Бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалт болов
Монголын бизнесийн зөвлөлийн сар тутмын уулзалт 6 сарын 24-нд болов.
2013.06.25

Бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалт болов

Монголын бизнесийн оролцогч талуудын түншлэл болох Монголын бизнесийн зөвлөлийн сар тутмын уулзалт өчигдөр боллоо.

Тус уулзалтаар Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Такенори Шимизу “Монгол Японы эдийн засгийн харилцааны талаар, “Мандал даатгал” ХХК-ны захирал Ө.Ганзориг Монголын эрсдлийн талаар, “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Сумати сонгуулийн талаар, Оксфорд Бизнес группын орон нутаг хариуцсан захирал Яана Станкова сэтгүүлийн талаар тус тус илтгэл тавьсан юм.

Энэ үеэр нэгэн баяртай үйл явдал болсон нь 2012 оны шилдэг ажил олгогч компаниар Голомт банкыг шалгаруулсан явдал байв.

Топ компаниудын жагсаалт

Хамгийн эхний илтгэлийг Оксфорд Бизнес группын орон нутаг хариуцсан захирал Яана Станкова тавив.

Тус групп нь хэвлэлийн бизнес эрхэлдэг бөгөөд хөгжиж буй улс орнуудын нийгэм эдийн засгийн байдлын талаар судалгаа хийж, илтгэл гаргадаг сэтгүүл ажээ. Одоогийн байдлаар 2014 онд манай улсын талаар илтгэл гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тус илтгэлд манай улсын боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлд мэдээлэл гарах ажээ.

Түүнчлэн монгол улсад бизнес эрхлэх боломж хэр байна вэ, хөгжлийн асуудал зэргийг тусгана. Тус группын шинжээчдийн баг дээрх сэдвээр илтгэл гаргахын тулд бүтэн 6-8 сарын турш ажилладаг гэдгийг захирал Яана Станкова хэлэв. Түүний танилцуулга илтгэлийн дараа тус групп Бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.