Н.Адилбиш: Монголын авто зам гацаанд орчихоод байна
Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, авто замын зөвлөх инженер Н.Адилбиш
2013.06.17

Н.Адилбиш: Монголын авто зам гацаанд орчихоод байна

Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, авто замын зөвлөх инженер Н.Адилбиштэй ярилцлаа.

-Гуравдугаар сарын дундуур авто замын компаниуд ажилдаа гарахад бэлэн болчихсон байдаг үе. Гэтэл одоо ажилдаа гарах нь бүү хэл хаана ямар зам барих нь тодорхойгүй байгаа гэж байна?

-Он гараад нэг, хоёрдугаар сард гэрээнд гарын үсэг зураад гуравдугаар сард нүүлгэн шилжүүлэлтээ хийгээд дөрөвдүгээр сард авто замын ажил эхэлдэг шүү дээ. Замын ажил үндсэндээ нэгдүгээр сараас эхэлдэг. Гаднаас материал, машин техникээ олж ирнэ, бензин, шатахуун, битум, цементээ авна гээд бэлтгэл ажил их. Гэтэл өнөөдрийн байдлаар ганц ч км замын гэрээ хийгдээгүй байна. Улаанбаатар, улсын чанартай замууд, Зам, тээврийн яаманд ч ялгаа алга.

Өнгөрсөн намраас эхлээд сайд нар их сайхан зүйл ярьж эхэлсэн.

А.Гансүх сайд маань замчидтай тав, зургаа дахиа уулзаж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гурван удаа уулзсан, Хотын дарга Э.Бат-Үүл нэг удаа уулзсан. Ерөнхий сайд нэг удаа уулзсан. Ингээд уулзахаараа л “Мөнгө нь бэлэн байна. Та нар алив замаа бариад бай, бариад бай” гээд байсан.

Сая Монголын авто замчдын холбоо санаачлаад Зам, тээврийн яамтай хамтраад Монголын авто замчид юм хийж чаддаг аа, хэр хүчин чадалтайгаа, юу зохион байгуулж чаддагаа харуулах зорилгоор "Авто зам экспо-2013” үзэсгэлэнг зохион байгууллаа.

Сая Монголын авто замчдын холбоо санаачлаад Зам, тээврийн яамтай хамтраад Монголын авто замчид юм хийж чаддаг аа, хэр хүчин чадалтайгаа, юу зохион байгуулж чаддагаа харуулах зорилгоор "Авто зам экспо-2013” үзэсгэлэнг зохион байгууллаа. Тэдэнд хүрэлцэн ирсэн замчид, компанийн захирлууд, мэргэжилтнүүд, гадаадынхантай уулзахад маш өндөр сэтгэгдэлтэй байсан. "Замынхан мундаг хүчтэй болчихсон байна. Гадаадын компаниудаас дутах юм алга. Хэмжээгээрээ л жижигхэн болохоос биш гадаадын томоохон үзэсгэлэнгээс манайхны зохиосон яармаг дутах юмгүй байна” гэцгээж байсан. Үндсэндээ Монголын авто замчид зах зээлд шилжжээ, дэлхийн түвшинд хүрсэн зам барих чадвартай болж байгаа юм байна гэдгийг техник технологи, тавьсан илтгэл зэргээс нь хараад бэлэн болсон юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл замчид уралдааны замд гардаг морьд шиг сойлго уяа нь таарчихаад байна.

Гэтэл эхлүүлсэн ажил ганц ч байдаггүй. Сая Засгийн газар хэд хэдэн удаа хуралдлаа. Хэдийд нь зургаан аймгийн төвийг холбох зам барилгын ажлыг эхлүүлэх талаар ярьж, замын ажлын гэрээнүүд хийгдэх юм бол гээд бид чих тавиад чагнаад хүлээгээд байдаг.

-Яагаад замын ажил зогсонги байдалд хүрчихээд байгаа юм бэ. Үүнийг Зам, тээврийн яамныхныг дотооддоо учир зүйгээ олохгүй байгаатайгаа холбож тайлбарлах хүмүүс байна лээ?

-Яагаад замын ажил гацаад, гэнэт өртөг үнийн асуудлыг хөндөөд эхлэв гэхээр энэ бүхэн Зам, тээврийн яамны дотоодын асуудал юм байна. Яаманд стратеги, санхүүжилтыг хариуцсан хүмүүс нь хямд үнээр урт зам бариулчихъя гэсэн бодолтой байдаг. Гэтэл зам барьдаг, ажлыг нь хариуцдаг, хянадаг мэргэжлийн хүмүүс нь ямар ч байсан монгол орныг хурдан хугацаанд чанартай замтай болгоё гэсэн байр суурьтай байна. Ийм л хоёр өөр бодлоготой хүмүүс яаман дотроо ойлголцохгүй, А.Гансүх сайдад тал талаас нь буруу ойлголт өгөөд энэ хүнийг нэлээд хүнд байдалд оруулчихаад байна.

А.Гансүх сайд монгол орныг замжуулахын тулд төмөр зам дээр маш их хүч хаяж, авто зам дээр ч их анхаарч байна. Энэ хүнийг буруутгах арга алга, залуу хүний эрч хүчээр ажиллаж байгаа. Гэтэл яаманд нь ажиллаж байгаа зарим хүмүүс хутган үймүүлээд “Замын үнэ өндөр байна. Үүний тал үнээр нь зам барьчихна шүү дээ” гэх маягийн юм яриад байдаг. Ийм байдлаас болоод яаман дотроо биенээ ойлгохгүй байдалд хүрчээ. Энэ байдал нь явсаар Эдийн засгийн хөгжлийн яаманд буруу ойлголт өгөөд байна. Н.Батбаяр сайд замын салбарынхантай уулзахдаа “Мөнгө нь байна. Та нар ямар үнээр байх нь хамаагүй чанартай зам бариад өг” гээд байгаа хүн шүү дээ. Гэтэл ярьснаасаа ухарчихсан сурагтай явна.

Тэгэхээр хутган үймүүлэгчид, өөрөөр хэлбэл замын салбарын амьдралыг ойлгодоггүй хүмүүсээс болоод монголын замын салбарын ажил гацаанд орчихоод байна. Үнийн асуудлаас болоод замын бүх гэрээнүүд зогсчихлоо.

-Одоо нэн даруй үнийн асуудлыг цэгцлээд замын ажлуудыг эхлүүлбэл оройтоогүй биз дээ?

-Хэтэрхий оройтчихлоо. Өдийд гэрээнд аль хэдийнэ гарын үсэг зурчихсан, хүмүүс бэлтгэл ажлаа хийгээд явж байх ёстой. Говийн бүсэд зам барих компаниуд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлж болдог. Хэнтийгээс цааш зам барихаар бол мөн энэ хугацаанаас ажлаа эхлүүлдэг.

-Өнгөрсөн оны намраас эхлээд харьяа яам, Засгийн газрын зүгээс “Та нар өөрсдийгөө бэлд. Бид мөнгийг нь хангалттай гаргаж өгнө. Бэлэн бай” гээд байсан. Үүний дагуу замчид, үндэсний замын компаниуд бэлэн байдалд орчихсон, ажлаа хүлээгээд байгаа. Тийм үү?

-Тэгсэн. Яг үнэн. Г.Галилей “Тулах цэг олоод өгчих. Би дэлхийг хөдөлгөчихье” гэж хэлсэн байдаг. Үүн шиг л манай сайд, дарга нар “Та нар бэлэн үү. Ээ дээ, та нар хэцүү шүү. Бэлэн байгаарай. Бид мөнгө хөрөнгийг нь шийдээд өгнө. Та нар замаа барь” гээд л өнгөрсөн арав, арваннэгдүгээр сараас эхлээд л яриад байсан. Түүнээс хойш хичнээн ч уулзав даа. Уулзах тоолондоо л “Ээ дээ, та нар хэцүү. Бэлэн байна шүү” гэцгээдэг.

Монголын замчид ажилд гарахад бэлэн болсноо харуулахын тулд сая экспо зохион байгууллаа. Үүн дээр манай замчид өөрсдийгөө ямар чадалтай байгаагаа харуулсан гэж бодож байгаа. Гэтэл биднээс “Бэлэн үү” гээд асуугаад байсан нөхөд нь сураггүй болчихсон.

-“Авто зам экспо-2013” үзэсгэлэн яармагт холбогдох яамдын сайд, албаны хүмүүс оролцоогүй гэсэн байх аа?

Хотын захиргаанаас зам хариуцсан орлогч нь ирсэн. Зам, тээврийн яамнаас дэд сайд ирсэн. Гэтэл бидэнтэй хэд хэдэн удаа уулзсан жинхэнэ гол хүмүүс нь болох А.Гансүх, Н.Батбаяр сайд нар ирээгүй, байдаггүй. Нээлтийн ёслолд ч оролцоогүй.

-Монгол Улсын хэмжээнд зохиогдсон авто замын анхдугаар экспо байсан. Хотын захиргаанаас зам хариуцсан орлогч нь ирсэн. Зам, тээврийн яамнаас дэд сайд ирсэн. Гэтэл бидэнтэй хэд хэдэн удаа уулзсан жинхэнэ гол хүмүүс нь болох А.Гансүх, Н.Батбаяр сайд нар ирээгүй, байдаггүй. Нээлтийн ёслолд ч оролцоогүй. Уг нь бол экспо дээр зарим компаниудтайгаа гарын үсэг зураад ажилд нь шууд явуулах байсансан. Тэгж зохион байгуулж болох байсан. Тэгтэл юун ажил хийлгэх манатай, ярьж байснаасаа 180 градус эргэчихсэн, үнээ бууруул гэх маягийн юм яриад явж байна шүү дээ.

Нэг км замыг 800 саяаас нэг тэрбум төгрөгөөр барина гээд байна. Энэ чинь тухайн замын босдог үнэ биш юм. Нэлээд хангалттай үнэ тавьсан нөхцөлд замын үнэ хэмнэгддэг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлээр санхүүждэг. Тухайн компани замыг богино хугацаанд чанартай барихад хэр зардал гарах вэ. Тэрийг л өгдөг. Дэлхий нийтийн жишиг энэ. Манайхан нэг км замыг ийм үнээр барина гээд ойлгоод байдаг. Ийм биш

 800 саяас бага зардал гардаг. 700, 600 сая төгрөгийн ч зардал гарч болно. Миний бие Эрдэнэт-Булганы 53 км замын ажлыг хариуцуулж бариулсан. Тэгэхэд тэр замд 236 мянган ам.долларын хэмнэлт гаргасан.

50 км зам барихад ийм хэмжээний хэмнэлт хийж байна. Тэгэхээр 500 км зам барихад дөрвөн тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг. Бид одоо таван мянган км зам барина гэж яриад байгаа шүү дээ. 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж болох нь. Үнэ гэдэг бол харьцангуй ойлголт. Үнэ хөөцөлдөхөөр ажил төрөл хэзээ ч бүтдэггүй. Англичууд “Бид хямд юм авдаг баян хүмүүс биш” гэцгээдэг. Манайхан нэг их сүрхий чанар ярьчихаад замчдыг “Халтуур хийдэг, чанаргүй зам барьдаг, өргөн, нимгэнээс нь иддэг” гэж баахан цоллочихоод мөнгөн дээр болохоор луу унждаг. Ийм болохоор яаж чанартай зам барих юм бэ. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны чухал зорилго бол богино хугацаанд чанартай зам бариулах. Хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа хүлээж авангуутаа авто замын сэдвийг хөндсөн. Э.Бат-Үүл дарга тэр үед “Би хэзээ ч үнэ хөөцөлдөхгүй. Чанар, хугацааг л ярина” гэж маш ухаантай ярьсан нь үндсэндээ замын салбарын гол бодлогыг тодорхойлсон үг болсон юм.

Тэгтэл өнөөдөр үнэ яриад л хэлтэс, газрын хэдэн дарга, мэргэжилтнүүдийн үгэнд ороод сууж байна гэдэг бол Засгийн газар маань ямар харалган бодлогоор муу ажиллаж байна вэ гэдгийн ил тод жишээ болчихоод байна.

-Улсын төсөв батлагдахад л замын ажлын хөрөнгө оруулалт шийдэгдчихдэг биш билүү?

-Төсвийн хууль гарчихсан. Төсвийн хуулинд бага үнээр суучихсан гэж тайлбарлаж байгаа юм. Хөгжлийн банкны мөнгө чинь Төсвийн хуулиас сүүлд орж ирсэн шүү дээ. Бондынхоо асуудлыг бид яриад байна.

-Энэ жил хийгдэх ажлууд цалгардах нь мэдээж боллоо гэж ойлгож болох нь. Өнгөрсөн жил хийгдээд үргэлжлүүлэх ёстой байсан ажлууд ч мөн орхигдох нь уу?

-Сүүлийн гурван жил манай замчид ажилгүй байсан гэж болно. 2011 онд их бүтээн байгуулалт гээд л сүржигнэсэн. Ямар ч үр бүтээлгүй, ганц нэг замын ажлыг эхлүүлсэн болоод л орхисон. Дараа жил нь мөн ялгаагүй. Сонгуулийн өмнө хэд хэдэн аймгийн төвийг холбоно гэсэн, байдаггүй. Сонгуулийн шоу болоод өнгөрсөн. Энэ жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэсэн. Гэтэл эдгээр аймгуудыг холбох ажлын хугацааны дөрвөн сар нь өнгөрчихлөө.

-Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 2016 он гэхэд бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэдэг нь бүтэхгүй нь ээ?

-Ийм маягаар ажиллабал хэзээ ч холбохгүй. Ингэж ажиллабал өнөө жил зургаан аймгаа ч холбохгүй, 2016 онд гэхэд бүх аймгаа ч холбож дуусахгүй.

-Алтанбулаг-Замын-Үүдийн олон улсын чанартай хурдны замын ажил юу болж байгаа вэ. 2015 онд ашиглалтад орох юм гэсэн. Төсөв мөнгө нь шийдэгдчихээд байгаа юм уу?

1000 км замыг гурван жилийн дотор барина гэдэг хэцүү.

-Би энэ талаар бусад хүмүүстэй ижилхэн л мэдээлэлтэй байна. Зурагтын мэдээллийн хөтөлбөрийн доогуур урсдаг мэдээнээс Алтанбулаг-Замын-Үүдийн 1000 км замыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад өгөх юм байна. 3.5 тэрбум ам.доллароор баригдах юм байна гэдгийг уншлаа. Замын инженер хүний хувьд үүнд итгэлгүй байна, өнөөдрийн байдлаар. 1000 км замыг гурван жилийн дотор барина гэдэг хэцүү. Энэ замыг барих техник, эдийн засгийн үзүүлэлт нь хаана вэ. Зураг төсөл, хөдөлгөөн зохион байгуулалт нь хаана байгаа юм, бүү мэд. Энэ зам хаагуур явах юм бэ гээд бүх зүйл нь тодорхойгүй. Би зөвлөх инженер хүн болохоор холбогдох яам, газраас замтай холбоотой гарч байгаа техникийн бичиг баримтуудыг аль болох олж үзэхийг оролддог. Тийм материалыг би олж үзээгүй. Надад олдоогүй байхыг үгүйсгэхгүй.

Ямар компани нь хаанаасаа ямар мөнгө гаргаж ирээд ийм зам барих гээд байгаа юм бол.

Энэ замыг барих нь зөв. Гэхдээ бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй сенсаацилж байгаа юм шиг санагдсан. Харьяа яаман дээр яригдсан бол бид мэдэх байсан. Ярьж байгаа нь утоп маягтай юм. Шаардлага байна уу гэвэл байгаа. Гурван жилийн дотор дөрвөн урсгалтай, өндөр хурдны зам барина гэдэг бол хэцүү.

-Замын салбар бүхэлдээ ийм гацаанд орчихоод байгаад та зөвлөх инженерийн хувьд цаашид юу хийвэл зүйтэй гэж бодож байна?

-Ахмад инженерийн хувьд ийм байдалтай байгаад үнэндээ харамсч байна. Би хувь хүнийхээ хувьд Шинэчлэлийн Засгийн газрын тавьж буй зорилтуудыг маш их дэмждэг. Тэгэхдээ ийм аргаар урагшлахгүй. Энэ бол бүтэхгүй биш бүтэх санаа байсан. Энийг бүтээхгүй, хийлгэхгүй гэсэн улстөрийн хүчин, тийм бүлэглэл байх шиг байна. Тийм учраас замчдадаа уриалмаар байна. Үүнийг ингээд яриад орхичихож болохгүй. “Өдрийн сонин”, МҮОНТВ зэрэг нэлээд хүчтэй дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үндэсний компаниудын удирдлагууд ярьж эхлээч ээ. Бид ямар ч байсан эх орноо замжуулна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ тэмцэнэ, зүтгэнэ. Саад болж буй бүхнийг холдуулж зайлуулцгаая гэж хэлье.