Ямар хүдэр байна, түүнд таарсан технологи хэрэгтэй
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн ШУ-ын доктор, Уул уурхайн технологийн профессор багш Я.Гомбосүрэнтэй төмөрлөг үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшингийн талаар ярилцаж, технологийн шийдлийн талаар байр суурийг нь сонслоо.
-Монгол улс төмөрлөг үйлдвэрлэлдээ хэрхэн анхаарч байсан болоод бид өнөөдөр төмөр хаалгаа ч үйлдвэрлэж чадахгүй байна вэ. Та учир шалтгааныг нь юу гэж бодож байна вэ. Бид чинь төмрийн хүдрийн нөөц хангалттай шүү дээ?
Ашиг сонирхолтой холбоотойгоор бид буруу замаар явж ирсэн.
-Ямар ашиг сонирхол вэ. Та тодруулахгүй юу?
Юуны өмнө мөнгө хармайлах гэсэн бизнес хийх сонирхол. Би зориуд буруу замаар явж байна гэж хэлэхийг хүссэн юм. Энэ талаар Махатма Гандигийн үгийг ишлэл болгоё.
“Хандах зүгээ зөв тогтоогоогүй хурд өсөлт тийм чухал биш”. Энэ үг өнөөдөр бидэнд хэлж байгаа мэт санагдана. Эдийн засгийн өсөлт өндөр байна, хоёр оронтой тоонд хүрлээ гэж байгаа нь өсөлт “маапаантай” байгааг харуулж байгаа. Ард түмэнд наалдах зүйл алга. Ер нь ашигт малтмалыг түүхийгээр нь гаргана гэдэг хөгжлийн ирээдүйн зам биш.
Урт настай зүйл ч биш. Төмрийн хүдрийг ялангуяа шууд ухаад л ачаад гаргаж байна. Гэхдээ баяжуулалт хийлгүй гаргаж байгаа нь хачирхалтай. Тээврийн зардал өндөртэй, 60 хувь нь хаягдал болдог байтал ийнхүү гаргаад байгаа нь нэг л учиртай.
Миний ойлгож буйгаар хоёр ашиг сонирхол бий бололтой. Нэгд: баяжуулалтаар дамжихгүйгээр шууд домен зууханд ордог өндөр агуулгатай баян хүдрийг нь сорчлон зөөгөөд байна. Энэ их хохиролтой. Ер нь хүдрийг дэлхий даяар олборлоод баяжуулж баяжмал болгоод, зууханд оруулдаг.
Төмрийн хүдэр
Манайд өндөр агуулгатай сайн чанарын хүдэр байгаа учраас баяжуулах үйлдвэрээр оруулалгүй, шууд домен зууханд оруулаад шууд төмрөө гаргаж авдаг учир биднээс авах сонирхол байх шиг байна. Хоёрт түүхий хүдэр маань худалдан авагчийн сонирхлыг татах үнэт хольц /дайвар ашигт хольц/ байх магадлалтай. Тэд юу ачаад байгааг бидэнд хэлэхгүй шүү дээ. Бид өөрсдөө технологийн лабораторын шинжилгээтэй байх ёстой.
-Манай улсад өндөр агуулгатай хүдрийн нөөц хаана байгаа вэ?
Гол түшиц нөөц Дархан, Сэлэнгийн хүдрийн дүүрэгт байгаа. Төмөртэйн ордод гэхэд 90 гаруй хувийн агуулгатай соронзон хад хүртэл бий. Тэр чигээрээ том цул төмрөн байгалийн бүтээгдэхүүн байна. Манай бүх нөөцийн 30-40 хувь нь өндөр агуулгатай хүдэр.
Миний түрүүн хэлсэн хоёрдох ашиг сонирхол бол түүхий төмрийн хүдэр дотор маш үнэтэй хольц, ашигтай дайвар байж магадгүй. Төмрийн хүдэр хичнээн өндөр агуулгатай байлаа ч 40 хувь нь төмөр гэж бодоход, 60 хувь нь хоосон чулуу. Тийм их хоосон чулууг тээгээд явах сонирхолтой байгааг бодоход бас нэг бизнесийн ашиг сонирхол байна гэсэн үг.
-Ямартай ч төмөр боловсруулах үйлдвэр барихаар засгийн газар эхний алхмаа хийж, үйлвэрийн шав тавилаа. Төмөр боловсруулалтад юуг анхаарах хэрэгтэй вэ?
Дарханы төмөрлөг боловсруулах үйлдвэр байгуулах санаа сайхан. Гэхдээ ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг нь асуудал. Бидэнд тийм үйлдвэр байгуулсан туршлага байхгүй. Гэхдээ судалж байгаа. Хятад, Орос гээд олон улс орон боловсруулах үйлдвэртэй. Манайх шиг төмрөө хайлуулахгүйгээр шууд ачдаг газар манайхаас өөр байхгүй.
-Боловсруулах үйлдвэр ямар технологийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр цахилгаан металлургийн технологиор явж байгаа. Төмрийн хүдрийг домен зуухаар оруулаад нэг хэсгийг нь гаргана, нөгөө хэсгийг нь янз бүрийн гангуудаа гаргаж авдаг. Ирээдүйн технологиуд шинэчлэгдэж улам сайжирч байгаа. Олон ч технологи байна. Ер нь бол ямар хүдэр байна, түүнд таарсан технологи тавих хэрэгтэй.
-Боловсруулагдсан төмрөөр ямар бүтээгдэхүүн хийх вэ. Тухайлбал?
Төмрөөс гадна эхлээд ширэм гарч ирнэ. Цагаан ба саарал гэж хоёр янзын ширэм байгаа. Энэ хоёр ширмээр татуургын яндан, хоолой, төмөр хавтан хийх нь тохиромжтой. Аль болох цөөн дамжлагтай, хялбар, шууд ашиглах бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
Төмөр боловсруулж, шатаахад гардаг шаараг, шлак гэсэн зүйлсийг хаялгүй, цементийн түүхий эд, бетон, замд хэрэглэж болно. Түүнчлэн төмрийн баяжмалаас гарах хаягдлаар байгалийн жинхэнэ хоргүй экологийн цэвэр брэнд будаг болгож ашиглана. Одоо бид хятадаас л их хэмжээний химийн будаг авч байгаа шүү дээ.
-Төмрийн хүдрийг баяжуулж, гангийн үйлдвэрт өгөх шат дамжлагтай. Ингэж байж бид төмөр эдлэлээ бүтээх боломжтой?
Ган төмөр утас байвал хадаасыг хялбар үйлдвэрлэх боломжтой
Нүүрстөрөгчтэй ган хамгийн өргөн хэрэглэгддэг. 0,3 хувийн нүүрс төрөгч агуулсан төмрөөр дээврийн төмөр хийц, ган хавтан хийдэг. Харин дунд зургийн нүүрс төрөгч 0,65 хувийг агуулсан төмөр замын рельс, сайн чанарын бүх төрлийн яндан хоолой, ган утас, машин төхөөрөмжийн эд анги хийх боломжтой.
-Төмрийн хүдрийн олборлолт баяжуулалтад байгаль орчин хэр сүйддэг вэ. Тэр үр дагаврыг та хэлж өгөөч?
Яггүй. Хаяж байгаа юм аль болох бага байхаар л тооцох хэрэгтэй. Заавал эргүүлж хаягдлыг нь сайн ашиглах хэрэгтэй ч дээр цухас хэлсэн дээ.
-Боловсруулалтын шатанд ажиллах боловсон хүчин хэр байгаа вэ
Байгаа. Бид ч бас бэлдэж байгаа. Ер нь МУ-ын хөгжлийг мэргэжилтэй хүний нөөц л шийдвэрлэнэ.