Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав бүтээн байгуулалтын баатруудын ажилтай танилцлаа
Засгийн газраас иргэдээ ажилтай орлоготой байлгах үүднээс мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго тавьсан. Үүний хүрээнд Хөдөлмөрийн яамнаас "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж богино хугацаанд 7000 залууг эх орны бүтээн байгуулалтад оролцуулахаар бэлтгэж байгаа.
Хөтөлбөрийн эхний ээлжийн 5827 суралцагч хоёр сар танхимын хичээлээ дуусгаад дадлагадаа гарчээ. Энэ үед Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав суралцагчдынхаа дадлагын ажилтай танилцлаа. Тэрээр Эрчим хүчний угсралт засварын "МЭЗ" компанид хамгийн түрүүнд очсон юм. Энд 15 суралцагч гэрээ байгуулан, дадлага хийж байгаа аж.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав суралцагчдынхаа дадлагын ажилтай танилцлаа.
Тус компанийн хувьд IV цахилгаан станцын засварын цехийн үндсэн бүрэлдэхүүнд ажиллаж байгаад хувьд шилжсэн. Өөрийн байгууллагад дадлага хийж буй суралцагчдын тухай "Сурах хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй хүүхдүүд" хэмээн компанийн удирдлагууд сайшаав. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ үеэр "Шинэчлэлийн Засгийн газраас анхаарал хандуулж буй Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдан ажиллаж, хөдөлмөрлөх хүсэл зориг дүүрэн байгаа залуусаа ажлын байраар хангаж, дадлагажуулж аж ахуй нэгж байгууллагууддаа талархаж байна. Цаашид манай суралцагчдыг улам сайн дадлагажуулж, сайн мэргэжилтэн болгоорой" хэмээн захисан юм.
Сайдын дараагийн газар болох уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа- явуулдаг "Моннис сервис саппорт" компанид 12 суралцагч ажил- лах болжээ. Тэд бүх төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралтын мэргэжилтэн болохоор суралцаж байгаа аж. "Моннис Сервис Саппорт" нь ажиллагсдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажилчдаа гадаадын томоохон үйлдвэрлэгч компанийн сургалтад тогтмол хамруулдаг гэнэ.
Мөн гадаадын мэргэжилтэн урьж ажилчдадаа мэдлэг олгодог юм байна. "Хүнд машин, техникийн мэс засалч бэлтгэдэг танай компани хүний нөөцөө Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн суралцагчдаас бүрдүүлж байгаа нь сайшаалтай хэрэг. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчдын идэвх санаачилга чухал шүү" гэж салбарын сайд хэллээ.
Засгийн газраас сар бүр 190 400 төгрөгийн тэтгэлэг авч байгаа тус хөтөлбөрийн суралцагчидын эхний ээлжийнхэн ирэх 9-р сард төгсөнө
Үндэсний, мэргэжилтэй ажилтнаа дадлагажуулах үйл- сэд хувь нэмрээ оруулагч дараагийн компани нь үндэсний үйлдвэрлэгч "Ган хийц" компани. 1985 онд Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр нэртэй байгуулагдсан компани жилд 6000 тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр 1992 оноос үйлдвэрлэл худалдааны "Ган хийц” хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагджээ. Монголын ууган компаниудын нэг энэхүү үйлдвэрт 15 дадлагажигч суралцаж байлаа. "Монголчууд юм хийж чаддаг болсон. Хэдий болтол юу ч чаддаггүйгээрээ цоллуулах вэ гээд харин ч илүү чармайсан. Манай компанийн хувьд "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”- ийн суралцагчдаас хүний нөөцөө бүрдүүлж, цаашид ч энэ мэтээр бэлтгэх болно" гэж компанийнхан ярив.
Дашрамд дурдахад, дээрх суралцагч залуус Засгийн газраас сар бүр 190400 төгрөгийн тэтгэлэг авдаг. Суралцагсдын эхний ээлж ирэх есдүгээр сард төгсч, дадлагажиж буй компанидаа үндсэн ажилтнаар үлдэх аж. Одоогоор нийслэлд 1277, орон нутагт 3308 суралцагч гэрээт компанидаа дадлагажиж байгаа. "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"- ийн дараагийн ээлжид 7283 иргэн бүртгүүлснээс 1968 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ орсон ажээ.