ЖДҮ-ийг дэмжихэд 30 тэрбумын зээл олгоно
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.
-Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалтын үеэр брэнд бүтээгдэхүүн гаргахад мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна гэх асуудал хөндөгдлөө. Хөдөлмөрийн яам энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэгдэж байгаа залуус жинхэнэ эрэлттэй мэргэжлээр суралцаж чадаж байна уу. Хөнгөн үйлдвэрийн салбарынхан ажиллах хүчин алга гэх гомдлыг тавьсан?
-Үйлдвэрлэлийн салбарт 22 мянган ажлын байр эзнээ хүлээж байгаа бол ажил идэвхитэй хайж байгаа 39 мянган иргэн Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн мэдээ бий. Анхаарах асуудал байна, өнгөрсөн хугацаанд уул уурхай, барилга, авто замын салбарт ажиллах мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд хэт анхаарсан нь үнэн ч энэ талын ажиллах хүчнийг бэлтгэх эрэлт шаардлага бий. Гол нь бид цаашид энэ бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд ноос, ноолуурын салбарынхантай хамтрах шаардлага байгаа юм байна гэдэг нь харагдлаа. Тэр дундаа дизайнеруудыг бэлтгэхэд анхаарах болж байна.
-Мал аж ахуйн салбараас брэнд бүтээгдэхүүн гаргах бололцоо байна гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс 50 сая толгой малтай, түүнээс гарах сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир бол хэзээ ч дундаршгүй баялаг. Бусад оронд ийм баялаг төдийлөн байдаггүй. Энэ баялгаа брэнд болгож, экспортлоход чанар чухал байгаа. Чанар ярихаар зөвхөн арьс шир боловсруулах үйлдвэр дээр ярих бус мал төллөөд гарснаас хойш өсгөж үржүүлж, тэжээж тэтгэхээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол хүн бүр хариуцлагатай байж монголын брэндийг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэсэн үг. Нөгөө талаас бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж хүмүүсийн хэрэглээ болгоход стандарт хэрэгтэй. Стандартгүй Монгол болчихоод байна. Монгол брэнд чанартай, эдэлгээ сайтай, хүртээмжтэй эргээд хэрэглээд байхаар тийм л бүтээгдэхүүн байж эрэлт хэрэгцээг хангана.
Ингэж чадсан нөхцөлд Монголчууд ноос ноолуурын салбараас орлого олж, валютын нөөцийг бүрдүүлэх боломжтой болно. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан форумын үеэр хэлж байна лээ, ноолуур нь зэсээс 13 дахин илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бол төмрийн хүдрээс 900 дахин, нүүрснээс 700 дахин илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн шүү гэж... Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүнээс хэд дахин өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн мал аж ахуйн салбарт байна гэдгийн нотолгоо. Тийм учраас бүтээгдэхүүн бүрийг хүн хийх учраас орчин үеийн техник дээр ажиллах хүмүүсээ чадавхижуулах, сургах, давтан сургахад Засгийн газар, Хөдөлмөрийн яам, хувийн хэвшлийн бүгдийнх нь хамтын бүтээл байх ёстой л гэж бодож байна даа.
- Шинэчлэлийн Засгийн газар ирэх жилүүдэд улсын хэмжээнд 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэх зорилт тавьсан. Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөрийн сайдын хувиар та аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулсан. Биелэгдэх боломж хэр байна вэ?
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд аймаг бүр 1500 ажлын байр шинээр бий болгох боломж бий
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд аймаг бүр 1500 ажлын байр шинээр бий болгох боломж бий, энэ оны хувьд шүү дээ. Ийм тооны ажлын байрыг бий болгож иргэдээ ажлаар хангах ёстой гэсэн гэрээг аймгийн Засаг даргатай Хөдөлмөрийн сайдын хувиар байгуулсан. Гэрээнд зааснаар хоёр тал тодорхой үүрэг хүлээж байгаа юм. Нэг талаас тухайн аймаг, суманд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд Хөдөлмөрийн яам үүрэг хүлээнэ, аймгийн Засаг дарга мөн саналаа ирүүлж аль мэргэжлээр хэчнээн хүн бэлтгэх шаардлагатайгаа Мэргэжлийн боловсрол сургалтын төвд тавьж холбоотой ажиллана. Өмнө нь Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүд орон нутаг, тэр дундаа Засаг даргатай холбоогүй ажилладаг байсан. Сургалтын төвүүд Мэргэжилтэй ажилтан бэлтгээд л байдаг, тэр нь нийгмийн эрэлт шаардлагад нийцэж чадаж байгаа юм уу, Ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа юу гэдэг маш тодорхойгүй байсан. Харилцаа холбоогүй механикаар мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоог засахын тулд Засаг дарга Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэйгээ хамтарч ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Ингэснээр эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх бололцоог нээж өгсөн.
-Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийн зээл хангалттай биш байна гэх яриа дуулдах боллоо. Энэ оны төвшинд хэдий хэмжээний зээлийг ЖДҮ-ийг дэмжихэд зориулж олгоод байгаа юм бэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд энэ онд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт тус бүр нэг тэрбум төгрөг хуваарилахад нийт 30 тэрбум төгрөг шаардагдана гэж үзсэн хэрэг. Гэхдээ Говьсүмбэр аймаг 3-4 хөн сумтай байдаг, ийм жижиг аймгийн зээл шингээх чадварыг харгалзан үзээд арай багаар тооцон олон сумтай, хүн амтай ихтэй аймгууд руу зарим хэсгийг шилжүүлэх замаар зохицуулна. Одоогийн байдлаар 21 аймгаас зургаан аймагт эхний ээлжинд ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр олгох нэг тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болоод байна. Үүнд Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Ховд, Баянхонгор аймгууд багтсан. Зээлийн хүлээлт их байгаа, түүнээс үүдэж ийм яриа гарсан болов уу.
-“Сум хөгжүүлэх” сангаар дамжуулан иргэдэд мөн зээл олгодог. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдах юм?
-Орон нутагт ажлын байр шинээр бий болгож, үйлдвэрлэл хөгжүүлэхтэй холбоотойгоор 2011 оноос эхлэн “Сум хөгжүүлэх” сангаар дамжуулж иргэдэд бага хүүтэй зээл олгодог болсон. Нэг ёсны тухайн сумын Засаг дарга хэнд энэхүү зээлийг олгох вэ гэдгээ мэдэж өгөх юм. Арилжааны банкаар дамжихгүйгээр иргэнд шууд очино гэсэн үг. Энэ чиглэлээр өнгөрсөн онд нийт 24 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байсан. Нийт 330 сумандаа хуваарилахад хамгийн бага хүн амтай суманд 50 сая төгрөг, аймгийн төвийн суманд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ зээл 2012 оны хувьд оны эцэс рүү шахагдсан тал бий, орон нутгийн сонгуультай холбоотойгоор.
Гэхдээ энэ жил ийм асуудал гарахгүй. Сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор журмыг шинэчлэх шаардлага байгаа талаар иргэдээс санал их ирдэг. Тийм болохоор журмыг шинэчлэх чиглэлээр ажил эхлээд байна. Засгийн газраас “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яамдаас хамтарсан 168 хүний бүрэлдэхүүнтэй 12 баг өнгөрсөн долоо хоногоос эхлээд орон нутагт ажиллаж эхэлсэн. Энэ үеэр иргэдээс “Сум хөгжүүлэх” сангаар дамжуулан олгох зээлийг ямар нөхцөл шалгуур хангасан хүнд олгох вэ гэдэг дээр санал авна. Улмаар саналуудаа багцлаад журмаа шинэчилнэ. Энэ оны төвшинд нийт 24 тэрбум төгрөг “Сум хөгжүүлэх” сангаар дамжиж иргэдэд очно гэж ойлгож болно.
-ЖДҮ-ийн зээл цаг хугацааны хувьд оройтож хүндээ хүрдэг гэх гомдол их гардаг. Үүнийг Хөдөлмөрийн яам хэрхэн зохицуулах вэ?
-Хөдөлмөрийн яам нь ЖДҮ-ийн зээл болоод Сум хөгжүүлэх сангаар дамжуулан олгох зээлийг аймаг, сумдад эрт хүргэхийг зорьж байгаа. Одоогоор зургаан аймагт ЖДҮ-ийн зээл олгох шийдвэрийг гаргаад байна, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад цаг хугацааны хувьд нэг их оройтоогүй болов уу. Салбарын яамны зүгээс бүтээн байгуулалтын ажил эхлэх үе буюу гуравдугаар сар гарахад ЖДҮ, Сум хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ эзэддээ хүрсэн байх тэр цаг хугацаанд зорьж очно гэж бодож байгаа.
-Та хоёр долоо хоногийн өмнө Өмнөговь аймагт ажиллаж Оюутолгой ордод ажиллаж байгаа монгол ажилчдын ахуйтай танилцсан. Цаашид анхаарах асуудал юу байсан бэ. Дэвшилттэй тал ч бас харагдсан л болов уу?
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчнийг авчрахын тулд Монгол ажилчдын авч байгаа цалингаас 15-30 дахин өндөр цалин өгөх шаардлага үссэн байхыг үгүйсгэхгүй
-“Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа дэлхийн төвшинд бэлтгэгдсэн байдал ажиглагдсан. Энэ бол бусад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад туршлага болохын зэрэгцээ авто зам, барилга зэрэг олон салбарт үлгэр жишээ болохуйц харагдлаа. Ажилчдын амьдрах орчны хувьд гэр бүлээр нь тохь тухтай байлгах чиглэлийн асуудал хийгдэх байх. Өнөөгийн нөхцөлд ажилчдын нийгэм ахуйн асуудал боломжийн хэмжээнд шийдэгджээ гэж үзлээ. Харин анхаарал татсан цаашид заавал тодруулж шийдэх нэг асуудал бол монгол ажилчдын цалингийн тухай юм. Сайдын хувьд цалин хөлсний асуудлаар тодорхой мэдээлэл авъя гэсэн боловч “Оюутолгой” компанийнхан эл мэдээллээ ил болгосонгүй. Тиймээс энэ саналаа Засгийн газрын хэмжээнд тавьж анхаарна гэж бодож байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчнийг авчрахын тулд Монгол ажилчдын авч байгаа цалингаас 15-30 дахин өндөр цалин өгөх шаардлага үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ үндэсний боловсон хүчнүүд тогтвор суурьшилтай ажиллах, чадварлаг боловсон хүчин болгож мэргэшүүлэхэд үе шаттай цалинг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Ер нь монгол ажилчид, гадаад ажилчдын авч байгаа цалинд асар их зөрүү байна, тэр дундаа ижил мэргэжлийн адил ажил хийж байж гэх шүүмжлэл ихээр яригддаг. Засгийн газар болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодод бодитой мэдээлэл байгаа учраас “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр болох шатанд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах амьдралынх нь баталгааг бий болгох чиглэлээр илүү их зүйл хийх шаардлага байна гэж харлаа. Яах вэ, “Оюутолгой” төсөл дээр одоогийн байдлаар 8000 гаруй хүн ажиллаж байгаа юм байна, эдгээрийн 80 гаруй хувь нь монголчууд гэх мэдээллийг өгсөн. Мөн өдөр тутам Ханбогд сумаас 900 хүн ирж ажилладаг гэж байна. Энэ бол томоохон үр дүн, гэхдээ л засч сайжруулах асуудал байгаа нь харагдлаа.