2013.06.13

“Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчилнэ

Хөдөлмөрийн сайдын 2013 оны 6-р сарын 12-ны өдрийн тушаалаар “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг өнөөдөр анхны хураалдаанаа хийж, хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон албаны хүмүүс оролцлоо.

Хөдөлмөрийн сайд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан даруйдаа хөдөлмөрийн яамыг эмхлэн байгуулсан нь Монгол улс төдийгүй олон улсад ч талархалтай байгаа. Хүн амын 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны иргэдтэй манай улсын хувьд 20 гаруй жилийн тэртээ батлагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг баримтлана гэдэг цаг үетэйгээ нийцэхгүй байгааг олон жишээ харуулж байна.

Тиймээс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, бусад хууль тогтоомжтойгоо уялдуулан өөрчлөх нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглье. Өнгөрсөн хугацаанд манай улс хүн амын хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогодоо дорвитой өөрчлөлт хийж байгаагүйгээс энэ салбарын бодлого хоцрогдож байсныг үгүйсгэхгүй. Тиймээс Хөдөлмөрийн яам “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж, салбарын ТББ болон, эрдэмтэн мэргэдийн санааг тусган  нэгдсэн нэг салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй байна” гэлээ.

Энэ ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн засгийн газрын үед өргөн барьсан Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг эргүүлэн татаад байгаа бөгөөд ЖДҮ, Мэргэжлийн боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэх мэтчилэн салбарын бүхий л хууль тогтоомжуудтай нийцсэн бодлогыг боловсруулах юм. Баримт бичгийг боловcруулах ажлын хэсгийг Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг ахалж ажиллах бөгөөд ажлын хэсгийг Нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг, Төслийг боловсруулах техникийн ажлын хэсэг, Төслийг боловсруулах Зөвлөх баг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна. Ажлын хэсгээс боловсруулсан төслийг УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар өргөн барих юм.

Дашрамд сонирхуулахад манай улс Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 1992 оноос эхлэн  мөрдөж байгаа ажээ.