УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.09

С.Ганбаатар: Эрүүл мэндийн даатгалын гажууд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

Эмч мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ гээд эрүүл мэндийн үйлчилгээний чанарын тухай олонтаа маргадаг.

Ялангуяа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудал их хурцаар тавигддаг. Тиймээс "Ярилцья" нэвтрүүлэгтээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг урилаа. 

Та УИХ-д эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан билээ. Энэ өөрчлөлтийн гол амин сүнс нь юундаа байна вэ?

Эрүүл мэндийн салбарт хариуцлага ч алга, үр дүн ч алга. 180-200 тэрбум төгрөгийг монголын ард түмэн даатгалд төлж, эмнэлгийн үйлчилгээ авъя гээд өгдөг ч үйлчилгээ нь маш муу, бидний сэтгэл ханамж доогуур байна. Иргэд өгсөн мөнгөнийхөө араас хяналт тавьж, хариуцлага тооцох боломжгүй байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжээд 23 жил болсон ч эмнэлгийн үйлчилгээ ерөөс сайжраагүй.

Гэтэл даатгалын мөнгийг үргүй зарцуулсныхаа төлөө нэг ч эмнэлэг дампуураагүй, нэг ч эмнэлэгт хариуцлага тооцоогүй. Бидний өмнөөс тэдэнтэй хариуцлага тооцох ёстой эрүүл мэндийн даатгалын газрынхан ажлаа хийхгүй байна. Гэхдээ дан ганц тэдний буруу биш, Эрүүл мэндийн даатгалын газрын дарга нарыг сайд томилдог. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоо тэр чигээрээ өвчтөн, даатгуулагч иргэдэд бус  сайд, засгийн газар, мөн санхүүжүүлдэг хүмүүстээ таалагдах гэж ажилладаг. Дээрх хуулийн үндсэн санаа бол засаглал.

Даатгуулагчид өөрсдөө хариуцлага тооцдог, үр дүнгээ хүртдэг механизм байх хэрэгтэй.

Даатгуулагчид өөрсдөө хариуцлага тооцдог, үр дүнгээ хүртдэг механизм байх хэрэгтэй. Үүний тулд хуулиараа ямар ч эрх мэдэлгүй болчихсон Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл гэдэг байгууллагыг эрх мэдэлтэй болгоё. Энэ байгууллагад 3 хүн даатгуулагчдыг, 3 хүн бизнесийн салбарыг, 3 хүн засгийн газрыг төлөөлж байдаг. Тэдэнд ажлаа хийх боломж олгоё. Аймаг болгонд байдаг эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлүүдэд байх ёстой эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Даатгалын сангийн 50 хувийг аж ахуй нэгжүүд, 50 хувийг хөдөлмөрчид цалингаасаа бүрдүүлдэг.

Эрүүл мэндийн даатгалын зөвлөлд төлөөллөө оруулсан эдгээр хүмүүс эрүүл мэндийн даатгалын газар, нийгмийн даатгалын газарт хариуцлага тооцдог, сайн байвал урамшуулдаг, харин даатгалын газрууд нь эмнэлгүүдэд иргэдэд сайн үйлчил гэсэн шаардлага тавьдаг, шаардлагыг биелүүлэхгүй бол мөнгийг нь шилжүүлдэггүй байх тийм л тогтолцоо хэрэгтэй. Ингэвэл эмнэлгүүд тэртэй тэргүй иргэдэд сайн үйлчлэх болно. Энэ бол хуулийн амин сүнс.

Даатгалаар санхүүждэг эмнэлгүүдийн 90 хувь улсын эмнэлэг. Засгийн газар даатгуулагчдын мөнгийг аваад тэдэнд өгдөг. Харин даатгуулагч мөнгөө хянах боломжгүй байдаг. Тэгэхээр хүмүүс эмнэлгийн байгууллагад танил тал хайхаас өөр аргагүй болдог. Энэ нь явж явж эмнэлгийн ажилтнуудын буруу ч биш, энэ бол тогтолцоо болон эрх зүйн орчны гажуу байгаагийн илрэл.

Өнөөдөр эмнэлгүүд өвчтөнүүдийг хэр зэрэг эмчилснээрээ бус, хэдэн ортой вэ гэдгээр санхүүжилт авдаг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гол зорилго нь иргэн гэнэт өвчилсөн үед түүнийг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байхад л оршино. Энэ асуудал дээр Үйлдвэрчний Эвлэл, Ажил Олгогч Эздийн Холбоо сайн ажилламаар байна. Өнөөдөр бид даатгалын мөнгөний ачаар биш, танил талын ачаар эмнэлгийн үйлчилгээ авч байна.

Жил болгон бидний төлдөг 180 тэрбум төгрөг ямар ч үр дүн авчирдаггүй. Судалгаанаас харахад тархины хавдар, зүрх, бөөр шилжүүлэн суулгах гэх мэтийн өндөр үр өртөгтэй эмчилгээг ердөө есхөн тэрбум төгрөгөөр хийх боломжтой. Гэтэл өнөөдөр Засгийн газар 180 тэрбумын 40-ийг нь эмнэлгүүдэд тараагаад үлдсэн 140 тэрбумыг нь үлдэгдэл сан гэдэг нэрийдлээр өөр зүйл санхүүжүүлдэг. Энэ мөнгийг тэр чигээр нь ард түмний эрүүл мэндэд зарцуулах ёстой.