.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан төсөлтэй хэлэлцүүлгийн үед нэгтгэсэн.

Үүнээс болоод нэлээд хугацаа шаардсан. С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нэлээд олон удаа хуралдаж 130 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн Байнгын хороонд оруулж ирсэн. Төслийн нэгтгэсэн хувилбарыг Байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага авахын өмнө ирц бага байснаас болоод гол заалт нь уначихсан. Энэ нь хоёр хуулийн төслийг нэгтгэхдээ С.Эрдэнэ гишүүний төслийг суурь болгоно гэсэн заалт.

Үүнээс шалтгаалаад дараа дараагийн заалтууд өөрчлөгдөх учраас АН-ын бүлэг завсарлага авах нь зөв гэж үзсэн байх. Гэхдээ С.Эрдэнэ гишүүний хуулийн төслийг суурь болгосноор концепц нь зөрчилдсөн зүйл байхгүй. АН-ын завсарлагын хугацаа дуусаагүй байхад намрын чуулган завсарласан учраас  хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлээд хэлэлцэнэ. Гэхдээ 130 гаруй саналын томьёоллоор УИХ- ын нэгдсэн чуулган дээр санал хураалт явуулна гэдэг амаргүй. Тиймээс төсөл санаачлагчид зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газар илүү боловсронгуй болгоод оруулж ирвэл хэлэлцэхэд арай хялбар болно.

-Энэ төслийг Засгийн газар оруулж ирэх хэрэгтэй гэдгийг гишүүд онцолж байгаа юм уу. Хэрвээ тийм бол энэ нь АН-ын бүлэг завсарлага авах бас нэг шалтгаан болсон юм болов уу?

-Магадгүй. АН-ын зарим гишүүн “Энэ төслийг Засгийн газраас оруулж ирэх нь дээр юм байна" гэж байсан. Хамгийн гол нь энэ төслийг санаачлагчид нь зөвшөөрөх үү, үгүй юү гэдгийг хэлж мэдэхгүй юм.

-Энэ төслийг аль ч хувилбараар нь баталсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд олон дэвшил гарна гэж байсан. Тухайлбал, ямар дэвшил гарна гэж үзэж байгаа вэ?

даатгуулагчдын эрхийг өндөрт тавьж байгаа.

-Тухайлбал, даатгуулагчдын эрхийг өндөрт тавьж байгаа. Зарим даатгуулагч эмнэлгийн үйлчилгээ байнга авдаг байхад зарим нь байнга даатгал төлдөг хэрнээ нэг ч удаа эмнэлэгт үзүүлдэггүй, шинжилгээ өгдөггүй. Эмнэлгийн үйлчилгээ авахгүй байгаа хэрнээ байнга даатгал төлөх нь зөв үү гэх гомдол ч их гардаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор хоёр жил эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй даатгал төлөгчдийг урамшуулах тогтолцоог хуулийн төсөлд суулгаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, эрүүл байхын төлөө тэмцдэг, биеэ хайрлаж зөв хооллодог, спортоор хичээллэдэг эрүүл иргэдээ урамшуулдаг болно гэсэн үг. Урамшууллынх нь хэлбэрийг Эрүүл мэндийн даатгалын зөвлөл жил болгон баталж байхаар хуульчилж байгаа. Тухайлбал, спортоор хичээллэхдээ зарцуулж байгаа мөнгийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлэх гэх мэт гар дээр нь бэлэн мөнгө олгохоос өөр олон хувилбар байж болно.

Мөн хуулийн төсөлд тусгасан бас нэг том дэвшил нь даатгуулагч өөрөө үйлчлүүлэх эмнэлэг, эмчээ сонгодог болно. Бэлэн мөнгөөр урамшуулал олгохыг хориглож байгаа. Ингэснээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болж, үйлчилгээний чанар, стандарт сайжирна гэж үзэж байгаа.

-Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг болно гэсэн үг үү?

-Тийм. Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах боломжтой болохоор эмч нарынхаа мэргэжил, тоног, төхөөрөмжийнхөө хүчин чадлыг улам сайжруулна гэж үзэж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгох нэг асуудал нь даатгуулагч тус бүр цахим карттай болох тухай асуудал. Цахим карттай болсноор иргэд өвчтөний түүх гээд навсайсан цаас барьж явахаа болино. Цахим картаа уншуулахад л бүх мэдээлэл нь гарч ирдэг болох юм. Энэ мэтчилэн эрүү мэндийн үйлчилгээг улам хөнгөвчлөх олон заалт хуулийн төсөлд орсон.

-Бүх эмнэлэгт мөнгө олгохоос гадна иргэдийг урамшуулаад эхлэхээр эрүүл мэндийн даатгалын сан ачааллаа даана гэж үзэж байгаа юм уу?

-Урамшуулал олгоно гэдгийг эсэргүүцсэн байр суурьтай гишүүд ч бий. Гэхдээ олонх нь урамшуулал олгохыг дэмжиж байгаа. Иргэдэд урамшуулал олгохоор баталлаа гэхэд эрүүл мэндийн даатгалын санд ачаалал үүсэхгүй гэж үзэж байгаа.

-Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн гишүүдийг хаанаас томилдог байхаар тогтсон бэ. Хэлэлцүүлгийн үед үүн дээр гишүүд санал зөрөлдөөд байсан?

-Эрүүл мэндийн яам Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинэ агентлаг байгуулах санал гаргасан. С.Эрдэнэ гишүүн болохоор Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийг Нийгмийн хамгааллын ерөнхий газрынхаа дор ажиллуулах саналтай байсан. С.Ганбаатар гишүүн бүр бие даасан бүтэц байсан нь дээр үзэж байсан. Улмаар хэлэлцээд бие даалгасан нь дээр гэж үсэн.Гэхдээ 2016 оны наймдугаар сард албан ёсоор бие даасан агентлаг болно. Түүнээс өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын харъяа Эрүүл мэндийн даатгалын газар байхаар төсөлд тусгасан.