Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал
2013.05.30

Засгийн газраас стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлтэд анхаарна гэж ойлгож байна

“Тоон тойм” нэвтрүүлгээр Барилгын салбар, найман хувийн хүүтэй орон сууцны зээл түүнтэй холбоотой асуудлуудлын талаар  Барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Г.Түмэнжаргалтай ярилцлаа.  

-Засгийн газраас нийлүүлж дэмжсэн хөтөлбөрийн үр дүнд энэ онд үнэ буурч эхлэх үү? Хэрэв буурвал яг хэдэн хувиар буурах боломжтой вэ?

Шинэчлэлийн Засгийн газраас орон сууцны үнийг тогтворжуулах мөн орон сууцны зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр нэлээн олон тогтоол, шийдвэрүүд гаргасан. Энэ тогтоол, шийдвэрүүдийн үр дүнд орон сууцны үнийг буулгах талаар олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. 

Энэ онд орон сууцны үнэ өсөх, буурах чиглэл дээр хараахан дүгнэлт хийх боломжгүй.

Засгийн газрын 4 дүгээр сарын 13-нд гарсан 135 дугаар тогтоол дээр таван заалт бий. Энэ таван заалтыг хэрэгжүүлэх журам, дүрмийг боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

Энэ арга хэмжээ нь хувийн хэвшил буюу иргэдэд хараахан хүрч амжаагүй байна. Жишээлбэл найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгох мөн орон сууцны төсөл хэрэгжүүлж буй барилгын компаниудад зориулсан 380 тэрбум төгрөгийг хуваарилах чиглэлийн ажлууд дүрэм, журам, судалгааны түвшинд яваж байгаа.

Эдгээр арга хэмжээг аваад иргэдэд хүрэх тохиолдолд орон сууцны үнийн өсөх, буурах чиг хандлага нь ойлгомжтой болно. Тэгэхээр Монголын барилгын үндэсний ассоциацаас өнөөдрийн байдлаар энэ онд орон сууцны үнэ өсөх, буурах чиглэл дээр хараахан дүгнэлт хийх боломжгүй байна.

-Ирэх сараас хэрэгжихээр байгаа найман хувийн хүүтэй зээлийн журамд та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ? Энэ журамд барилгын компаниуд байр сууриа тусгаж чадсан уу?

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, хөнгөлөлттэй зээлийн журам гэсэн хоёр журам хийгдэж байгаа. Энэ журмын хувьд Барилга хот байгуулалтын яам болон Монгол банк хамтран хийх ёстой. Энэ дээр бол салбарын төрийн бус байгууллагууд ажлын хэсэгт оролцоод явж байгаа.

Манай Монголын барилгын үндэсний ассоциацаас энэ журамд тодорхой саналуудаа оруулсан. Энэ журам ойрын хугацаанд хэрэгжээд иргэдийн гар дээр найман хувийн хүүтэй зээл очиход бэлэн болох байх. Энэ зээлийг арилжааны 10 гаруй банк өгөхөөр Монгол банк шийдвэрлэсэн.

-Тэгэхээр та бүхэн зээлийн журмын төсөлтэй танилцсан. Санал нэгдэхгүй заалт юу байна вэ?

Статистик мэдээ

Бид зарим нэг заалтууд дээр ажиллаж байгаа. Тэр нь өмнө нь төрийн албан хаагчийн 4000 орон сууцны хөтөлбөр буюу зургаан хувийн хүүтэй моргежийн зээлд хамрагдсан иргэд ямар байдлаар оролцох. Мөн өрхийн орлого ямар байх гээд олон асуудал дээр санал өгсөн.

-Орон сууцны үнэ зэрэглэлээс хамаараад янз бүр байдаг. Үнэ газраас өөр ямар зүйлсээс хамаарч өндөр байгаад байна вэ? Барилгын үнэ үнэхээр хөөсрөлтэй байгаа юу?

Орон сууцны зах зээлийн хувьд барилга угсралтын компаниудын тухай их яригддаг. Гэтэл орон сууцны зах зээл дээр хөрөнгө оруулагч хувийн хэвшлийнхэн барилгын салбарын бус бусад салбарын уул уурхай гэх мэт хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс маш их салбар дээр оролцдог.

Энэ салбар дээр дөрвөн зэрэглэлийн орон сууцанд хөрөнгө оруулж байна. Өндөр зэрэглэлийн буюу бизнес зэрэглэлийнх нь нэг метр квадрат нь хоёр саяас дээш таван сая хүртэл. Энэ дээр зах зээлийнхээ жамаар тэр байгууллагууд худалдан авагч байгаа бол хөрөнгө оруулаад явж байгаа.

Засгийн газраас дэмжиж байгаа бодлогыг бид ойлгохдоо дундаж буюу стандарт энгийн зэрэглэлийн орон сууцнуудыг маш их хэмжээгээр барих нийлүүлэлт дээр анхаарч байгаа гэж ойлгож байгаа. Энэ орон сууцны үнэ одоогийн байдлаар нэг саяас хоёр саяын хооронд хэлбэлзэж байна. 

Одоо байгаа энэ үнийг л буулгах талаар Засгийн газраас арга хэмжээнүүдийг авч байгаа.  Энэ арга хэмжээ хувийн хэвшлийнхэнд зөв хүрвэл стандарт зэрэглэлийн орон сууцнуудын үнэ буурах боломжтой.