Н.Алагаа: Үйлдвэр барьж тоглож болохгүй
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай төмөрлөг үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Эрдэс баялгаа зөв ашиглах нь хамгийн их анхаарал татсан асуудал. Одоо баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхэд анхаарах чиглэлээр төр засаг чиглэх боллоо. Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж, судалгаа хийж байна. Таны байр суурь үүн дээр ямар байна вэ?
Төмрийн хүдрийн тухайд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд боловсруулах үйлдвэр, Сайншандад бас нэг үйлдвэр яриад байгаа. Сайншандад гэвэл дэд бүтэц байхгүй, усгүй учраас үйлдвэр барихад зовлонтой.
Судалгаа хийж байгаа нь маш зөв. Аливаа томоохон төсөл эдийн засгийн хувьд амьдрах чадалтай байх ёстой. Аль зах зээлд, ямар үнэтэй борлогдох вэ гэдгээ эцсийн эцэст бодох хэрэгтэй. Үйлдвэрүүдэд их хөрөнгө хаяж босголоо гэхэд худалдан авагч хангалттай биш бол яах вэ.
Эдийн засгийн үр ашгийг сайн тооцож, зах зээл, маркетингаа судална.
Эцсийн бүтээгдэхүүн, боловсруулах гэж байснаас зарим тохиолдолд баяжмалаар нь худалдсан нь хамаагүй ашигтай байх нь бий. Тухайлбал Австралийн экспортлогчид гэхэд төмрийн хүдрээ боловсруулалгүй гаргадаг. Тэгэхээр тухайн улс орон өөрийн зах зээлийн онцлог, бодлоготой хослуулж л шийдвэр гаргах ёстой юм.
-Улс орон дотооддоо төмрөө боловсруулдаг нь байх нь хэрэгтэй шүү дээ?
Ямар хувилбар нь тохирох вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Одоо зэс дээр гэхэд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьчихаар их хэмжээний түүхий эд материал, хөрөнгө оруулалт шаардах болно. Гэтэл энэ маань байгаль орчин их сөрөг нөлөөтэй, эрсдэл ихтэй байгаа юм.
Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулагч олдохгүй. Төр өөрөө гаргая гэхээр чадахгүй. Одоо манай хүнд үйлдвэрийнхэн нэгдээд консорциум байгуулж, төслөө урагшлуулахаар ажиллаж байгаа.
-Боловсруулах үйлдвэр барьсан туршлага бидэнд байгаа юу. Үйлдвэр баригдлаа гэхэд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах байдлаар хөгжүүлвэл алдагдалтай юу?
Үйлдвэрүүд бага хэмжээгээр туршиж байсан ч томоохон үйлдвэрийн туршлага байхгүй. Янз бүрийн олон технологи бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг номерт барилгын арматур, яндан хоолой, өнцөг төмрүүдийг үйлдвэрлэж дотооддоо нийлүүлж байгаа.
Гол нь хэрэгцээг зөв тооцоолж, таван жил, арван жилийн дараа бидний хэрэгцээ ямар байх вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.
-Олборлогч компаниудаа дараагийн шатанд гаргахын тулд яаж дэмжих хэрэгтэй вэ. Засгийн газраас төмөрлөг үйлдвэрлэгчидтэй бөөнцөг /үрлэн төмрийн хүдэр/ байдлаар хийе гэж ярьж байгаа юм билээ?
Хэрвээхудалдан авагчид хүсч байгаа бол болно. Гэхдээ яг хаана, ямар үйлдвэрт хэдий хэмжээний хэрэгцээ байгааг нарийн судлах шаардлагатай.
Боловсруулах үйлдвэрээ барихын тулд хөрөнгө оруулчихаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэчихсэн байтал тэр бүтээгдэхүүнийг нь илүү үнээр худалдаж чадахгүй бол хэцүү. Тэгэхээр бүтээгдэхүүнээ авах зах зээлээ хамгийн түрүүнд судлах ёстой.
Манай улс яг үнэндээ худалдан авагчид биднээс хамааралтай болж, их хэмжээгээр бүтээгдэхүүн авдаг болвол тэр цагт бид тоглогчид болно. Гэтэл одоо багахан хэмжээгээр нийлүүлсэнээ их юманд бодож, үйлдвэр барьж тоглож болохгүй.
-Төрийг муу менежер гэж шүүмжилдэг. Сүүлийн үед төр хувийн хэвшлийн түншлэлийг их ярьж, хувийн хэвшилд илүү бололцоо олгох нь зүйтэй гэж байгаа?
Төрийн зүгээс хувийнханд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох ёстой. Ашигтай байх боломжийг гаргах ёстой. Том төсөл дээр мэргэшсэн зөвлөх компаниудаар хийлгэх ёстой.
Төрийн дэмжлэг бол татвар, санхүүгийн бодлогоор л илрэх ёстой. бизнесийн харьцангуй төрөөс бага хамааралтай байдал, түншлэл гэдгийг хамтарч бизнес хийхийг хэлээд байгаа юм биш. Дор хаяж л эрх зүйн орчин тогтвортой, төлөхөд бололцооны татвартай, шинэ төсөл дээр урамшуулалтай байх ёстой.
Манайх гэтэл нэг төрийн албан хаагч компьютер дээр суугаад л хийж байгаа ш дээ.
Төсөл хэрэгжихгүй байвал бодлого дутаж байна гэсэн үг. Төмрийн хүдрийн хайгуул нэмэгдэхгүй бол бодлого дутаж байна гэсэн. үг. Том ордууд нээгдэх хүртэл Хятадын хоёр жилийн хэрэгцээг хангах нөөцөөрөө л яваад байх юм уу.
Манайх Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барина гээд л мөрөөдлийн жагсаалтууд гаргаад байгаа. Миний л мэдэхээр 1992 оноос хойш дөрвөн жил тутам мөрөөдлийн жагсаалт гаргадаг болсон. Үүндээ бүр дасчихсан. Асгатыг ашиглалтад оруулна гээд дэд бүтцийг нь шийдээгүй байж хөрөнгө оруулалт хий гээд байгааг ойлгохгүй байна.